Улс төр
“Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Буянт сүргийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч, малчин бүсгүйчүүд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжуулан хөгжүүлж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээж байгаа малчин бүсгүйчүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 305 мянга гаруй байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2022 оны байдлаар 71 саяд хүрч, сүүлийн 32 жилийн дотор 45 саяар өсөөд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо уялдаа холбоотой Монголын ард түмний аж амьдрал, оршин тогтнохуйн аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар өрнүүлж байна.
Эдгээр үндэсний хэмжээний бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбар, малчин түмний оролцоо чухал юм.
Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч Та бүхэн өвсний соргог, усны тунгалгийг даган малаа идээшлүүлдэг эрүүл хүнс үйлдвэрлэгчид учраас малын мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад Та бүхний хөдөлмөр, зүтгэл нэн чухал юм. Тиймээс уламжлалт нүүдлийн мал аж ахуйд орчин цагийн техник, технологийг нэвтрүүлэх, дайвар түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэлэмжийг дээшлүүлэхэд малчин эмэгтэйчүүд тэргүүлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөртэй, тогтвортой үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд малчин эмэгтэйчүүд Та бүхний хүчин зүтгэл хэрэгтэй билээ.
Ялангуяа, малын тоо толгой бус чанарт нь анхаарах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөхөд гаргасан санал санаачилга бүрийг дэмжиж ажиллах нь төр засгийн үүрэг байх болно.
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ. Нийт малчдын 41.7 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурджээ.
Малчин эмэгтэйчүүд мал маллах, малын ашиг шимийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох өдөр тутмын ажилд ихэнх цагийг зориулдгаас нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй, мөн хуулиар олгогдсон сонгогдох эрхийн талаарх мэдлэг ойлголт сул, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүйгээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байгаа тухай судалгаа байна.
Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-гаар 119 мянган малчин эмэгтэйн гуравны нэг нь буюу 40 хүрэхгүй мянга нь нийгмийн даатгалд хамрагджээ. Газар зүйн хувьд алслагдмал, мал хариулах хүн хүч дутмаг, хөрөнгө санхүүгийн тогтмол орлого байхгүй, мэдлэг, мэдээлэл хомс байдгаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй зэрэг бэрхшээлийн улмаас малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна.
Тиймээс малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урамшууллын тогтолцоо бий болгох, амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлөлтийн хугацааг ноос ноолуур, мал нядалгааны үе зэрэгтэй уялдуулан төлөх боломж бүрдүүлэх, төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх явуулын үйлчилгээ бий болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй.
Эргэх дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж амьдардаг малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхийн асуудал хөндөгдөж байгааг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд анхаарч тэднийг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахгүйгээр мал аж ахуйн салбарын бүтээмж дээшлэхгүй, шинэ залуу малчдын халаа тасалдах аюултай тулгараад байна.
Малчдын мэдлэг, чадавхыг сайжруулах сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь мал аж ахуй эрхлэх арга барил боловсронгуй болж, шинэ мэдлэг, техник, технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэвшил гарах учиртай. Уламжлалт мал маллагааны өвийг тээсэн, орчин цагийн шинжлэх ухаан технологийн чадамж бүхий мэргэжилтнийг бэлтгэн хөгжүүлэх зорилгоор хэрэгжиж буй хөтөлбөрт цахимаар болон танхимаар хамрагдах боломжийг малчин эмэгтэйчүүдэд бүрдүүлэх нь зүйтэй.
Малчдын залгамж хойч үеийг бэлтгэх, малчдыг чадваржуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдааг хангах шаардлага байгаа нь салбарын яамд, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч зайлшгүй хэрэгжүүлэх ажлын нэг юм.
Улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөнд оролцож буй Та бүхэн өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа илэн далангүй ярилцаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог дэнслэн гарц шийдлээ тодорхойлон үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт Төрийн тэргүүн итгэж байна.
Монгол Улсын 21 аймаг, 330 сумын малчин, охид эмэгтэйчүүдийг оролцуулсан “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ