Нийгэм
Б.Түвшинжаргал: Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүн импортлоход төлж буй 1.1 тэрбум ам.долларын 55 хувь нь дотоодод үлдэнэ
Монгол Улсын газрын тосны нөөц, хайгуул, шинээр зарлаж буй талбай, түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төслийн явцын талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул ашиглалтын газрын дарга Б.Түвшинжаргалтай ярилцлаа.
– Ярилцлагаа, газрын тосны салбарт бизнес эрхэлж буй гадна, дотны аж ахуйн нэгжүүдэд сурталчилж буй нээлттэй сонгон шалгаруулалтын талаархи мэдээллээр эхлэх үү?
– Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, УИХ-аас баталсан шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор эрэл хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, нөөцийг өсгөх томоохон зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу удахгүй ашиглалтад орох газрын тосны үйлдвэртэй хамгийн ойр байршилтай таван талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласныг та бүхэн дуулсан байх. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард эхний таван талбайд тендер зарласан. Өнөөдрийн байдлаар хоёр компани хоёр талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлсэн тул үзэж танилцаад гэрээний төслийг УУХҮЯ-нд хүргүүлээд байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Журмын дагуу эхний оролцогч саналаа ирүүлснээс хойш 60 хоногийн дотор сонгон шалгаруулалтын үнэлгээг хийдэг. Сонгон шалгаруулалтад материал ирээгүй тохиолдолд зарлагдсан талбай нээлттэй хэвээр үлддэг. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт татахын тулд манай агентлагийн төлөөлөгчид Сингапурт зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн газрын тосны 43 компани оролцсон олон улсын чуулга уулзалтад оролцож, Монгол орны газрын тосны нөхцөл байдал болоод зарлагдсан таван талбайгаа танилцуулсан.
– Газрын тосны салбарын хөгжил 80 жилийн түүхтэй ч өнөөдрийг хүртэл боловсруулах үйлдвэргүй, орж ирсэн жаахан валютаа газрын тосны бүтээгдэхүүний импортын төлбөрт тавиад туучихдаг. Харин одоо жаахан тэвчихвэл үйлдвэртэй болох сураг дуулдсаар жил гарангийн нүүр үзлээ. Үйлдвэр барих нэг хэрэг технологийн шаардлагыг хангах нөөц байна уу, ингэхэд?
Үйлдвэр тун удахгүй, тодруулбал 2025-2026 онд ашиглалтад орно. Үйлдвэр хүчин чадлаараа ажиллахад жилд 1.5 сая тонн түүхий тос шаардлагатай. Гэтэл бид жилд 700 мянга орчим тонн түүхий тос олборлодог. Тэгэхээр цаана нь 800 мянган тонн газрын түүхий тосны хэрэгцээ шаардлага үүсч буй. Үйлдвэрээ түүхий эдээр таслахгүйн тулд дээр дурдсан үйлдвэртэй ойр таван талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан хэрэг. Түүхий эдээс гадна бидэнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг хэлэх нь зөв байх. Батлагдсан нөөцийн тухайд 330 сая тонн, үүнээс ашиглалтын батлагдсан нөөц 43.4 сая тонн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан тайланд бичигдсэнээр бол 9.9 сая тонныг нь ашигласан, одоо 34.4 сая тонны нөөц бий. Тиймээс үйлдвэр ашиглалтад орохоос өмнө яаралтай нөөцөө өсгөх шаардлагатай байгаа. .Үйлдвэр ашиглалтад орж 1.5 сая тонн газрын тос боловсруулж, зах зээлд нийлүүлэхэд Монгол Улсын дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг хангах гэсэн үг. Өнгөрсөн 2021 онд манай улс гадаадаас 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж, үүнийхээ төлбөрт 1.1 тэрбум ам.доллар гадагш шилжүүлсэн байдаг. Үйлдвэр ашиглалтад орсноор дээрх төлбөрийн 55 хувийг дотооддоо авч үлдэх боломж бүрдэх юм.
– Газрын тосны эрэл хайгуулын ажил эдийн засгийн чадавхи ихээхэн шаарддаг тул тэр бүр давхиж ороод байдаггүй гэж салбарын акулууд хэлэх юм билээ. Тийм учраас манай улс өнөөдрийг хүртэл өөрийн гэх ганц ч өрмийн цамхаггүй яваа биз. Үйлдвэр ашиглалтад орохоор хүссэн хүсээгүй шинэ ордын эрэлд мордох байх. Энэ жилийн тухайд улс хөрөнгө мөнгийг нь даагаад хайгуул хийх, нөөцөө нэмэгдүүлэхээр төлөлөсөн зүйл байна уу?
-Газрын тос нь эрсдэл ихтэй, маш их хөрөнгө оруулалт шаарддаг том салбар. Манай дотоодын компаниудын тухайд хөрөнгөө гаргаад эрэл хайгуул хийх боломж байхгүй шахам. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт гэж онцлоод байгаа хэрэг. Нөөцийн хайгуулын ажлын тухайд өнөөдрийн байдлаар газрын тосны салбарын Бүтээгдэхүүн хуваах нийт есөн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буй. Гэвч 2020-2022 онд цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон ч 2022 онд хоёр компани үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нэлээн сайн ажилласан. Тухайлбал, 2D чичирхийлэл судалгааны ажлаа дуусгасан одоо үргэлжлүүлэн 3D чичирхийлэл болон өрмийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
– Түүхий тосоо экспортлоод, эргүүлээд маш өндөр үнээр бүтээгдэхүүн импортлодог манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр стратегийн чухал ач холбогдолтой төсөл байх нь мэдээж ?
– Үйлдвэрийн асуудлыг УУХҮЯ хариуцан ажиллаж буй. Ямартай ч 2025-2026 онд ашиглалтад орно гэж тооцоолсон. 2014 онд батлагдсан Газрын тосны тухай хуульд Монгол Улсад газрын тос олборлож байгаа компаниуд эхний ээлжид тухайн өдрийн дэлхийн зах зээлийн үнээр газрын тосны үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлээд 1.5 сая тонноос илүү гарсан нөхцөлд өөрсдөө экспортлох хуулийн зохицуулалттай. Тиймээс гадна дотны гэлгүй бүх компани эхний ээлжид “Монгол газрын тосны үйлдвэр”-т бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэж ойлгож болно.
– Гаднаас түүхий эд авах шаардлага үүсч магадгүй гэж салбарын эрдэмтэд хэлж буй. Энэ тухайд та юу хэлэх вэ?
– Тийм байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд эрэл хайгуулаа эрчимтэй хийх, нөөцөө өсгөх, хөрөнгө оруулалт татах, олборлолтод олон компани татан оролцуулах бодлогыг УИХ, Засгийн газраас баримтлан ажиллаж байгаа.
– Гадны компаниуд газрын тосны салбар руу яагаад хошуурахгүй байна. Хууль эрх зүйн орчин нь таатай бус байна уу, эсвэл?
– Бид дөнгөж л талбайгаа зарлаж байна. Дорнод аймагт БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компани, Дорноговь аймгийн Зүүнбаянд “Доншен газрын тос” компани олборлолт хийж байгаа. Харин “Петроматад”-ын тухайд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж буй. Тодорхой хэлбэл, үндсэндээ гурван компани олборлолтын чиглэлд үйл ажиллагаа явуулж байна аа гэсэн үг. Цаашид илүү олон компанийг энэ чиглэлд татахын тулд л олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын талбайгаа зарласан хэрэг. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдод хандан сурталчилгаа явуулж, боломжит нөхцөлүүдээ таниулж байна. Манай салбарт гадаадын хөрөнгө оруулагч тийм ч олон биш. “Петрочайна Дачин Тамсаг” компани 2005 оноос хойш төслийн явцдаа 3.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд, өнөөдрийн байдлаар 950 сая ам.доллароо нөхөөгүй хасах баланстай явж байна. Энэ мэтчлэн компаниуд олборлолтоо нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгаа өсгөх чиглэлээр тооцоо судалгааг хийгээд явж байгаа гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр, Газрын тосны тухай хууль 2014 онд батлагдсан. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд манай салбарт багагүй өөрчлөлт гарлаа. Мөрдөгдөж буй эрхзүйн орчныг муу гэж хэлэхгүй ч сайжруулах, засч залруулах, тодорхой болгох шинэ зохицуулалтууд зайлшгүй шаардлагатай байгаа. УУХҮЯ дээр Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдаж, эхний төслөө бэлэн болгосон. Удахгүй олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн төслөө эрдэмтэн судлаачид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж саналыг нь авах байх. БНХАУ-ын тухайд Эрээний, Хайлаарын гээд урд хил дамнасан газрын тосны томоохон бассейнуудад олборлолт хийж буй. Эндээс харахад манай урд хилийн бүст нөөц байна гэж дүгнэж болох ч харамсалтай нь манайх тэрхүү том бассейнуудаа улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тиймээс тэнд ямар нэгэн эрэл хайгуул хийх боломжгүй. Гэтэл урд хөрш маань манай хилээс 150-хан метрт олборлолтыг маш эрчимтэйгээр хийж байгаа нь бидний сэтгэлийг түгшээх болсон. Ер нь эрсдэл ихтэй энэ салбарт ГХО-ыг татах нь хамгийн үр дүнтэй бөгөөд зөв сонголт юм.
–Энэ онд газрын тосны хайгуул, судалгаа шинжилгээний ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ.
-Өнөөдрийн байдлаар дандаа хувийн хөрөнгөөр буюу ГХО-тай компаниудын хийсэн судалгааны ажлын үр дүнд илрээд, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авсан нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулна. Үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд нөөц төдийлөн нэмэгдээгүй. Хайгуулын талбайн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг эрчимтэй зарлан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Таны асуултад хариулахад, хэр хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой бус байгаа. Ямартаа ч эхний зарласан таван талбайгаас хоёрт нь БХГ байгуулах хүсэлт ирсэн. БХГ байгуулбал, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт, хэдэн жилийн хугацаатай орж ирэх вэ гэдэг нь тодорхой болно. Одоо байгаа бүтээгдэхүүн хуваах есөн гэрээний үр дүнд нэлээд ажил хийгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэх дүр зураг харагдсан. БХГ-ний хэд хэдэн хувилбар байдаг. Монгол Улсын Засгийг газар нэг ч төгрөг гаргахгүй, ямар ч эрсдэл үүрэхгүй, харин ГХО-д өөрсдийнхөө эрсдэлийг зуун хувь үүрч энэ салбарт орж ирж байгаа . Энэ зарчмыг хамгийн боломжийн хувилбар гэж үзэж байгаа. Тодруулбал, хөрөнгө оруулагч нийт гаргасан зардлынхаа 40 хувийг өртгөө нөхөх зардал гэж үзээд үлдсэн тосоо, Засгийн газартай хуваах юм.
-Манай улс өрмийн цамхаггүй байгаа нь бүх эрсдэл даах үндсэний компани байхгүйтэй холбоотой юу?
-Тэгж ойлгож болохгүй. Дотоодын нэлээн хэдэн аж ахуйн нэгж БХГ байгуулан ажиллаж байна. “Макс ойл”, “Шунхлай”, “МТ”, Мак зэрэг үндэсний компаниуд энэ салбарт хүч үзэн ажиллаж байгааг онцлох ёстой байх. Зарим аж ахуйн нэгжийн тухайд үйл ажиллагааны зөвшөөрлөө авсан ч ажлаа эхлүүлж чадахгүй байгаа. на. Тухайлбал, МТ. Аль 2018 онд зохих дүрмийн дагуу ажиллах зөвшөөрлөө авсан ч аймаг, орон нутгийн удирдлагууд саад учруулж зөвшөөрөл олгохгүй байгаа нь төр, засгийн бодлого шийдвэрийн эсрэг ажиллаж байна гэж ойлгогдож буй. Уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн хөшүүн, амбиц хөөсөн удирдлагууд саад болсоор ирсэн.
-Газрын тосны салбарт ажиллаж байгаа ААН-үүд менежментийн төлөвлөгөө батлуулж байж зөвшөөрлөө сунгуулдаг юм билээ. Энэ шалгуур ААН-дэд таалагддаг болов уу?
– Газрын тосны салбар нь өөрөө их онцлогтой. Хоёроос гурван мянган метрийн гүнд байгаа тосыг илрүүлж олоод олборлож зах зээлд борлуулна гэдэг мэргэшлийн өндөр түвшин шаарддаг. Мөн их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг. Тиймээс энэ салбарт мэргэжлийн түвшний, хөрөнгө санхүүгийн чадвар, чадамжтай, өөрийн гэсэн техник технологитой, ажиллах хүчний нөөц боломжтой компаниуд л орж ирнэ. Үүгээрээ онцлог, түүнчлэн Өүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллаж байгаа компаниуд маань жил бүр ажлын тайлангаа гаргаж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг баталж жилийн уулзалт хийдэг. Гэрээ байгуулахдаа л гол гол нөхцлүүдээ тохирсон байдаг.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдэгт эргэлзэх хүн олон байна. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Үйлдвэр барих нь хамгийн чухал. Өнгөрсөн онд дизель түлшний нийлүүлэлт сар орчмын хугацаанд доголдож асуудал үүссэн. Түлш ачсан вагон ОХУ-ын нутагт гацахад л манай улсад шатахууны хомсдол үүсэх жишээтэй. Энэ нь бид зуун хувь гадны улс орноос хараат байгаагийн илрэл. Үйлдвэр баригдсанаар ядаж л дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг хангаж, үлдсэнийг нь импортоор авна. Энэ бол хамгийн зөв бодлого. Газрын тос боловсруулах анхны үйлдвэр гэдгээрээ алдаа оноотой байж мэдэх ч манай залуучууд энэ чиглэлээрээ сурч дадлагажина, шинэ боловсон хүчин бэлтгэгдэнэ. Тиймээс энэ цаг үед зайлшгүй хийх зүйлийн нэг нь боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах явдал. Боловсруулах үйлдвэртэй болсноор улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдал гэх мэт олон томоохон чухал зүйлс баталгаажина гэж бодож байна. Нөөцийн тухайд жилд 700 мянган тонн газрын тос олборлодог. Тиймээс төр, засгийн зүгээс нөөцөө өсгөх чиглэлд онцгойлон анхаарч энэ салбарт томоохон бодлого, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд манай агентлаг нэлээд олон талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж нөөцөө өсгөж, олборлолтоо нэмэгдүүлэх зорилт тавьсан. Олборлолт явуулж байгаа компаниудаа бодлогоор дэмжинэ. Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” компани гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудалтай. Засгийн газраас Шадар сайд С.Амарсайхан болон Хууль зүйн дэд сайд Б.Солонго нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй эцсийн байдлаар тохиролцох байх. Энэ тохиолдолд тус компани ч хөрөнгө оруулалт, хайгуул, олборлолтоо нэмэгдүүлнэ.
– “Петроматад” компанийн хувьд газрын тосны 20 дугаар блок дээр тусгай зөвшөөрөлтэй хэдий ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж дуулсан?
– “Петроматад” компани 2021 оны долдугаар сард Матад 20 талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан. Гэвч мөнөөх л орон нутгийн удирдлага, болон иргэдээс шалтгаалаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадаагүй байна. Дорнод аймгийн ИТХ, Засаг дарга, Матад сумынхан удаа дараа хурлаа хийсэн ч газар ашиглах зөвшөөрлийг нь олгодоггүй, үйл ажиллагааг нь ч эхлүүлдэггүй. Гаднын хөрөнгө оруулагчид нь гайхаад л. Манай агентлаг, Петроматадынхан нийлээд энэ асуудлыг хөөцөлдөж байгаа. Техник, тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн. Ажлаа эхлүүлчихвэл тодорхой хэмжээний тос олборлох нөөц, боломж бүрэн байгаа ч орон нутгаас шалтгаалан ажил нь гацаад, зогссон байх жишээний.
-АМГТГ-аас тусгай зөвшөөрлийг нь олгосон байхад дээр нь орон нутгийн удирдлагаас газар ашиглах тусгай зөвшөөрөл авах шаардлагатай юм уу?
-Газар ашиглах гэрээ байгуулдаг. Гэтэл орон нутаг гэрээгээ ч байгуулдаггүй, ус ашиглах зөвшөөрлөө ч олгодоггүй, ажлыг нь ч эхлүүлдэггүй, хийлгэдэггүй гацаадаг.
-Газрын тосноос гадна метан хийн чиглэлд Австралийн компаниуд түлхүү орж ирсэн байна лээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу метан хий олборлох, хайгуул хийх талбайг нэмэгдүүлэх боломж бий юу?
– Метан хийн хувьд өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүн хуваах зургаан гэрээ байгаагаас Австралийн таван компани хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байна. Хамгийн тод жишээ нь Өмнөговь аймгийн Номгон IX талбайд Австрали улсын Голден Хорд Лимитэд компаний зуун хувийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” компани өнгөрөгч арваннэгдүгээр сард туршилтын олборлолтоо эхлүүлсэн. Ямар ч байсан метан хийгээ гаргаж бамбардсан. Одоо туршилтаа хийгээд нөөцөө тогтооно. Мөн “Тэлмэн ресурс” компани туршилтын цооногоо өрөмдөөд, олборлолтоо хийх гэж байна. Газрын тосны салбарыг бодвол метан хийн салбарыг гадаадын тэр дундаа Австралийн хөрөнгө оруулагч компаниуд маш их сонирхож байгаа. Дахиад нэг компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар материалаа өгснийг бид хянаж буй.
-Метан хий байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ямар байдлаар илэрдэг вэ?
-Газрын тос болон метан хийн хайгуул, олборлолт байгаль орчинд ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй. Орон нутаг, аймгийн Засаг дарга нар нь төр, засгийн бодлого шийдвэрээ биелүүлдэггүй, дэмждэггүй. Энэ л хамгийн хүндрэлтэй асуудал. Нэг сумын Засаг дарга юм уу, нэг малчин өрх дээр төр, засгийн бодлого шийдвэр унаж байна. Мөн иргэний хөдөлгөөний нөхдүүд компаниудын үйл ажиллагаанд маш их саад болдог. Тухайлбал, энэ оны долдугаар сард гэхэд л Дорнодын иргэний хөдөлгөөний н.Адилбиш гэх бүсгүй “Петрочайна Дачин Тамсаг” компаний тээвэрлэлтийн замыг ес хоног хаасан. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр өдөрт нэг тэрбум төгрөг гэхээр есөн тэрбум төгрөг манай улсын төсөвт ороогүй гэсэн үг шүү дээ. Бид иргэний хөдөлгөөнийхөнд “Та нар хууль дүрмийнхээ дагуу зөвшөөрлөө аваад шаардлагаа тавиад, жагсаалаа хийж болно. Харин компаниудын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй, хүний өмч хөрөнгөд халдаж болохгүй” гэж хэлдэг. Иргэний хөдөлгөөнийхөн хуулийнхаа заалтыг баримтлахгүй, хууль зөрчиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тасалдуулж, итгэх итгэлтийг алдуулж байгаа нь бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал болоод байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр15 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент4 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ