Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг Корпорэйт конвеншн центрт эхэллээ.
Чуулган нь хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.
Чуулганаар “Усны салбарын тулгамдсан асуудлууд”, “Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл”, “Ус ба тогтвортой хөгжил”, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн явц, анхаарах асуудал”, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалт ба уул уурхай” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож байна.
Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,
Гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын зочид оо,
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцогч эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Дэлхийн усны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж, дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн.
НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хоёр тэрбум буюу дөрвөн хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.
Манай орон далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсын нэг юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэсээр буйг олон судалгааны дүнгээс харж болно.
Ирээдүй хойч үедээ хүрэлцээтэй, чанарын шаардлага хангасан цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд бүх нийтээрээ гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал, зуршлыг бий болгох нь урьд урьдынхаас илүү онцгой чухал болохыг цохон тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, мөстөл, мөсөн гол, цэвдгийн алдрал эрчимжиж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж байгаа тул усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулахад дэлхий нийтээрээ онцгой анхаарал хандуулж байна.
Тиймээс гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглож, гол мөрний эх, татмын ойг нөхөн сэргээх, ойн талбайг нэмэгдүүлэх замаар усны нөөцийг бүрдүүлэх, хамгаалах шаардлага нэн чухал байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд АНУ-д айлчлахдаа Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурснаар улсдаа анх удаа ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах, Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, хотын хэрэглээний усны нөөцийг хэмнэх цогц хөтөлбөрийг эхлүүлж байсан билээ. Энэ ташрамд, АНУ, ард түмэн болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд талархал илэрхийлье.
Өнөөдөр энэ хөтөлбөрийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалах, ус бохирдуулах эрсдэл үүсгэж буй живсэн усан онгоц, машин техникийг татан гаргаж эхэлсэн бөгөөд 2024 он гэхэд бүрэн дуусгана.
Мөн Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нуурын усны бохирдол, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишгийн дагуу тогтмолжуулах ажлуудыг хийж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, тал, хээрийн бүс нутгаар урсан өнгөрч, хүн, малын ундны эх үүсвэр болж, олон аймгийн нутаг дэвсгэрийг дамжин урсдаг Орхон, Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүлж, сав газрын хэмжээнд голын хамгааллын жишиг загвар бий болгохоор ажиллаж байна. Энэ ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байгаагийн томоохон зорилго нь ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх юм.
Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 10 сая мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 13 орчим тн-д хүрч, тарьц, суулгацын нөөц 51 саяд хүрлээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
Мөн ойн салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх чиглэл бүхий Ойн газар ажиллаж байна.
Өнөөдрийн чуулганаар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор “Ногоон хөгжил”-ийг хангахад чиглэсэн олон суурь асуудлыг хөндөж, дараах чиглэлүүдээр тодорхой ойлголцол, гарц, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Үүнд:
- Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.
- Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологи нэвтрүүлэх шаардлагатай.
- Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
- Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал, хээрийн бүс нутагт ус хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь зүйтэй.
Эрхэм хүндэт нөхөд өө, салбарын ажилтан, албан хаагчид аа,
Бид “Ус-Чандмань эрдэнэ” хэмээн шүтэж, гол мөрөн, горхи, булгийнхаа эхийг хамгаалж, усны нөөцөө хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай билээ.
Иймээс 2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалж байна.
Усны салбарын бодлого, зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олон, Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэж байна.
Сайхан эх орныхоо байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, улмаар үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх, усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр, засаг, ард түмнээрээ нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.
Уудам Монгол орны минь ус нь тунгалаг, урсгал нь арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав