Улс төр
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгож, Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 77.3 хувь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Нямаагийн Энхболдыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 2000 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Н.Энхболд энэ хугацаанд Засгийн газрын гишүүнээр гурван удаа томилогдон ажиллаж байсан юм. Мөн Улсын Их Хурлын дэд дарга, Олон улсын Парламентын холбооны дэд ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан туршлагатай парламентч юм. Түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Т.Доржханд нар асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Үндэсний их баяр наадмын тухай хуулиар хурдан морины хаврын уралдааныг хориглосон нь орон нутагт хүний болон мал эмнэлэг, цагдаагийн байгууллага, засаг захиргааны хяналтгүй нууц уралдаануудыг бий болгож, малчид, уяачид, унаач хүүхдүүдийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа талаарх сонгогч, иргэдийг хүсэлтийг уламжилсан юм. Энэ нөхцөл байдлыг залруулах үүднээс идэвх санаачилга гаргаж ажиллах эсэхийг нь асуухад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Засгийн газраас санаачлан боловсруулж буй үндэсний спортын асуудлыг зохицуулсан хуулийн төсөлд үндэсний бөх, хурдан морь, сур болон бусад спортын эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой асуудал орж ирнэ гэдгийг дурдаад, хурдан морины хаврын уралдаантай холбоотой асуудлыг олон нийт, малчид, уяач нар, хүүхэд, эцэг эх гэх мэт бүх талын эрх ашиг, байр суурийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс бус Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаас асуулт асуулаа. Тэрбээр, Улсын Их Хуралд МАН, АН болон “Зөв хүн-Электорат” эвслийн төлөөлөл бийг сануулаад Төрийн байгуулалтын байнгын хороонд Эвслийн төлөөллийг хангаж өгөхийг хүссэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь дэмжлээ.
Мөн тус Байнгын хорооны гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжиж батлав.
Үүний дараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг Засгийн газраас 2022 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд харьяалах Байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны арван хоёрдугаар сарын 23-нд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Улсын Их Хурлын тухай хууль, гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарт нийцүүлэх тухай санал гаргасан тул хуулийн төслийг татан авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн саналын тусган дахин боловсруулсан төсөлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар батлаад, Улсын Их Хуралд зөвхөн танилцуулдаг байх, мөн хуулийг анх батлах үед товч болон дэлгэрэнгүй танилцуулга боловсруулж, хожим тухайн хуулийг хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл дэлгэрэнгүй танилцуулгад дурдсан тайлбарыг ашигладаг байх зохицуулалтыг тусгаад байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Мөн хуулийн уялдаа холбоо, тогтвортой байдлыг хангах үүднээс нэр томъёог жигдлэх, ижил утгаар ойлгож, хэрэглэхтэй холбоотой зохицуулалт тусгасан байна. Түүнчлэн, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулдаг байхаар заасан байна. Мөн хууль тогтоомжийн төсөл, холбогдох судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж санал авах тухай зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаар батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн талаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгаа хийх шаардлагагүй гэж үзэн төсөлд тусгасныг сайд Х.Нямбаатар танилцуулгадаа дурдав. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн байдлыг хуульчлахтай холбоотой өөрчлөлтийг төсөлд тусгасан байна. Үндсэндээ хууль, тогтоомжийн төсөл боловсруулахад иргэд, хөрөнгө оруулагч нарын оролцоог хангах, санал авах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, тэднийг мэдээллээр хангахад Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл санаа чиглэж буйг сайд танилцууллаа.
Дээрх төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хууль тогтоомж болон төслийн орчуулгын талаар, Ш.Адьшаа хууль санаачлах хүрээ хязгаарын талаар, Б.Энхбаяр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Улсын Их Хурал бус Засгийн газар баталдаг болгож өөрчлөх үндэслэл шаардлагын талаар асууж, хариулт авсан байна. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, Ш.Адьшаа, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар батлах болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тэгвэл Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, нэгэнт Хууль тогтоомжийн тухай хуульд “гар хүрч” байгаа бол холбогдох өргөн хүрээний харилцааг нэг мөр уялдуулан боловсруулах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн гишүүн Ш.Адьшаа өмнө хэлэлцэх үед гишүүдээс гаргасан саналыг тусган, засаж сайжруулаад оруулж ирж буй тул хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын хуулиудыг хөгжлийн бодлого, зорилттой уялдуулах шаардлагатайг дурдсан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ хэллээ. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт зогссон, эсхүл хасах үзүүлэлттэй гарсан, гамшгийн аюул, онцгой нөхцөлийн үр дагаварыг арилгахад ихээхэн хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон, мөн Засгийн газрын гадаад өрийн багц дахь дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа гадаад валютын Монголбанкнаас зарласан албан ханш өмнөх оныхоос 15 ба түүнээс дээш хувиар өссөн тохиолдолд төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэхээр заасныг “түр хугацаагаар зогсоох” гэж өөрчлөхөөр тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд Хууль зүй, дотоор хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар дэлгэрэнгүй хариулт, тайлбар өглөө.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргэн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжлээ. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлснийг танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Засгийн газрын тэргүүний шийдвэрийн үндэслэл шалтгаан, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж буй ажил, хүлээгдэж буй үр дүнгийн талаар лавласан юм.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, би өөрийн хүсэлтээр сайдын албанаас чөлөөлөгдсөн. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт надаар хийлгэхээр даалгасан ажил бол хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудал байсан. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл 4-5 Засгийн газар дамжсан байсан. Энэ багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд та бүхний дэмжлэгтэйгээр эхлээд явж байгаа. Би сайдаар ажиллах хугацаандаа олон ажил, асуудлыг шийдэх тэмүүлэлтэйгээр ажилласан. Өнгөрсөн гурван сарын хугацаанд миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт маш их явсан. Олон нийтийн мэдээлэлд үндэслээд прокурор миний эсрэг хэрэг үүсгэсэн. “Нүүрсний хулгай” гэдэг хэрэгт би ямар ч холбогдолгүй. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг зүйл заалтаар надад хэрэг үүсгэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ийм хэрэгт намайг холбогдуулж байгааг би ямар ч баримт нотолгоогүй гэж үзэж байгаа. Энэ бол зохиомол хэрэг. Урьд өмнө би зохиомол хэрэг гэж сонсож байснаас биш өөрөө үзээгүй. Тиймээс шат шатанд гомдол гаргаад явж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн олон ажлыг дэмжиж байсанд та бүхэндээ талархал илэрхийлье гэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр тогтдогийг та бүхэн мэднэ. Үүний дотор нүүрс, зэс гэсэн бүтээгдэхүүн жин дардаг. Энэ онцгой бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, экспортыг атгасан нүүрсний, зэсийн гэсэн бүлэглэлүүд үүссэн байна. Маш их хэмжээний далд эдийн засаг одоо ч оршсоор байна. Энэ бүхнийг цэгцэлнэ. Хөгжлийн банкны асуудлаас эхлээд олон хэрэг ил тод болж байна. Удахгүй нүүрс, зэсийн асуудлаар бас сонсгол зохион байгуулна. Цаашдаа эдийн засаг төрөлжиж хөгжих нь мэдээж. Гэхдээ ойрын 10-20 жил нүүрс, зэсийн асуудал ил тод байхгүй бол болохгүй хэмээн хариуллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав