Энтертайнмент
Д.Урианхай: Анд Б.Лхагвасүрэнд СҮҮЛЧИЙН ХУНДАГА…

…Бөмбөрөн өнхрөх нулимс Бутанд зувах бүжин шиг Арьс руу шурган нуугдав ч Хацар шир – шир зүсэх нь ч, Атаатны сум хавахаас дор өвтгөх нь ч, Хашгирч босоод буурал толгойгоороо Хана руу түс – няс мөргөм тамлах нь ч Юутай хорлонтой!…
Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай
Анд Б.Лхагвасүрэнд
(реквием)
I
Гэрийн тоонон дээгүүр
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэтхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа!..
Сүүлчийн хундага!
Сүн далайн давалгаанаас
Ам жишилж байгаа шиг
Хороож барагдахгүй,-
Сүүлчийн хундага!
Хонгор залуугаасаа сэтгэл сэтгэлээ түшилцэн өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн
Аргын 2019 он, билгийн шороон гахай жил, шинийн нэгэнд
Амьсгаа татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж,
Андын ёс сахин надад зориулж үлдээсэн
Амсараа халин мэлтгэнэх,-
Сүүлчийн хундага!..
II
Гал залгисан мэт түлэх
Сүүлчийн хундага!
Газраа үүрсэн мэт ядраах
Сүүлчийн хундага!
Уухад ч гачлантай гашуун,
Болиход ч гачлантай гашуун,
Ард, түвд Бавуу аавын зоргоор хүү Лхагвасүрэн
Амьсгаа отголохынхоо янар хундагалуулж
“Цугтаа ууж байна!” гэж “бясалгасан”,-
Цус шиг нь буцламгай,
Цөс шиг нь омогшимтгой,
Сүүлчийн хундага!
III
Бөмбөрөн өнхрөх нулимс
Бутанд зувах бүжин шиг
Арьс руу шурган нуугдав ч
Хацар шир – шир зүсэх нь ч,
Атаатны сум хавахаас дор өвтгөх нь ч,
Хашгирч босоод буурал толгойгоороо
Хана руу түс – няс мөргөм тамлах нь ч
Юутай хорлонтой!
Боржигоны бор талд
Босоо төрж,
Бодлын цагаан арслан болж үсрэн
Монголоо доргион хүрхэрсэн,
“Агуу” хэмээхэд дэндүү наанадах,
Алдарын титэмүүд нь ч дэндүү цөөдөх,
Хүсэхүйн чинад эрэмгий шүлгүүдээ
Хүний гараар бус Бурхадын мутраар ургуулсан
Үгэнд багтахгүй андаас хагацахад
Үлэмжийн баян Дэлхий
Юутай хоосон!..
IV
Зэлний хоёр унага шиг налалцаж,
Зэрэгцээ хоёр хайрхан шг ханхайж,
Тэрэгний буулга шиг эртний,
Тэнгэрийн хэл шиг энгийн, нууцлаг,
Амгалангийн орон – Монголын найрагт
Амьдралаа хуу зарлаа, чи бидэн!
Далай нь хүртэл давсаар дутдаг дэлхийдээ ч,
Даваа нь хүртэл чамд навтайж өгдөг Монголдоо ч
Даанч цөөхөн ургадаг
Даамай гүн найргийн
Галбараасан байлаа, чи минь!..
Ард зоноо цугааранг нь уйлуулж одох
Алдар, гавьяа чинь, миний найзаа,
Мөнх бус орчлонд мөнх ч
Мөддөө лав дүүрэхгүй зай үлдээсэн чинь
Он жил элэх тусам
Од, мичид шиг тодрох нь
Олон давтагдахгүй түүх биз ээ!..
V
Очих газар чинь ойрхон, – Тэнгэр ч,
Орох үүд чинь дэлгээтэй, – Диваажин ч,
Битгий тэнд их удаарай,
Бэтгэртлээ санаж хүлээх Монголдоо,
Билүү чулуу нь зөөлхөн “Өнжүүл”-дээ,
Хурдан буцаад ирээрэй,
Хурмастад даатгаж, уйлж гуйяа, найз нь!..
2019.02.12-15
Алтан тэвшийн хөндий

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент18 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм19 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм20 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм20 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа