Улс төр
ТББХ: УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, тодруулбал Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн тодорхой зорилт дэвшүүлсэн билээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 1-т “Нам, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж намын бодлого, үйл ажиллагааны үндсэн хүрээг тодорхойлжээ. Энэхүү үндсэн хэм хэмжээний хувьд улс төрийн нам улсын хэмжээний бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд өрсөлдөх, сонгуулийн тойрог дагасан улсын төсвийн нэгдмэл бус байдлыг арилгах боломжит сонгуулийн тогтолцооны хувилбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс юм.
Иймд сонгуулийн тогтолцооноос үүдэн гарсан Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн болно.
Төслийг боловсруулахдаа ЕАБХАБ-аас 2020, 2021 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас санал авсан.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь өөрчлөлт, хуулиар зохицуулах харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:
- Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
- Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
- Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах талаарх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
- Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг тусгасан,
- Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан гэлээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын 38 гишүүнийг тойргоос, 38 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор төсөлд тусгажээ. 38 тойргоос дэвших болбол 1 аймаг, дүүрэг нэг нэг л төлөөлөлтэй болох нь. Энэ хэр зөв юм бэ хэмээн тодруулсан. Мөн тэрбээр хуулийн төсөлд тусгасан жендэрийн асуудал, намаас нэр дэвшигчдийн жагсаалтын талаар тодруулсан юм.
Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүдийн тоо, тойргийг УИХ-аас тогтоодог. Энэ бол дараагийн шатны асуудал. Тойргийн тоо, гишүүдийн тоотой холбоотой асуудлыг хэлэлцүүлгийн явцад ярилцан шийдэх боломжууд байгаа. Жагсаалтын тухайд намууд хүмүүсээ нэр дэвшүүлээд нэрийг нь саналын хуудсанд жагсаана. Иргэд саналаа намд өгч болно, хүнд өгч болно. Санал авах хуудас гурван баганатай байна. Эхний баганаар тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ иргэд сонгоно. Хоёр дахь багананд намын нэр, гурав дахь багананд хүний нэр байх болов уу гэж бодож байна. Тэрхүү дараалал ямар байхыг одоо хэлж мэдэхгүй байна. Энэ мэт зарчмын асуудлуудаа хэлэлцээд шийднэ. Бидний өргөн мэдүүлсэн хувилбараар нийт намд өгсөн санал, хүнд өгсөн саналууд нийлээд тухайн намд очих саналын нийт дүн болно. Түүгээр нь нам авсан суудлаа хэнд хуваарилах вэ гэдгээ шийдээд явах юм. Засгийн газраас хуулийн төслийн талаар санал авсан. Засгийн газар тухайн нам эвслээс жагсаалтад бичигдсэн хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар солбиж бичиж оруулъя гэсэн санал өгсөн. Ажлын хэсэг тэр саналыг хүлээн авч төсөлдөө тусгасан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналуудыг ярилцаад тухай бүр нь шийдээд явна. АН-ын хоёр гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн гол зарчмын асуудал бол мажоритар пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор сонгууль явуулах тухай байгаа. Түүний хамт гишүүдийн тоо, эмэгтэйчүүдийн квот, түүнийг дотор нь хэрхэн хуваарилах, тойргийн гэх мэт асуудлыг ярилцаад шийдэх боломжууд байгаа гэж үзэж байна хэмээн хариулсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар болон өргөн мэдүүлсэн төслүүд төлөөллийн ардчиллын үндсэн зарчмуудыг хэрхэн хангаж буй талаар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд сонгууль болгоноос урьтаж хуулиа, тогтолцоогоо өөрчилдгөөс үүдэж сонгогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг УИХ-ын дарга анхааруулж, цаашид сонгуулийн эрх зүйн орчныг тогтвортой болгох үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуульд оруулах замаар тогтвортой байдлыг хангах боломжтойг хэлэв. Мөн ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, төсөлд тусгасан тогтолцооны хувилбар бол УИХ-д суудалтай гурван намаар зогсохгүй нийт улс төрийн намуудын нэгдмэл санал, хамтын шийдвэр тул цаашид тогтвортой байдал хангагдана гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Үүнээс гадна хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг УИХ-ын дарга дурдаад, хуулийн төсөлд уг асуудал хэрхэн туссан талаар асуусан юм. Өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын үүднээс газар нутгийн төлөөллийг хангах асуудал ихээхэн чухал гэдгийг онцлоод, засаг захиргааны нэг нэгжийг нэг л гишүүн төлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан нь эрсдэл үүсгэж болзошгүйг тэрээр анхааруулав. Мөн төрийн албан хаагчид, мэргэжил нийгмийн бүлгүүдийн төлөөллийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах асуудлыг анхаарах ёстойг хэлсэн юм.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэн өргөн барьж байна. Бидний боловсруулсан уг хуулийн төслийн ерөнхий агуулга, ач холбогдлыг дараах байдлаар тоймлон илэрхийлж байна.
- Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүллээ.
- Сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулж өгөв.
- Жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүллээ.
- Олон нам парламентад орох үүд хаалгыг нээж өгч байна.
- Шударга сонгууль явагдах нөхцөлийг бүрдүүлэв.
- Гадаадад буй Монголчууд саналаа өгөх эрхийг баталгаажуулж өгөв.
- Сонгууль хийх, нэр дэвшин сонгогдох зардлыг бууруулах, эмэгтэйчүүд залуучууд их хуралд сонгогдох боломж бүрдлээ.
Өнгөрсөн 8 удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн дийлэнх олонх мажоритар системээр явагдсан. 2000 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН Улсын Их Хурлын 76 суудлын 95 хувь буюу 72 суудлыг авсан бол 24.1 буюу нийт сонгогчдын дөрөвний нэгийн саналыг авсан Ардчилсан нам 1 суудал авч байжээ. 2016 онд нийт сонгогчдын 46.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 65 суудал буюу нийт суудлын 85.5 хувийг, харин 34.2 хувийн санал авсан Ардчилсан нам 9 буюу нийт суудлын 12 хувийг тус тус авч байв.
Энэ парламент бүрдсэн 2020 оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд сонгогчдын 45 хувийн санал авсан МАН нийт суудлын 82 хувийг авсан бол нийт сонгогчдын 24 хувь буюу дөрвөн сонгогч тутмын 1-ийн саналыг авсан АН 11 суудал авчээ. Энэ мэтээр сонгуулийн үр дүн савалж, иргэд сонгогчдын санал гээгддэг муу жишиг мажоритар тогтолцоонд ихээр агуулагдаж байна. Ийм учраас Ардчилсан намын бүлэг сонгуулийн тогтолцоонд пропорциональ элементийг оруулах шаардлагатай гэж үзэж уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгалаа.
Гэвч ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтанд нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өглөө. Ийнхүү 2012 оны Улсын Их хурлын сонгууль явагдсан жишгээр томсгосон тойргоос 48 гишүүн, намын жагсаалтаар ард иргэдээс эрэмбэлэгдсэн 28 гишүүн байхаар хуулийн төсөл өргөн барилаа.
Дан мажоритар тогтолцооны нэг сул тал нь сонгогдоход санал гээгдэх явдал байдаг бол сонгогдсны дараа тойргийнхоо асуудлыг шийдэх эрэлт, хэрэгцээний үүднээс улсын нэгдсэн хөгжлийн бодлого гаргах, мөрдүүлэхэд тодорхой хэмжээгээр саад тотгор бий болох явдал байгааг тодорхой хэмжээнд сааруулахад намын жагсаалт зохих нөлөө үзүүлнэ гэж харж байна.
Жендэрийн тэгш байдал бол зөвхөн аль нэгэн хүйс, хэн нэгэн хүмүүсийн тухай асуудал биш нийгмийн асуудал, хөгжлийн шалгуур үзүүлэлт, ардчиллыг тодорхойлгох хамгийн чухал үнэлэмжүүдийн нэг боллоо. Ийм учраас төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлгийн эрхийг хангах, төлөөллийг нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх боломж гэж дэлхий нийтээр үзэж байна. Олон Улсын Парламентын Холбооны нэгдсэн мэдээллээс үзэхэд 2021 оны байдлаар нийт улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь дунджаар 25.8 хувьтай байхад Монгол Улс 17.1% байгаа нь Азийн бүс нутгийн дунджаас доогуур үзүүлэлтэй байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс хүйсийн квотыг зөвхөн эмэгтэйчүүдийг албан тушаалд дэмжих тухай асуудал гэж үзэлгүйгээр асуудлыг том зургаар харах цаг нь болсон гэж үзэж эмэгтэй квот 40 хувь байх, тэр тусмаа намын жагсаалтад 1:1 байхаар оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Өнгөрсөн 30 гаруй жилд 8 удаагийн сонгууль болж, 30 гаруй нам эвсэл сонгуульд орж байсан ч Улсын Их Хуралд суудал авсан намын тоо 5-аас хэтрэхгүй байсаар байна. Ийм учраас суудал хуваарилах босгыг намын хувьд 3, эвслийн хувьд 5 хувь байх саналыг хуулийн төсөлд орууллаа. Үүний үр нөлөөгөөр олон олон намууд парламентын босго алхан өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой нэгэн зүйл бол сонгуулийг шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Ийм учраас сонгуулийн үеийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгохоор хуульчлан зааж өгөхөөр тусгалаа.
Жил бүр өсөн нэмэгдэж буй гадаадад сурч, суурьшин буй иргэдээ Монгол төрийн сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэн, тухайн улсынхаа Элчин сайдын яаманд очин намын жагсаалтанд дэвшсэн нэр дэвшигч болоод намд саналаа өгөх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр олон талын төлөөлөл Улсын Их Хуралд дэвших, сонгох боломж бодитоор бүрдэнэ. Энэ нь сонгуулийн зардлын өндөр босгыг буулган, олон бүлгийн төлөөлөл УИХ-д бодитоор сонгогдох замыг нээж өгч байна гэж бид үзэж байна хэмээн танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд сонгуулийн тогтолцоо, тойрог, үүнтэй холбоотой гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот, намаасаа нэр дэвшээгүй гишүүд өөр намаас нэр дэвших асуудал, сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Уг хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд37 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр33 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав