Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ. Уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулсан. Тэрбээр ярианыхаа эхэнд энэ оны төсвийн тодотголын төсөлд цалингийн шинэчлэл хийхээр тусгаснаа хэллээ. Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь болгож, зөрүүг арилгана. Шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн өрсөлдөөнд оруулж, статусыг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтарч ажиллахаа Ерөнхий сайд тэмдэглэв.
Манай улсад 2021 оны байдлаар төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний болон эл зэрэглэлд хамаарах дээд боловсролын 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 5085 судлаач ажиллаж байгаагийн 26.5 хувь буюу 1349 нь эрдэм шинжилгээний үндсэн ажилтан байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт 47.7 тэрбум төгрөг батлагдсаны дийлэнх нь цалин хөлсний нэмэгдэл, төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зардал байсныг салбарын төлөөллүүд Ерөнхий сайдад уламжилж байлаа. Түүнчлэн, эрдэм шинжилгээ, туршилт, зүгшрүүлэлтийн ажлын санхүүжилт сүүлийн таван жилд нэмэгдээгүй, нэг судалгаанд зарцуулах зардлын хэмжээ 14.4 сая төгрөг байгаа нь судалгаа хөгжүүлэлтийн чанар, үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг ч дурдаж байв.
Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ТӨК,ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна. Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан “Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал” гэлээ.
Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэлээ.
Тэгвэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг “МАА-н бүтээгдэхүүний экспорт тавхан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацын олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээлэнгүүд тендерт оролцож чаддаггүй гэх асуудлыг судалж үзье. Та бүхэн саналаа нэгтгээд ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлнэ” гэлээ.

Улс төр
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд боллоо.
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Улс төр
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж ярилцлаа.
“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох“ ажлын зорилго, ажлын үр дүнг танилцуулна уу?
Манай ажлын хэсэг Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд хамааралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зохистой тээвэрлэлт, хадгалалт зэрэгт анхаарал тавьж, шаардлагатай зохицуулалтыг хуульд тусгах үүрэгтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн хоёр дэмжих бүлэг хүнс, хүнс түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Тусдаа агентлаг байгуулахын давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна. Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд тусдаа бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартыг хангуулахад хэрхэн ажиллаж байна вэ?
Эм, эмийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулгын тухай хуульд эм, эмийн чанарыг бүрдүүлэх чухал заалтууд тусгагдсан. Эрүүл мэндийн яамнаас хуулийн дагуу 30 гаруй стандартыг гаргасан байх ёстой. Монгол Улсын хилээр орж ирж байгаа эмийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах зэрэг тээвэрлэлтийн стандарт дутагдалтай байна. Мөн лавлагаа шатлалын лабораториуд зах зээлд байгаа эмүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дугаар, эмийн найрлага дахь агууламж зэргийг нарийн шинжлэх шаардлагатай байна. Ийм түүврийн шинжилгээ хийхэд 1.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай атал дөнгөж 20 хувь буюу 220 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүний ард Эрүүл мэндийн яам эмийн өрсөлдөөн, чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэлгүй байна хэмээн хардахаас өөр аргагүй. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж, эрх зүйн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Улс төр
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан.
Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо