Улс төр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 35 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон. Гэсэн хэдий ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжраад байна. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна.
Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр төсвийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024- 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүсэж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20,8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1 их наяд 896,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22,4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг 1,6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2,6%-аас хэтрүүлэхгүй байхаар тооцож Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлэн төлөвлөсөн талаар танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёололоор санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63,6 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцсэн талаар Байнгын хорооноос гаргах санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улс төр
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд боллоо.
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Улс төр
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж ярилцлаа.
“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох“ ажлын зорилго, ажлын үр дүнг танилцуулна уу?
Манай ажлын хэсэг Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд хамааралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зохистой тээвэрлэлт, хадгалалт зэрэгт анхаарал тавьж, шаардлагатай зохицуулалтыг хуульд тусгах үүрэгтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн хоёр дэмжих бүлэг хүнс, хүнс түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Тусдаа агентлаг байгуулахын давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна. Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд тусдаа бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартыг хангуулахад хэрхэн ажиллаж байна вэ?
Эм, эмийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулгын тухай хуульд эм, эмийн чанарыг бүрдүүлэх чухал заалтууд тусгагдсан. Эрүүл мэндийн яамнаас хуулийн дагуу 30 гаруй стандартыг гаргасан байх ёстой. Монгол Улсын хилээр орж ирж байгаа эмийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах зэрэг тээвэрлэлтийн стандарт дутагдалтай байна. Мөн лавлагаа шатлалын лабораториуд зах зээлд байгаа эмүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дугаар, эмийн найрлага дахь агууламж зэргийг нарийн шинжлэх шаардлагатай байна. Ийм түүврийн шинжилгээ хийхэд 1.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай атал дөнгөж 20 хувь буюу 220 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүний ард Эрүүл мэндийн яам эмийн өрсөлдөөн, чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэлгүй байна хэмээн хардахаас өөр аргагүй. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж, эрх зүйн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Улс төр
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан.
Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо