Улс төр
Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, ноён Бан Ги Мун газардлаа. Тэрбээр Төрийн ордонд маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар хүрэлцэн ирж буй юм. Чуулга уулзалтыг Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан болон БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна. Тус газрыг удирдаж ажилладаг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхантай ярилцлаа.
-Чуулга уулзалтад дээд хэмжээний зочид оролцохоор ирж байна. Ер нь энэ чуулга уулзалт ямар түвшний арга хэмжээ вэ гэдэг дээр тодруулга өгнө үү?
-НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүний 17 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд олон талаар, идэвх чармайлттай хамтран ажиллаж байна. НҮБ, түүний хүрээний болон салбар байгууллагууд, гишүүн орнууд, дэмжигчид, хамтрагчид гээд бүхий л арга хэрэгслээр яриа хэлэлцээ өрнөж байгаа. Учир нь энэхүү Тогтвортой хөгжлийн 17 зорилт бол аль нэг улс орны, бүс нутгийн хэмжээнд хийчих ажлууд бус, дэлхийн дахинаараа маш нарийн нягт хамтарч, харилцан хамааралтайгаар хийх ажлууд юм. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг хэрэжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал юм. Үүгээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг ойлгож болно. АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан хамтран Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хамтын ажиллагааны нэг хэрэгслийг бий болгосон. Энэ нь “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт. Ноднин БНСУ-д болсон чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон юм. Энэ үеэр 2023 оны чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргаж, цар хүрээг нь өргөжүүлж хийхээр болсн нь маргааш эхлэх энэхүү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт юм.
-Санаачлагч, зохион байгуулагч байгууллагуудтай Улсын Их Хурлын Тамгын газар хамтран ажиллаж байгаа юм байна. Үндсэндээ бүхий л зохион байгуулалтыг хийж байгаа байх?
-Чуулга уулзалтын зохицуулалт, зохион байгуулалт, бэлтгэл, арын албаны бүхий л ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцаж байна. Дээд хэмжээний олон улсын үйл ажиллагаа учир Монгол Улс дахь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтарч байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-аас гадна БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, дээр нь дэлхийд нэр хүндтэй, нөлөөтэй эрдэмтэн судлаач нар гээд 50 гаруй өндөр түвшний төлөөлөгчид оролцоно. Энэ хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, агаар орчин, хоол ундны зохицол, нийцлээс эхлээд зохион байгуулагч улсад тавигддаг олон нарийн шаардлагуудыг хангах шаардлагатай. Газар газраас цуглаж буй тэдгээр хүмүүсийн зорчих чиглэл, аяллын маршрут, цаг нарыг зохицуулах ч мөн ажиллагаатай шүү дээ. Чуулга уулзалтын хуралдаануудад тавигдах илтгэл, танилцуулгуудыг урьдчилан бэлтгэх, зочид төлөөлөгчдийн нийтлэг харилцдаг хэлнээ хөрвүүлэх, хурлын танхимын бэлэн байдал, дэг, хөтөлбөрийг төлөвлөх зэрэг ажлууд бол бүр эртнээс хийгдэж эхэлсэн. Энэ бүх ажлыг Тамгын газар нарийвчлан төлөвлөж, хамт олныхоо хүн нэг бүрийн хүч, сэтгэлээр цэгцтэй зохион байгуулж байна.
-Энэ удаагийн чуулга уулзалтаар жендерийн сэдвийг хэлэлцэх юм байна. Энэ сэдэвт манай улс төдийгүй Азийн бүс нутгийн улс орнууд ихээхэн ач холбогдол өгч байх шиг?
–Монголын нийгэмд өрнөж буй янз бүрийн хэлэлцүүлэг, хандлагаас ажиглавал жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн андуу ташаа ойлголт их байна. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор эрх мэдэлд хүрэх гэсэн эмэгтэйчүүдийн арга зам гэж тайлбарлах нь ч сонсогдож байна. Угтаа эрэгтэй, эмэгтэй хүн бүр нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын болон бусад харилцаанд эрх тэгш оролцох, бие даан шийдвэр гаргах, аливаа ялгаварлал, гадуурхлаас ангид байх учиртай ч хэвшиж тогтсон хэвшмэл хандлага, зан заншил, шашин, тухайн нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин зэргээс шалтгаалаад нийгэм, гэр бүлийн харилцаанд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг нь ялгаатай болно. Энэ ялгаа нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, тэгш бус байдал газар авах, шийдвэр гаргах ажиллагаа зөвхөн нэг хүйсийн мэдэлд орох зэрэг тоочихын аргагүй олон үр дагавар дагуулдгийг түүхийн олон жишээ сургамжаар нотолж болно. Цаашлаад жендэрийн эрх тэгш байдал нь тухайн улс орны төр засгийн хүлээн зөвшөөрөгдөх шинж буюу легитим шинжийн чухал эх сурвалж болдог. Тийм учраас улс орнууд бүр Үндсэн хуулийнхаа түвшинд авч үзэж, хүний жам ёсны, язгуур эрхийг хангахад ач холбогдол өгдөг. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, улс орны тогтолцоо, агуулга бүтцийг нарийн зурагласан дээд эрэмбийн баримт бичиг шүү дээ. Хууль, эрх зүйн шинжлэх ухаанд орчин үед Үндсэн хуулийг жендерийн үүднээс харж, шинжлэн шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, жендэрийн эрх тэгш байдал, түүний ач холбогдлыг улс орнууд хэрхэн үнэлж, ямар түвшинд авч үзэж байгааг Үндсэн хуулиас нь хардаг болсон. Үндсэн хуулийнхаа зарчим, хэм хэмжээнд үүнийг хэрхэн шингээж өгсөн бэ гэдгээр нь тухайн улсын ардчиллыг хэмжих боломжтой. Хүний эрх, тэр дундаа жендерийн тэгш, шударга байдал нийгэмд хангагдсанаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаа.
-Маш сонирхолтой санагдлаа. Жендерийн нүдээр харвал Монгол Улсын Үндсэн хууль ямар бол?
-Энэ сэдвийг хөндөж судалсан, цогцоор нь барьж авсан эрдэмтэн, судлаач тун ховор. Парламентат ёс, төрийн тогтолцооны асуудлыг судалдгийн хувьд би цухас авч үзэж байна. Үндсэн хуулиудын жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэхийг ерөнхийд нь хоёр ангилалд хуваан авч үзэж байна. Эхнийх нь формаль буюу хэлбэрийн, хоёр дахь нь субстантив буюу агуулгын тэгш байдал. Хэлбэрийн шинжтэй зохицуулалтад хүйсээр үл ялгаварлах, эрх тэгш байх зэрэг ерөнхий заалтууд багтана. Эдгээр нь Үндсэн хуулийн бусад хэсэгтэй хамтдаа хэрэгждэг онцлогтой. Тодруулбал, иргэний үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй байх зэрэг эрх, эрх чөлөө нь аль ч хүйсийн хувьд адил тэгш байна. Ер нь Дэлхийн II дайнаас хойш боловсруулсан бараг бүх Үндсэн хуульд хэлбэрийн тэгш байдлыг хангах тухай ерөнхий заалтууд орсон байдаг. Гэвч шийдвэр гаргах орон зай, төлөөллийг олж авахад зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл боловч энэ нь хангалтгүй юм. Харин агуулгын шинжтэй зохицуулалт нь хүйсийн ялгаатай байдлыг анхаарч, тэдний аж амьдрал, эрх, эрх чөлөө, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоог нь хязгаарладаг улс төр, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон саад бэрхшээлийг арилгаж, “гарааны тэгш байдал” бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ шинж чанараар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хууль жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэлбэрийн шинжтэй зохицуулалттайд тооцогдоно. Манай улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой ерөнхий зохицуулалтууд боломжийн хэмжээнд байгаа ч төлөөллийн ардчиллын зарчим талаас нь авч үзвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Тэгэхээр бидэнд Үндсэн хууль дахь ардчиллын шалгууруудыг агуулгын хувьд хангах болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй бий.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Улс төр
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд боллоо.
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Улс төр
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж ярилцлаа.
“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох“ ажлын зорилго, ажлын үр дүнг танилцуулна уу?
Манай ажлын хэсэг Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд хамааралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зохистой тээвэрлэлт, хадгалалт зэрэгт анхаарал тавьж, шаардлагатай зохицуулалтыг хуульд тусгах үүрэгтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн хоёр дэмжих бүлэг хүнс, хүнс түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Тусдаа агентлаг байгуулахын давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна. Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд тусдаа бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартыг хангуулахад хэрхэн ажиллаж байна вэ?
Эм, эмийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулгын тухай хуульд эм, эмийн чанарыг бүрдүүлэх чухал заалтууд тусгагдсан. Эрүүл мэндийн яамнаас хуулийн дагуу 30 гаруй стандартыг гаргасан байх ёстой. Монгол Улсын хилээр орж ирж байгаа эмийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах зэрэг тээвэрлэлтийн стандарт дутагдалтай байна. Мөн лавлагаа шатлалын лабораториуд зах зээлд байгаа эмүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дугаар, эмийн найрлага дахь агууламж зэргийг нарийн шинжлэх шаардлагатай байна. Ийм түүврийн шинжилгээ хийхэд 1.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай атал дөнгөж 20 хувь буюу 220 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүний ард Эрүүл мэндийн яам эмийн өрсөлдөөн, чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэлгүй байна хэмээн хардахаас өөр аргагүй. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж, эрх зүйн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Улс төр
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан.
Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо