Улс төр
Г.Занданшатар: Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан дэмжиж байна

Төрийн ордонд болж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хуралдааны нэгдүгээр хэсэг өндөрлөж, хоёрдугаар хэсгийн хуралдаан үргэлжилж байна.
Салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Номхон Далайгаас Дунай мөрнийг хүртэлх асар уудам нутагт өнө эртнээс нүүдэлчид хэл, түүх, соёлын улбаагаа үлдээснийг Хүннүгийн үеэс өнөөг хүртэл залгамжлан, соёлын, түүхийн улбааны маш нарийн хэлхээ холбоотойгоор хөгжүүлсээр ирснийг Шинжлэх ухаанд “Алтай хэлний аймаг”, “Алтайн ард түмнүүд”, “Алтайн соёл” зэргээр томъёолж ирсэн бөгөөд сүүлийн үед зарим эрдэмтэн, судлаачид “Алтайн соёл иргэншил” хэмээн тэмдэглэх болсныг онцолсон юм. Тэрбээр, Алтай судлалыг онц сонирхолтой болгож байгаа нэг гол зүйл бол энэ бүс нутгийн өвөрмөц соёл уламжлалыг хослол бөгөөд үүнийг би үндэсний ижилсэл-ондоошилтой харьцуулан ойлгож болно гэж боддог юм. Ижилслээс ондоошил руу, ондоошлоос эргээд харилцан нийтлэг үнэт зүйлийн хэлхээ холбоо бий болсныг олон талаас харж болно. Тухайлбал, Алтай язгуурын ард түмний, ялангуяа нүүдэлчдийн гэр бүлийн соёл ижил төстэй байдаг. Энэ талаар доктор, профессор Илхан Шахин гуай “Altay Communities” номдоо, гэр бүлийн үнэт зүйлийн ижил төстэй байдал, түүхийн хэлхээ холбоосуудыг археологийн судалгаагаар баталсан байна. Орхоны хөндийн зэрэг олон судалгаа, ном бүтээлээрээ тэрбээр үүнийг нотлон бичиж, энэ язгуур гарвалын хувьд маш ижил төстэй нийтлэг зүйл байгааг тодорхойлжээ гэлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, олон зуун жилийн турш Алтайн бүс нутаг нь Өрнө-Дорныг холбосон олон үндэстний уулзвар болж ирснээс гадна Торгоны зам, одоогийнхоор хэвтээ корридор гэж хэлж болохоор түүхэн соёл иргэншлийн улбаат хэлхээ холбоос гэж тодорхойлж болохыг тэмдэглээд, энэ нутгийн ард түмний соёлын өвийг судлах, тэдний хэл, зан заншил, амьдралын өвийг ойлгох нь хүн төрөлхтний талаарх бидний ойлголтыг баяжуулж соёлын хадгалалтад онцгой чухал гэдгийг чухалчлан дурдсан юм. Алтай судлал одоогоор голдуу хэл шинжлэл, байгалийн ухааны хүрээнд түлхүү хөгжиж буйг тэрбээр дэрдээд, үүгээр хязгаарлагдахгүй шүтэн барилдлагаараа соёл, түүх, археологи, олон улсын харилцаа, аялал жуулчлал, тэр бүү хэл, эдийн засгийн шинжлэх ухааны зэрэг олон чиглэлээр түлхүү хөгжүүлэх боломжтой гэлээ. Мөн тэрбээр, хэдийгээр Алтайн нуруу нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн орны нутаг дэвсгэрт түлхүү харьяалагдах боловч Алтай язгуурын хэлний онолын хүрээнд монгол, түрэг, манж, солонгос, япон хэлний хүрээгээр өргөн өргөн хүрээнд авч үзэж буйг дурдан, нарийвчилсан судалгаанд хэдийгээр олон маргаантай асуудлууд байгаа ч эдүгээгийн өндөрлөгөөс бус тухайн үеийнх нь цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзвэл ижил төстэй байдлыг олон талаар дүгнэж болохоор байна гэсэн юм. Үүндээ тэрбээр шижээ татан, 6000 жилийн өмнө монгол, түрэг, уйгур хэл салсан гэж зарим эрдэмтэд үзэж байхад, уйгур, согд бичгийн уламжлал яагаад монгол хэлтэй, руни бичиг яаж өмнөх түүхэн соёлуудаас шилжиж ирсэн юм, хэл, аялгууны онцлогууд ямар байсан юм зэргийг Хятадын Цагаан хэрмээс Унгарын тал хүртэл өргөн уудам нутгийг хамарсан соёлын харилан хамааралд нь нарийвчлан сулдах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн, өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд Алтай судлал нь олон улсын хамтын ажиллагаа, соёлын солилцооны, шинжлэх ухааны хамтын ажиллагааны өндөр нөөц, өргөн боломжтой салбар юм. Бүс нутгийн геополитикийн ач холбогдол хөрш зэргэлдээх орнуудын нийтлэг уламжлал нь энэ хамтын ажиллагаагаа хөгжүүлэх энэ бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжих хуваагдлыг арилгах боломжийг олгож байна гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, Бан Ги Мун гуай саяхан шинээр гаргасан номоо өчигдөр надад танилцуулсан гээд, “Uniting Nations in a Divided World” гэдэг энэ номонд, хуваагдсан дэлхийд яаж энд улс үндэстнүүд нэгдэж хамтарч ажиллаж болох вэ гэсэн энэ үзэл санаа, хүн төрөлхтөн нийтлэг өв соёлоороо нэгдэх ёстой гэсэн НҮБ-ын үзэл санаатай нийцнэ гэж үзэж байгааг дурдав. Иймд Алтай судлал бол бидний мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах өргөн боломж гэж үзэж байна гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.
Өнгөрсөн жил манай эрдэмтэн Д.Анхбаяр тэргүүтэй эрдэмтэд Туркийн Ван мужид Хүлэгү хааны ордонг олсон, Зүчи хааны ордон Төв Азийн улсуудад байгааг судлах, илрүүлэх шаардлагууд байх жишээтэй. Энэхүү археологийн олдворууд ч гэсэн бидний түүхэн хэлхээ холбоог бататгаж байдаг гэж Улсын Их Хурлын дарга онцлоод, Туркийн парламентын спикер надад, Чингис, Батхаан гэдэг нэртэй хэдэн 100 мянган турк хүн байдгийг сонирхуулж, Монголд байгаа нэрнээс хэдэн 10 дахин илүү гэж байсан хэмээж байсныг дурсан ярилаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, өнөөдрийн хуралд хуран цугласан Азербайжан, Киргиз, Казахстан, Турк, Монгол Улсын эрдэмтэн, судлаачдаас Алтай судлалын олон улсын чиг хандлага цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй саналууд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эрдэмтдээс Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Тэрбээр, энэ санаачилгыг тус бүрийн улсдаа дэмжүүлж, хамтарсан бүтцээр ажиллавал нээгдээгүй, илрээгүй, тодорхойлогдоогүй олон асуудалд хариулт өгөх эрдэм судлалын чухал арга механизм болно гэдэгт итгэж байна гэлээ.
“Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хуралдааны нэгдүгээр хэсэгт Түрэг гаралтай улс орнуудын Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хэл бичгийн ухааны доктор, профессор О.Самбуудорж нар үндсэн илтгэл тавив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Улс төр
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд боллоо.
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Улс төр
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж ярилцлаа.
“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох“ ажлын зорилго, ажлын үр дүнг танилцуулна уу?
Манай ажлын хэсэг Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд хамааралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зохистой тээвэрлэлт, хадгалалт зэрэгт анхаарал тавьж, шаардлагатай зохицуулалтыг хуульд тусгах үүрэгтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн хоёр дэмжих бүлэг хүнс, хүнс түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Тусдаа агентлаг байгуулахын давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна. Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд тусдаа бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартыг хангуулахад хэрхэн ажиллаж байна вэ?
Эм, эмийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулгын тухай хуульд эм, эмийн чанарыг бүрдүүлэх чухал заалтууд тусгагдсан. Эрүүл мэндийн яамнаас хуулийн дагуу 30 гаруй стандартыг гаргасан байх ёстой. Монгол Улсын хилээр орж ирж байгаа эмийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах зэрэг тээвэрлэлтийн стандарт дутагдалтай байна. Мөн лавлагаа шатлалын лабораториуд зах зээлд байгаа эмүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дугаар, эмийн найрлага дахь агууламж зэргийг нарийн шинжлэх шаардлагатай байна. Ийм түүврийн шинжилгээ хийхэд 1.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай атал дөнгөж 20 хувь буюу 220 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүний ард Эрүүл мэндийн яам эмийн өрсөлдөөн, чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэлгүй байна хэмээн хардахаас өөр аргагүй. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж, эрх зүйн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Улс төр
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан.
Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо