Улс төр
Г.Занданшатар: Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй, эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна

Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун сан”, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэллээ.
Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл, улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн техтоник шилжилтийн үед тогтвортой хөгжлийн төлөө Алтайн уулсыг дамнан яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Сөүл хотноо Стэнфордын их сургуулийн Ази номхон далайн судалгааны төв, НҮБ-ын 8 найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны байгуулсан Сайн сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа хамтран зохион байгуулсан. Уг чуулганыг зорилго нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, тогтвортой хөгжлийн 17 дугаар зорилт болох олон талт хамтын ажиллагааг дэмжих явдал байсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун санаачлан, дэлхийн лидерүүдийг уриалж, хүчийг нь нэгтгэн батлуулж, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгыг анх удаа баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн орон төдийгүй Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг Үндсэн хуульчилсан цорын ганц улс гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ийм ч учраас Сөүл хотноо болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр” чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын туршлага, дэлхий дахины нөхцөл байдлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт буюу олон талт хамтын ажиллагааны асуудал учраас жил бүр энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Өнөөдрийн энэхүү чуулга уулзалт гурван асуудалд анхаарлаа хандуулж буй нь онцлог юм. Нэгдүгээрт, тогтвортой хөгжил дэлхий дахины асуудал болсон.Түүний хэрэгжилт дэлхийн дахины хамарсан цар тахал, дайн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжилт нь удааширч байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 он хүртэл хэрэгжилтийг нь хурдасгах асуудал бол НҮБ болон дэлхий нийтийн чухал асуудал болж байна.
Төв азийн зүрхэнд оршдог улсууд хэл, соёл, язгуур нэгтэй гэж үздэг. Бид олон талаараа ижилсэл, ондоошил адил учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хэмээх чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь онцлог юм. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Алтай дамнасан улс орнуудын соёл, хамтын ажиллагааны талаар тусдаа нэг хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Соёл, түүх, архелогийн нээгдээгүй ололтууд ижилсэл, ондоошлийн шинж чанарууд бидэнд агуулагдаж байна. Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал ноён Жи Вук Шиний дэвшүүлсэн тархины эргэлтийн тухай гайхалтай онол бий. Түүний онолын дагуу Ази дамнасан улс орнууд соёлын ижилсэл, түүхийн улбаа, хэлхээ холбоонд үндэслэн “тархины эргэлт” -ийн холбоосоо сэргээх нь өнөөгийн түүхэн цаг үед түүхэн ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг ”Монголд зочлох жил” хэмээн зарласан. Тиймээс алтай хэлний язгууртай улс орнуудын олон арван сая хүмүүс Монгол Улсад зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түрэг гаралтай парламентын холбооны Ерөнхийлөгч хэлэхдээ, Турк Улсаас л гэхэд 20-30 сая хүн Монгол Улсад тэр дундаа Орхоны хөндийд очиж үзэхийг мөрөөддөг гэж хэлж байсан.
Далд хэлхээ холбоо буюу бие биеэ эрэлхийлдэг сэтгэл зүрх бидэнд мөнхөд бий гэдэгт итгэж байна. Тиймээс далд хэлхээ холбоо, эрэл хайгуулыг шинжлэх ухааны төвшинд үргэлжлүүлэх нь энэхүү чуулга уулзалтын бас нэгэн онцлог юм.
Энэ удаагийн Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах асуудал дээр төвлөрч байна.
НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээний асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай дэлхийн, манай нийгмийн тэн хагасын оролцоог буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, их яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн эргэлтэд учирч буй дэлхий дахины хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаараа шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна.
Ийм ч учраас өнөөдрийн бидний чуулга уулзалтад эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүний эрхийн талаар Монгол Улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаар, мөн Алтай судлалын олон улсын чиг хандлага гэсэн өргөн сэдвүүдээр ярилцах болно. Мөн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид, иргэний нийгэм болон дараа үеийн манлайлагчид болох оюутан залуусын төлөөллийг оролцуулж, олон талт хамтын ажиллагааг ханган зохион байгуулж байна.
Чуулга уулзалт маань олон хүний хүчин чармайлт дор зохион байгуулагдаж байна. Энэ ташрамд Номхон далай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг санаачилан манлайлж буй НҮБ-ын 8 дахь ерөнхийлөгч Бан Ги Мүн, Стэнфордын их сургууль, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн хамт олон, хүндэт зочиддоо гүн талархал илэрхийлье.
Мөн чуулга уулзалтыг дэмжин ажилласан Азийн хөгжлийн банк, Азийн сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Оюу Толгой ХХК-д талархал илэрхийлье.
Бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, бодлогын шийдэл гарц гаргалгааг дүгнэн ярьсан үр өгөөжтэй чуулга уулзалт болно гэдэгт итгэж байна.
Улаанбаатар хот
2023.06.13

Улс төр
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд боллоо.
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Улс төр
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж ярилцлаа.
“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох“ ажлын зорилго, ажлын үр дүнг танилцуулна уу?
Манай ажлын хэсэг Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд хамааралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зохистой тээвэрлэлт, хадгалалт зэрэгт анхаарал тавьж, шаардлагатай зохицуулалтыг хуульд тусгах үүрэгтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн хоёр дэмжих бүлэг хүнс, хүнс түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Тусдаа агентлаг байгуулахын давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна. Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд тусдаа бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартыг хангуулахад хэрхэн ажиллаж байна вэ?
Эм, эмийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулгын тухай хуульд эм, эмийн чанарыг бүрдүүлэх чухал заалтууд тусгагдсан. Эрүүл мэндийн яамнаас хуулийн дагуу 30 гаруй стандартыг гаргасан байх ёстой. Монгол Улсын хилээр орж ирж байгаа эмийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах зэрэг тээвэрлэлтийн стандарт дутагдалтай байна. Мөн лавлагаа шатлалын лабораториуд зах зээлд байгаа эмүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дугаар, эмийн найрлага дахь агууламж зэргийг нарийн шинжлэх шаардлагатай байна. Ийм түүврийн шинжилгээ хийхэд 1.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай атал дөнгөж 20 хувь буюу 220 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүний ард Эрүүл мэндийн яам эмийн өрсөлдөөн, чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэлгүй байна хэмээн хардахаас өөр аргагүй. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж, эрх зүйн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Улс төр
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан.
Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо