Нийгэм
Жорлон руугаа хийсэн дотуур өмд, бэлгэвч, живхний муудсан үнэр, үйлдвэрийн хог хаягдал Улаанбаатарчуудыг хордуулсаар байна
М.Даваадулам
Улаанбаатар хотоос орж ирж буй бохир усыг татан зайлуулж, стандартад нийцсэн саарал / дахин ашиглах стандарт бүхий ус/ усыг байгальд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж буй байгууллага бол та бидний сайн мэдэх Төв цэвэрлэх байгууламж юм. Энэ байгууллага сайн нэр дуулахаас илүүтэй улаанбаатарчуудыг муухай үнэр танараараа хордуулж байдаг газар хэмээн ад үзэгдсээр ирсэн. Салхи нь баруун хойноосоо тогтоцтой хонхор газарт аж төрдөг улаанбаатарчууд Төв цэвэрлэх байгууламжийн үнэрт дарлуулах нь бий. Харин одоо нөхцөл байдал өөр болсныг нүдээр үзсэн хүний хувьд хэлэх байна. Иргэдийн буруутай, хариуцлагагүй, ухамсаргүй тэнэг үйлдэл, дээр нь арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй химийн бодис бүхий хог хаягдал тэрхүү тэвчихийн аргагүй үнэрийг бий болгодог аж. Хүнсний үйлдвэрүүдийг ч энд хэлэх байна лээ. Тус байгууллагын түүх тун энгийн. Анх 1964 онд бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатарчуудын хэрэглэсэн бохир усыг хүлээн авч, механик болон биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэдэг болсон гэсэн үг. Түүнээс хойш ердөө гуравхан удаа үе шаттайгаар техник технологийн өргөтгөл, шинэчлэлт хийгдсэн гэхээр энэ чинээний ажиллаж байгаа нь их юм гэж бодогдохоор. Гэвч хот хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр ачаалал нэмэгдэж, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрэхийн зэрэгцээ бетонон барилга байгууламжууд нь он цагийн эрхээр элэгдэж муудан, техник технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарсаар байгааг Улаанбаатар хотын удирдлагууд мэддэг болов уу, ингэхэд.
Өдөр тутмын “ Монголын мэдээ” сонины сурвалжлах баг Ус сувгийн удирдах газарт хүсэлт гаргаснаар Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлах эрхтэй болсон хэрэг. Тусгай обьект гэдэг утгаараа шалгалт, шаардлага өндөртэй юм байна гэдэг нь үүднээсээ мэдрэгдэж байлаа. Дотогш нэвтэрсний дараа тус байгууламжийн ХАБЭА-ны инженер С.Батзориг хорт хийн баг өмсөх, тунгаагуурт унаж гэмтэх, живэхээс сэргийлэх, шатаар дээш, доош явахдаа хальтирахаас болгоомжлох гээд болзошгүй аюулаас яаж сэргийлэх талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгснөөр байгууламжтай танилцах ажил маань эхэлсэн. Хашаагаар ороход л нял хийсэн үнэр угтсан ч уужим амьсгал авч амсхийх сайхан орчин угтсан нь ногоон байгууламж. Төрөл бүрийн мод ургасан жижигхэн төгөлд болжмор жиргэж, шаазгай шагшраад сайхан байна лээ. Үнэр саармагжуулдаг зүйлийн нэг нь мод гэнэ. Тэр утгаараа энэ хамт хамгийн олон мод тарьсан ч байж мэднэ.
Хэрэглэгчид “Би л болж байвал, бусад нь хамаагүй” гэсэн сэтгэлээр ханддаг
М.Энхчимэг /Ээлжийн инженер/: Өдөр бүр шүүгдэж ирэх лагийг байгалийн аргаар хатаахын тулд их хэмжээний хуримтлал үүсгэн түүнийгээ ил, задгай талбайд хатаадаг байсан нь өнөө “алдарт” үнэрийн эх уурхай байж. Түүнд нь л улаанбаатарчууд “мансуурч,хорддог ” байсан юм билээ. Гэхдээ үүнд учир бий хэмээн ээлжийн инженер доорхи тайлбарыг хийнэ лээ. Төв цэвэрлэх байгууламж руу стандартын бус химийн хүнд элементтэй бохирдол нийлүүлэгддэг гэдгийг онцолсон. Мөн хүнсний болон ахуйн үйлдвэрүүд дор бүрнээ урьдчилан цэвэрлэх байгууламжгүйн улмаас Төв цэвэрлэх байгууламж руу бүхий л бохир нь шууд ирдэг байна. Энэ нь ачаалал дээр ачаалал болдог нь мэдээж. Төв цэвэрлэх байгууламжид айл өрх, аж ахуйн нэгж, эмнэлэг , сургууль, цэцэрлэг, зочид буудал, зоогийн газрын гээд өдөр бүр 170-200 мянган м3 бохир ус ирж ариутгагддаг бөгөөд дээр нь арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус зэргийг нэмэхээр ямар их ачаалал үүрдэг нь тодорхой. Тиймээс асуудалд хариуцлагагүй хандсаар ирсэн арьс шир, ноосны үйлдвэрүүдэд хариуцлага тооцох цаг болжээ. Хотоос гаргана гэж ярьсаар миний мэдэхийн 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа болов уу. Холбогдох дарга нарын эрх мэдэл нь хүрдэггүй юм бол гадна, дотны олон байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэгээхэн хэсгийг Төв цэвэрлэх байгууламж руу хандуулж үйлдвэрийн хог хаягдлыг нэг шугамаар, ахуйн бохирдлыг нь нөгөө шугамаар хүлээж авдаг технологид шилжүүлчихвэл улаанбаатар хот өмхий үнэрт үе үе живэхгүй байх бололцоо бүрдэх юм биш үү. Дээр нь монголчууд нүүдлийн хэв шинжит амьдралаасаа салаагүй XXI зуун даваад гуч шахам жил болох гэж байгаагийн нотолгоо нь жорлонгоо хогийн сав гэж эндүүрдэг сэтгэлгээ. Ямар ухаантайдаа л жорлон руугаа шалны алчуур, хүүхдийнхээ баастай живх, хаях болсон бандааш, хэрэглэсэн бэлгэвч цаашлаад усанд уусдаггүй нойлын цаас, ариун цэврийн хэрэглэл, нойтон салфетка, үс, хоолны үлдэгдэл, халбага, сэрээ, дутуу мөлжсөн яс зэргийг хээв нэг хийв гэж. Эрхэм уншигч танд арай ч дээ гэх сэтгэгдэл төрж байна уу. Харин бид энэ бүхнийг нүдээр үзэж, тэр бүх хаягдлын үнэр танарт нь муужирч унах дөхсөн. Тиймээс та бидэнтэй зэрэгцэн амьдарч буй тэнэгүүдийг урьдын адил соён гэгээрүүлж, ойлгохгүй нэгний халаастай ярих цаг нь хэдийнэ болжээ. Энэ ч тэгээд хол явахгүй, аргаа ядсан хүний л бодол байх даа. Түмэн олон минь, иргэд минь, дүү нар минь ойлгооч, ухаараач. Тэнд 24 цагийн турш хүн ажиллаж, та бидний хээв нэг жорлон, суултуур руугаа хийж орхисон хог хаягдлыг улаан гараараа тор болон шүүгч машинаас салгаж авахыг нүдээрээ харсан хүний хувьд хэлж байна. Асуудал хүндэрч тэг зогсолт хийж гэмээнэ цэвэрлэх дээрээ тулбал баасан дунд хөвөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг юм билээ шүү. Цэвэрлэх байгууламжийнхан хэдийгээр цэвэрлэх үүрэгтэй ч заавал тэднийг баасаар дүүрсэн цооног дотор хөвүүлж, үйлийг нь үзэж яах юм. Тийм биз дээ. Тэдний эрүүл мэндэд ямар хортой болохыг бодож нэг үзээрэй. Хэдэн төгрөгний цалинтай болоод ийм аймаар үнэр танартай зүйлтэй өдөр бүр нүүр тулдаг байна гэх бодол зурсхийж л байна лээ. Энэ бүхний гор ингээд дуусахгүй, ажлын ачаалал, ажлын цаг зарцуулалт, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, саатал гээд олон асуудал давхар үүсгэдэг байж таарна. Үнэндээ л иргэд “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн сэтгэлээр ханддаг. Нөгөөтэйгүүр, дээр дурдсанчлан хүн ам өсч, хот тэлэхийн хэрээр шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлага тулгарч, Засгийн газраас 2020 онд БНХАУ-ын Засгийн газрын 262.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шинэ барилгын ажлыг эхлүүлснийг та бид мэдэж буй. Нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн Шинэ төв цэвэрлэх байгууламж нь одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдахаар ажил нь аль хэдийнэ эхэлсэн төдийгүй ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна лээ. М.Энхчимэг инженер энэ бүх мэдээллийг өгч, эхний дамжлагаас, эцсийн дамжлага хүртлэх бүхий л технологи ажиллагааг нарийн тайлбарласан. Тэндээс бид хэрэглэгчийн ашигласан бохир ус нэлээд хэд хэдэн дамжлагыг дамжиж байж байгальд нийлүүлэгддэг юм байна гэдгийг мэдэж авсан. Байгальд ээлтэй технологийг энэ байгууллагад хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж буйг энд онцлох ёстой байх. М.Энхчимэг хэмээх эрхэлсэн ажилдаа эзэн болсон эл бүсгүй энэ л хонхорт 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм билээ.
А.Нямбилэг:Манайх ф1200мм шугамаар бохир хүлээж авдаг станц
/Сараалжийн машинч/
Энэ дамжлагын онцлог гэвэл хэрэглэгчийн ашигласан ахуйн бохир усыг хамгийн түрүүнд ф1200мм шугамаар хүлээж авдаг. Харин ф1400мм шугамаар үйлдвэрлэлийн бохир ус орж ирэх бөгөөд ирж байгаа бохир усны хог хаягдлыг сараалжаар шүүж, шүүгдсэн хог хаягдлыг шахаж машинд ачин талбайруу гаргадаг. Энд ажиллаж байгаа ээлжийн машинист хог хаягдлыг гараар цэвэрлэн контейнер руу зөөж, дараагийн байгууламж руу усаа шахах гээд станцын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Ерөнхийдөө эндээс 24 цагийн хугацаанд гурван контейнер хог гардаг байна. Мэдээж түүнийг ачиж зайлуулна. Энд шүүгдэж чадаагүй хог хаягдал дараагийн нарийн сараалж руу насос хоолойгоор дамжин очдог.
Сараалжин дээр гялгар уут, хүүхдийн живх гэх мэт том хог хаягдлууд үлддэг. Уусдаггүй нойлын цаас, мөн нойтон салфетка ихээр ирдэг. Эдгээр нь насосны ажлын дугуйнд ороод бөөгнөрөн хуримтлагдаж насос эвдлэх, ажлын дугуй эвдлэх цаашлаад насос зогсвол том асуудал үүснэ. Иимээс хэрэглэгчдээ хогоо зориулалтын хогийн саванд хийхийг уриалж байна.
Хотын захын насос станц
Д.Оюунчимэг: Хотын захын насос станцыг бид хариуцдаг
/Машинист/
Энэ нь төвийн бүсийн хэрэглэгчээс ирж буй бохир усыг хүлээн авч дамжуулан шахах ажиллагааг хангадаг байгууламж юм. Мөн л 1964 онд ашиглалтад оржээ. Цагт 1500-1600 м3 ус шахах, хүчин чадал бүхий бохирын зургаан насос, овор хэмжээ ихтэй бохирдлыг шүүх зориулалттай хоёр сараалжаар тоноглогдсон. Өнөөдрийн байдлаар хоёр насос бүрэн хэмжээгээрээ ажиллаж, үлдсэн нь бэлтгэл нөөцөд байгаа. Ер нь нэг насосын засвар арчлалт ойролцоогоор цаг орчим зарцуулдаг хэмээн ажлаа танилцуулсан.
Д.Гэндэн: Баруун сараалжийн станц гэдэг нь манайх
/ Машинист/
Бохир усан дахь том хог хаягдлыг шүүх зориулалт бүхий механик цэвэрлэгээний эхний дамжлага, станц нь эргэлдэх хөдөлгөөнтэй дөрвөн сараалжаар тоноглогдсон. Мөн л 1964 онд ашиглалтад орсон. Бохир усан дахь минералын гаралтай бохирдлыг тунгаан зайлуулах зориулалт бүхий хэвтээ дөрвөн коридортой элс баригч байх бөгөөд түүний өргөн 3.8 метр, урт нь 16.9 метр, гүн нь 1.87 метр урсгалын хурд 0.3 м/сек байдаг. Түрүү түрүүчийн сараалж, дамжлагаас шүүгдээгүй хог хаягдал тухайлбал, зайрмагны уут, төрөл бүхийн гялгар уут, хүүхдийн живх гээд юу байгааг та бүхэн харж байна. Тиймээс иргэд л ухамсартай байвал ачаалал, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, саатал гарах нь бага байна шүү дээ гэж ажлаа танилцуулангаа иргэдийн ухамсаргүй үйлдлийг дахин дахин хэлж байлаа.
Түүхий үлдэцийн насос станц, анхдагч тунгаагуур
Бохир усанд уусаагүй хольцыг механик аргаар зайлуулах, байгууламж юм. Тунгаагуур нь бохир усанд уусаагүй умбуур байдалтай хольцийг ялган тунгаана. Хүчин чадлын хувьд голч нь 40 метр, туналтын гүн 3.65 метр, ус нэвтрүүлэх чадвар 2750 м3 байдаг. Энэ станц лагийн гурван насос, тунгаагуурыг юүлэх нэг насос, сувгийн нэг насос гэсэн тоноглолоор тоноглогдсон, дөрвөн тунгаагууртай аж. Энэ нь эс баригчаас орж ирж байгаа бохир усыг хүлээн авах камертаа цуглуулж, жигд хуваарилж өгдөг. Тунгаагуурт суусан лагийг насосоор дараагийн байгууламж буюу лаг усгүйжүүлэх байгууламж руу хоногт 1200-1400 м3 бүхий лагийг насосоор шахаж өгөх үүрэгтэй станц юм. Аэротенкт биологи цэвэрлэгээ хийгдэж, ус нь хоёрдугаар тунгаагуурт орж эндээс идэвхтэй лагийг Аэротенкт эргүүлж аваад гарч байгаа ус халдваргүйжүүлэх байгууламжаар дамжин байгальд нийлүүлэгддэг байна.
Энд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг тэвчээрийн туйл л гэж хэлмээр санагдсанаа нуух юун. Үнэхээр л тэсч , тэвчиж ажиллахад их л хэцүү, түр ороод гарахад л хамаг хувцас биенд өнөөх алдарт үнэр шингэхээс гадна үе үе дотор муухай оргин хэцүү байдалд орж байсан юм. Гэтэл тэд “Ээлжийн амралтаа аваад амраад ирэхдээ “үнэр”-ээ санасан байдаг шүү” хэмээн хошигнож суусан. Тэдний ажлын байр, авч буй цалингаа голсон шинжгүй ажлаа хийсээр. Техник, технологи нь дэлхийтэй зэрэгцэж байгаа эсэх ч эргэлзээтэй. Гэвч тэд эх орноо гэсэн сэтгэлийн дуудлагаар л ажиллаж байгаа болов уу. Тиймээс хэрэглэгчид, иргэд минь “Суултуур хогийн сав биш” гэдгийг үргэлж санаж, ахуйн хог хаягдлаа зориулалтын саванд хаяж, нэн түрүүнд хотын соёлд суралцах хэрэгтэй байна. Та бидний амиа бодсон, ухамсаргүй байдлаас үүдэлтэй бохиртой чинь улаан гараараа зууралдах залуучуудынхаа ажилд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ