Connect with us

Нийгэм

Дөнгөтийн Цоодол: Миний охин тийм зүйл хийх хүн биш ээ. Би хэдэн хүүхдээ мэднэ

Нийтэлсэн

-

Эх сурвалж: Өдрийн сонин

“Дөнгөтийн Цоодол: Агуу их Түдэв, Явуу хоёр намайг Зохиолчдын хорооны алтан босгоор алхуулж байлаа”

Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Дөнгөтийн Цоодолтой ярилцсанаа хүргэе.

-Номын баяр дээр та гурван өдөр ханхайтал суусан. Цэвэлмаа эгч бас оччихсон сайхан харагдаж байна лээ. Яриагаа номын баяраас эхэлчихье?

-Би багын л аливаа баяр наадамд дургүй хүн. Харин Номын баяртай болсонд өвгөн зохиолчийн хувьд ёстой баярлаж байна. Сүхбаатарын талбайд тийм олон хүн номд дурлаж цуглахыг харах сайхан байлаа. Манай зохиолчид, өмнөө барьдаг хэд маань бүгд л очсон гэж дуулдсан. Би бол асраасаа цухуйгаагүй. Тангадын Галсан, Долгорын Цэнджав бид гурав халуун бөөрөө нийлүүлж суулаа. Манай асар гэж инээд хөөр цалгисан, баярламаар сайхан газар. “Та хэд чинь хөхрөлдөөд л байх юм, ном зарав уу” гэж хүмүүс асууж байсан. Цэнджав, Галсан хоёр бол хошин шог гэдгийг мэдэхийн нэг мэднэ. Би ч гэсэндээ дүмбийж сууж сураагүй. Дээрээс нь Хунхууз (шог зохиолч Заяатын Ядмаа) тэргүүтэй мэргэжлийн шооч нөхөд ирээд нийлэхээр юу болох билээ. Инээдмийн гэрэл цалгиад л явчих нь тэр. Бид ажлаа ч хийсэн, онигоогоо ч ярьсан. Хүмүүс ном асууж байна, ялангуяа хуучин бүтээлүүдийг маань их асууж сурах юм. Миний өнөө л “Хөеө”-г, “Хонины боол”-ыг, “Шар тэмээний нутаг”-ийг асууна. “Нулимс холоос харагдахгүй”-г бүр хэрэг болгож ирээд сураглаж байна. Дээрээс нь яруу найргийн бүтээлүүд, өнөө дуулиудыг чинь их асуух юм. Тэнд хуучны номын үзэсгэлэн гарчээ. Тэртээ жараад оны сүүлээр хэвлүүлсэн “Нутгийн зургаан өнгө” номыг минь хоёр ч хүн хуучин номын худалдаанаас авлаа гээд ирж гарын үсэг зуруулсан. Дарамын Батбаяр “Ном уншихаа байлаа гэдэг чинь худлаа. Энэ бол түр зуурын завсарлага. Их далайн татралт түлхэлт гэж байдаг, түүн шиг юм” гэж хэлж билээ. Яасан үнэн хэлсэн юм бэ.

-Та ингэхэд ямар номтой суув. Сүүлд гаргасан ГанзагалааБи хэн бэ гэх хошин янзын гоё ном, мөн Алтан тархит хүмүүний домог-оос аваад орчуулгын юм-нуудтайгаа суув уу?

-За даа, би ч хамгийн ядмаг нь л байлаа даа. Манай Цэнджав гэхэд зургаан ботьтой, хажуугаар нь шилдэг өгүүллэгийн ном нь ч байх шиг ланжгар амьтан сууж байна. Сүүлийн өдөр Цэнджавын утга зохиол судлалын гурван боть нь бас хэвлэлтээс гараад. Их сургууль гаргажээ. Аргагүй л аварга юм даа гэж бахархаж суулаа. Хоёр мянгаад оны эхээр алдарт Чеховы н шилдэг зохиолуудыг орчуулж “Хөөрхий дөө, хонгор минь” нэртэйгээр гаргасан шүү дээ. Хөххотод хэвлүүлснийг чи мэднэ. Ертөнцийн сонгодог энэ аварга зохиолчийн номыг жаахан онцгүй л гаргачихлаа гэсэн бодол надад үлдсэн. Тэгтэл Аж үйлдвэрийн гавьяат, хуучин “Ардын эрх”- ийн гал тогоонд хамт ажиллаж байсан, уурхайчин-сэтгүүлч, эрхэм дүү Дамжингийн Дамба маань “Цоодол ахынхаа нэг номыг би гаргаж өгнө” гэхэд нь би Чеховоо дахиж хэвлүүлж, хатуу хавтастай гарган санасандаа хүрлээ. Ингэж энэ жилийн номын баяраар би Чеховтойгоо суулаа. Манай Сүрэнжавын ах дүү нар, алдарт орчуулагч Самбуугийн Бадраа гуайн үр хүүхдүүд, “Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч…” хэмээн бичдэг буриад Цэдэнжав гуайн минь үр удам гээд олон хүн ирж уулзлаа. Сэтгэлийн сайхан хүмүүсийн уулзалт боллоо.

-“Нутгийн зургаан өнгө” гэж түрүүнд анхны номоо цухас дурслаа. Их Явуу өмнөтгөлийг нь бичиж, Таныг утга зохиолд зарлан тунхагласан сайхан бүтээл. Анхны номоо та их сүрхий угааж тэмдэглэснээ ярьдаг даа?

-Анхны ном бол Явуу багшийн надад итгэсэн итгэл, хайр юм. Төв аймгийн утга зохиолын дугуйлангийн Арьяажав гэж хүн хот явна гэхээр нь би хэдэн шүлгээ дугтуйд хийгээд Явуу багшид зурвас дайгаад явуулчихсан. “Би иймэрхүү юмнууд бичиж байна. Та нэг үзээд өгөхгүй юу” гэсэн юм бичээд явууллаа. Тэр чинь жаран есөн оны намар юм. Тэгсэн дорхноо хэл ирж, ном болгоё гэдэг юм. Явуу багшийн барааг анх харж, түүнд шүлгээ уншиж өгсөн нь бүр жаран зургаан онд юм. Төв аймагт Ардын их хурлын сонгууль болж байсан тэр өдөр Сүрэнжав Явуу багшийг дагуулаад манайд ирсэн. Тэр тухай би олон ярьсан. Юмны ерөөл тохиол гэж бий. Тэр өдөр би “Нутгийн зургаан өнгө” шүлгээ биччихээд сууж байсан. Шүлэг унш гэхээр нь шинээр бичсэн хоёр шүлгээ уншсан, тэгэхэд Явуу “Чи авьяастай хүү байна. Над дээр очоорой. Би “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга” гэж хэлж байсан.

Гэтэл гурван жил очилгүй шүлгээ бичиж хүлээж байгаад жаран есөн оны намар хүнээр шүлгээ дайж байгаа нь тэр. Харин жаран найман онд Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүдэд шүлгээ очиж уншсан. “Төв аймгийн эвлэлийн ажилтан Цоодолын шүлэг сайн байлаа” гэж “Утга зохиол” сонинд Далайн Найманжин бичиж мандуулж байлаа. Ингээд далан оны эхээр ном гарсан. Тухайн үед номоо гаргасан хүн сайн угаах ёстой гэсэн суртал ухуулга байсан. Тэр хуулиар угаалгүй яахав. Өмнө нь бараа зүсийг нь нэг удаа харсны хувьд танимхайрч Мишигийн Цэдэндоржтой хотоор баахан явлаа. Пүрэвдорж гуайнд, Явуу багшийнд гээд очлоо. Морь судлаач Адъяагийн Баярмагнайгийнд уулын аманд очиж байлаа. Гэтэл номын 2000 төгрөгөөс шальтай үрэгдсэн юм алга. Барын Цэдэв бид хоёр гэхэд нэг шил юм аваад ресторанд суухдаа түүнийгээ бараагүй юм даг. Тэгэхээр ууж сураагүй үе. 1000 гаруй төгрөгтэй баян хүн гэртээ иртэл Хулан төрөөд хоёр, гурван сар болчихсон, яруу найргийн анхны номын мөнгөөр охиноо угааж байлаа. Номын буян тийм сайхан.

-Тантай ярилцахын өмнө Хулангийн тухай юу ярих бэ. Надад мэдэж байгаа юм алга гэж та хэлсэн л дээ. Гэхдээ танаас асуулгүй өнгөрч яагаад ч болохгүй нь, уучлаарай. Ард түмэн Хулангаа үнэхээр хайрлаж байна. Хулангийнхаа цангинасан дуу хоолойг үгүйлж байна. Эх орны тухай шүлгүүдийг нь нийтийн сүлжээнд тавиад Ийм эх оронч найрагч эх орноосоо урвана гэж үү хэмээн бичицгээж байна?

-Албан ёсоор олон түмэнд мэдээлсэн шиг тийм зүйл миний охин хийх хүн биш ээ. Би хэдэн хүүхдээ мэднэ. Эдэндээ хурааж өвлүүлсэн өв хөрөнгө гэж надад байхгүй.

“Хоёрхон өнчин ишиггүй хоосон ядуу найрагч” гэж Казахын алдартай найрагчийн шүлгийг Мишигийн Цэдэндорж орчуулсан шиг би бол үр хүүхдэдээ өв хөрөнгө өвлүүлээгүй ч бусдаас дор орохооргүй боловсрол мэдлэгтэй болгож, эх орон эцэг дээдсээ хайрлахыг үлгэрлэж хүмүүжүүлсэн. Олон орны хэл устай болгосон. “Дэлхийн сонгодгуудыг би 23 дугаар сургуульд байхдаа л уншсан” гэж Хулан нэгэнтээ сонинд ярьсан байсан.

-Хулан найрагч хорих газраас ард түмэндээ хандсан ил захидалдаа Надад эх орноосоо урвасан зүйл байхгүй гэж бичсэн байсан. Х Богдын асуудал яригдаад байдаг. Гэвч өнөөдөр X Богд нэгэнт тодорчихсон, үндсэндээ нөхцөл байдал өөр болчихсон харагдаад байгаа?

-Мэдэхгүй зүйлийнхээ тухай юу ярих билээ. Би бол дээрээ төртэй, дэргэдээ уулстай даа хэмээн залбирч явдаг өвгөн найрагч. Тийм болохоор юмны учир зүй олдоно биз дээ. Миний охин шударга хүн, аливаад буруу санаж явахын учиргүй. Би тэгж өсгөөгүйгээ сайн мэдэж байна.

-Та ойрд Бүрэнгээ явав уу, Талынбулагтаа очив уу?

-Ойрдоо явж чадсангүй ээ. Ер нь энэ хавар хөгшин бид жаахан баргар байлаа. Ер нь хатуухан хавар болох шиг боллоо. Гэхдээ би Талынбулагийнхаа хаврыг их саналаа. Би чинь гадуур явах дургүй, гэр амьтай хүн. Гадагшаа явахаасаа Бүрэнгээдээ явах нь сайхан байдаг. Монголынхоо хөтөл дээр гараад нэг их урт амьсгал авах сайхан. Ертөнцийн хамгийн сайхан нь миний Талынбулагийн хавар.

Миний нутаг өвөл нь өнтэй болдогтоо ч тэр үү, хавар нь жигтэйхэн сайхан. Эрт ногоо иднэ. Тэгээд л айлууд сүү цагаа нь бялхаад таргаа бүрж эхэлнэ. Манайхан хаа сайгүй тараглаад сайхан байна гэж ярьдаг. Өдийд бол Баян уул, Баян гүн, Онгон хайрхан, Бүрэнгийн минь алаг уулсад гал зэрэглээ намираад, ногооны униар татчихсан мөн ч сайхан байгаа. Бурханаас надад заяасан нутаг минь. Булгуудынхаа хяртай гангар гунгар хийж яваарай гэж ажаа ижий минь захисан. Төхөмийн цагаан нууранд минь одоо ангир нургиж байгаа даа гэж бодохоор урин цагийн эхээр Талынбулагаа, Булгуудын хэцээ өвгөн би нулимстай санах юм. Бүрэнгээс минь гадна надад бүтээхийн их жаргалыг хайрласан орон дэлхий гэж бас байна аа. Би чинь сүүлийн найман жил Бэлхэд суулаа. Бэлхийн мянган уулс буян хишиг хайрлалаа. Миний гол хүсч хүлээж байдаг ажил бол өнөө л цаас эрээчих шүү дээ. Бэлхэд ингэж суухдаа дэлхийн сонгодгуудаас сорчилж орчуулсан “Дэргэд холын уулс” номоо мөн “Талынбулагийн вант улс”-аа миний бас гол бүтээлийн нэг “Ганзагалаа”-гаа бичлээ. Ер нь би хотын унаа униар, шуугиан шаагианаас холдож юм хийдэг хүн. Багануурт нэг жил суухдаа “Хөөрхий дөө, хонгор минь” буюу алдарт Чеховтойгоо учирсан, мөн “Хонины боол”-оо бичсэн. Багануур, Хэрлэн мөн надад их буянаа хайрлалаа. Гачууртад тэр жил суухдаа “Шар тэмээний нутаг”-аас аваад олон олон бүтээлээ бичсэн. Ертөнцийн сайхан уулсын дунд, энэ гэрэлт тэнгэрийн дор бүтээлээ л хийж суух шиг жаргал үгүй юм даа.

-Та Банхар Пүрэвсүрэнгээ, Долгорын Нямаагаа, Нямбуугийн Нямдоржийгоо гээд бүгдийг нь л сэтгэлээсээ салгадаггүй хүн?

-Яриа юу байхав. Эднийгээ бодох, эдэнтэйгээ хамт наргиж даргиж явснаа санахад сайхан байдаг. Манай Пүрэвсүрэн шиг монгол хүн олон олдохгүй дээ. “Хүрэн морь”-ны Лхамсүрэн гуайг Пүрэвдорж гуай “Цагаан цайлган сэтгэлийн амилсан дүр, сүүлчийн жинхэнэ монгол хүн” гэж хэлдэг байж билээ. Лхамсүрэн гуай, Пүрэвсүрэн хоёр нэг нутаг. Ер нь энэ Баацагаанаас чинь бурхан төрдөг юм уу гэж бодохоор тийм л хүмүүс төрсөн юм. Сүрэнжав, Бадарч, Нямаа энэ хэдээсээ Пүрэвсүрэн нэг ах гэдэг юм. 1938 онд төрсөн гэдэг. Би тэгэхээр нь Сүрэнжав, Бадарч, Нямаа гурвыг муу санаатай гэдэг. Дайны утаа намжихыг хүлээгээд эхийнхээ хэвлийд хэвтэж байсан гэж цаашлуулдаг юм. Манай Нямаа, Пүрэвсүрэн, Сүрэнжав, Бадарч ямар сайхан найрагчид, хамгийн гол нь ямар сайхан хүмүүс гэж бодно. Долгорын Нямаатай ийш тийшээ мөн ч их явжээ. Хасбаатар гуай, радиогийн “улаан” Халтар, манай Нямаа бид дөрөв гадагшаа хүртэл явж аяны дөрөө нийлж байлаа. Би 1967 оны улсын наадмын өмнө хот орж ирсэн даруйдаа радиогоор нэг орохгүй юу. Тэгтэл Долгорын Нямаа гэж жигтэйхэн гоё амьтан, дөнгөж Горький төгсөөд ирчихсэн гялалзаж явахтай нь таарлаа. “Сайн хүн санаагаараа гэгчээр манай өрөөгөөр ороод ир, чиний хэрэг байна” гэдэг юм. Тэр гоё хүнд хөдөөгийн нэг муу амьтан юуны хэрэг болсон юм бол гээд ороход “Залуу уран бүтээлчдийн төлөөлөл болгож чамайг радиогоор яриулна” гэлээ. “Би юугаа ярьдаг юм бэ” гэхэд иймэрхүү ярь гэж санаа оноо хэлээд шүлгийг минь уншуулж байсан. Тэгж Нямаа намайг 1967 оны наадмаар радиогоор од болгож билээ. Залуу үеийн төлөөлөл болж радиогоор шүлгээ уншсан хүн хөдөөдөө очиход ямар байхав.

Анхны ном дөнгөж гарсны дараахан төрийн шагналт судлаач Д.Цэнд гуай “Цоодолын анхны ном Монголын уран зохиолын ирээдүйг баярлуулж байна” гээд том үгээр биччихсэн. Юм үзээгүй амьтан чинь бүр хөөрөөд явчихсан. Тэр цагт л Зохиолчдын хороогоор ороход Нямбуугийн Нямдоржтойгоо уулзаж байсан. Ахмадууд нь залуучуудынхаа юмыг их уншдаг үе байж дээ. Хүрээгээр, хороогоор дүүрэн сонгодгууд нь эгнэж байхад миний муу хэдэн шүлгийг л уншчихаад Нямдорж хүлээж суусан сан. Нямдорж бол дунд сургуулийн сурагч байхаасаа алдаршсан том найрагч.

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг зүрхний их хулгайч юм

Олон эрсийн тулалдах сэтгэлийн тулалдааны талбар юм

Энгүй сайхан түүнд зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход ерөн ес нь шархалж үлддэг юм” гэж есдүгээр ангийн сурагч бичиж байсан гээд бодохгүй юу.

“Цалгих долгио таслаагүй өргөн Ононы урсгал

Цагийн саалтад замхраагүй өнө холын дуртгал

Хашин харын хатирсан хаа эртний харгуй

Хаврын эхээр дэлгэрсэн хавтай цэнхэр яргуй” гээд Ононгоо бичиж байлаа. Нямдоржийн минь олон шүлэг цээжинд минь явдаг юм. Сая би Үндэсний телевизэд Догмидынхоо тухай ярилаа.

-Догмид ах та хоёр нас ойролцоо байх шүү?

-Бид хоёр чацуу юм. 1969 оны төвийн бүсийн залуу зохиолчдын зөвлөгөөн гэж болоход Эрдэнэ баавай, Лувсанцэрэн хоёрт Догмид өгүүллээ уншиж, би Пүрэвдорж гуайд шүлгээ уншиж шүүлгэж явсан хоёр. Өнөөдөр хоёулаа энх тунх бүтээлээ туурвиж байна, бурханд баярлахаас өөр замгүй. Догмид анх “Цэнхэрлэн харагдана” номоо бичиж байсан. Тэр уянгалаг аясаараа цаг үргэлжид уянгалаад байсангүй. Айхтар хатуу ширүүн үйл явдал, өнгөрсөн цаг түүхийн тухай адармаатай бичиж байна. Арга байхгүй мөлжүүр ихтэй том зохиолч гэдэг нь шинэ бүтээл бүрээс нь харагддаг. Хүний яс мөсийн тухай “Саран дээрх сүүдэр”, “Үхэх хүнд хань хэрэггүй” гээд Догмидынхоо зохиолуудыг уншсаны дараа гадны ямар кино, ямар роман зохиолд ийм үйл явдал байгаа юм бэ гэж бахдах үе гардаг. Энэ мэт нөхдөө л бодож явах юм. Сая Номын баяраар хэдэн сайхан номтой боллоо. Манай Бадарч “Юм юмнаасаа” гэж ном гаргасан. Түүнийгээ үргэлжлүүлээд “Эрээвэр хураавар” гээд шүлэг, найраглал, хөрөг нийтлэл, дурсамж дуртгалын сайхан бүтээл гаргажээ. Бадарчийгаа уншихад сэтгэл цэлмэдэг. Манай Санжаажавын Оюун сайхан зохиолууд бичиж байна. Сүүлд Цогт хун тайжийн тухай даацтай роман бичжээ, баярлахаас өөр яахав. Бямбажавын Хүрэлбаатар “Хүлгийн зоонд одод гялалзана” яруу найргийн шилмэл ботио, мөн Удвал гуайгаасаа аваад зохиолч нөхдөө бүгдийг нь хөрөглөн бичсэн дурсамжийн сайхан боть гаргасан байна. Хүрлээгээ уншаад хэд хоног жаргалаа. За тэгээд Доржзовдын Энхболд, Бум-Эрдэнэ, Наминчимэд гээд сүүлд үймээн шуугиан тарьж байгаа дүү нарынхаа бүтээлийг хүртлээ. Бид биенээ уншиж байж л амьд байх юм шүү дээ. Нэгнийгээ уншихгүй байж огт болохгүй. Мөн яваад өгсөн бурхдаа мартахгүй байх юмсан гэж бодох юм. Ухаандаа, бид агуу их Түдэв гуайгаа дурсаж, шинээр нээж, тэр аварга ертөнцийн тухай яриа зогсолтгүй л үргэлжилж байх учиртай гэж бодох юм. Түдэв гэдэг чинь дахин давтагдашгүй хүн байлаа. Миний Түдэв гуайд зориулсан шүлгийг хүмүүс их ярьдаг. Түдэв гуай маань хариу шүлэг бичиж намайг баярлуулсан. Тэр хүний ач буяныг би боддог. Намайг бага залууд Горькийн сургуульд явуулах гэж тэр их хүн хэлж байсан. Даанч том охин минь бага, дараагийн охин болох Хулан гэдсэнд байсан үе учир би нялх биетэй гэргийгээ, балчир охиноо орхиод явж чадаагүй. Сүүлд нь дээд курсийг нь төгссөн. 1974 онд байна уу даа, залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн болох гээд. Тэр үеэр хэдэн хүнийг Зохиолчдын эвлэлд элсүүлэх яриа болжээ. Тэр дунд Төв аймгийн Цоодолыг элсүүлье гэдэг яриа гараад, тэр хүн чинь даалтаа өгөөгүй юм байна, өөрөө ч байхгүй юм байна гэхэд Түдэв гуай “Өө, тэр өгөр өдийд Бүрэнгийн таанын айрганд толгойгоороо ойчсон байх аа, батлан даалтыг нь би ч даачихсан болно” гэж хэлсэн гэдэг. Тэгэхэд нь Явуу багш “Би Цоодолыг бас батлан дааж байна” гээд агуу их Түдэв, Явуу хоёр намайг батлан дааж Зохиолчдын хорооны алтан босгоор алхуулж байсан юм шүү. Энэ л бурхдын ачаар явсаар байгаад өнөөг хүрлээ, хөөрхий минь.

-Саяхан л анхны ном гарч баярлаж байсан. Гэтэл би чинь 80 насны даваа руу ирж байна гэж түрүүнд яриан дундаа та хэлнэ билээ. Нээрээ 80-ын даваа руу дөтөлж явна даа?

-Тэр жил юм даа. Манай Базарын Цэдэндамбаа толгойгоо ганзагалчихсан гунигтай алхаж явах юм. За Дамбаа минь шүлэг бодож явна гэж асуутал, юуны чинь шүлэг бодох, үхлээ бодож явна гэж хэлээд “Дөнгөж өчигдөрхөн Сэнгийн Эрдэнэ бид хоёр, нэг нэг шуудайтай юм үүрээд, энэ Баянзүрх хайрхны хөтлөөр давж ирж байлаа. Гэтэл өнөөдөр би 70 хүрч байна. Энэ амьдрал гэдэг чинь ердөө төө хэрийн зүйл юм” гэж хэлж билээ. Нээрээ л Дамбаагийн хэлснээр би 80 гэдэг уулын бэлд нь ирчихсэн байна. Тэр жил Цэвэгжавын Хасбаатар гуай, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог бид гурав Ар Жанчивланд нэг амарсан юм. Тэнд би “Өтлөхийн цагтаа Цоодол минь” гээд шүлэг бичсэн сэн. Энэ шүлгээрээ ярилцлагаа өндөрлөе.

Буман холын газар жин тээж хүргэчихээд

Буцаж яваа жинчин минь Цоодол минь

Бууралтах он жилүүд чинь цагтаа тосоод ирлээ

Бузгай өвгөн шиг өвгөн болж үз ээ Цоодол минь

Суусан газраа бат нутгийнхаа өвгөд шиг заларч

Суварга, эрдэнийн сүм шиг ханхайж байхын оронд

Сул үг, хараал урсгаж, босон харайж

Сургаж багачуулд үлгэрлэх байтугай, үнээн алдаж

Сахал нь энгэрээдээ хүрхрээ адил цайрах

Сануулсан үг нь нялхсаа рашаан мэт тэтгэх,

Салхин бодол, саваагүй явдлаа гээх

Сайхан нас чинь ирчихээд байхад

Салбадай хэвээрээ явав даа, хичээж үз, Цоодол минь

Тэнд энд зарим авгай

Тэвэрсэн хүүхдээрээ гул барьж, урдуур зүтгэх шиг

Өвгөн насаараа түрий барьж олны өмнүүр

Өөхөнд аягаа, одонд энгэрээ тосуузай!

Урагшгүй муудаа болоод өөдлөөгүй өөрийгөө

Ургаж яваад дарагдсан суутан гэж тодрох

Урамтай залуудаа хүрээгүй алдрын өндөр өөд

Улдаж мойсон хөлөөрөө аргаа баран мацах,

Урхаг өвчнөөс сэргийлж яваарай, Цоодол минь

Бусдын мэргэн үгэнд эзэн суун гайхуулж

Буянтан, ухаантны дүрд оройтон тоглож

Буруу санаагүйд нь өрөвдүүлж, нөгөөд нь адлуулж

Булай болов доо санаж яв, Цоодол минь

Өмсөж явсан хувцсаараа өрнө үү, дорно уу мэдэгдэхгүй

Өгүүлж хэлэх үгээрээ өвгөн үү, хүүхэд үү ялгарахгүй

Өнгөт замиланг таньсан Монгол ухаан ханхлуулж

Өвөлжөөний арын уул шиг түшиг нүнжиг болохгүй

Өвгөний оронцог, улаан дээлийн гол явбал

Өндөр нас, өвгөн нэрний чинь гарз болно оо, Цоодол минь

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.

Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.

УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.

УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.

Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож,  ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр  илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.

Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам,  дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.

Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.

Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.

Аяны хугацаанд  124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг  алдалгүй гаргалаа.

Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.

Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.

Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:

Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.

“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.

Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.

“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 минут өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм16 минут өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр26 минут өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Энтертайнмент1 цаг өмнө

Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ

Нийгэм1 цаг өмнө

ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Улс төр1 цаг өмнө

Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Энтертайнмент1 цаг өмнө

Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

Улс төр2 цаг өмнө

Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм2 цаг өмнө

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Дэлхий дахинд2 цаг өмнө

Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Улс төр2 цаг өмнө

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

Хомын талд тахь унагалжээ

Нийгэм4 цаг өмнө

Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм4 цаг өмнө

Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина

Нийгэм4 цаг өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ

Нийгэм5 цаг өмнө

Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр1 өдөр өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм1 өдөр өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг1 өдөр өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм1 өдөр өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр1 өдөр өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим