Нийгэм
Ирсэн зорилгоо илэрхийлж чадахгүй байгаа нь БНСУ-д нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоог бууруулах, тус улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор тус улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой аян, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн дийлэнх нь Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин хил нэвтэрсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нисэх онгоцны буудал дахь ГИХГ-аас хяналтаа чангатгаж, хилийн шалган нэвтрүүлэх газрын шалгалтын үйл ажиллагааг өндөржүүлэн ажиллаж байна.
Шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан аяллын зорилго нь тодорхой бус, мөн аяллын визээр өмнө нь орж ирээд визийн хугацаандаа гарсан ч 60-90 хоногийн хугацаанд тус улсад дахин орж ирэх үед нь ажил хийсэн эсэхийг шалгах зорилгоор гадаадын иргэдийг мэдүүлэг авах өрөөнд оруулж, нарийвчилсан байдлаар аяллын зорилгыг тогтоох ажлуудыг хийж байна.
БНСУ-д зорчиж буй гадаадын иргэн нь шалган нэвтрүүлэх албаны байцаагчийн асууж буй асуулт, ярилцлагад орохдоо аяллын зорилгоо тодорхой мэдэж байх ёстой бөгөөд буцах онгоцны тасалбар, байрлах газрын талаарх бүрэн мэдээлэлтэй байх /өөрийн улсад тодорхой ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолтоо үзүүлэх нь чухал/ зэрэг материалыг үзүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд шалган нэвтрүүлэх газрын ажилтнууд хил нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа аж.
Харин ирсэн зорилгоо илэрхийлж чадахгүй, аяллаа төлөвлөөгүй, очих газар, зочид буудлын хаягаа мэдэхгүй байх, буцах онгоцны тасалбараа сунгаж, 80 хоногийн дараа БНСУ-аас гарсан, энэ хугацаанд хаана, ямар аялал хийснээ тайлбарлаж чадахгүй байх зэрэг нь шалган нэвтрүүлэх газрын ажилтанд итгэл үнэмшил төрүүлэхгүй бөгөөд БНСУ-д нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болж байна.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээгээр 2023 оны 8 дугаар сарын байдлаар Монгол Улсын 53,070 иргэн БНСУ-д оршин сууж байгаагаас 18,953 иргэн хууль бусаар оршин сууж байна. Зөвхөн энэ оны 8 дугаар сарын байдлаар Монгол Улсын 309 иргэн визийн хугацаа хэтрүүлж хууль бусаар оршин сууж байгаа тоон үзүүлэлт гарсан байна.
Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна. Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно гэж Конуслын газраас мэдээллээ.

Нийгэм
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.
Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.
УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам, дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Нийгэм
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо