Нийгэм
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ ирсэн саналуудаас нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр баталгаатай эсэхийг харгалзан үзжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулгын үеэр нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна гэдгийг онцолсон юм.
Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
Хуралдаанаар мөн нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулсныг хэлэлцэв. Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаа аж. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа гэсэн юм. Мөн ус хангамж, ариутгах татуурга, үерийн далан суваг, хөрсний ус, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээний бэлэн байдлыг есөн дүүргийн хэмжээнд хангаж ажиллаж байгааг танилцуулав. Мөн улс нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээнүүд бий юм. Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллуудыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэх шаардлагатай. Энэ ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд ойролцоогоор 6 тэрбум төгрөгийг санхүүжилт хэрэгтэй юм. Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, Толгойт, Баянхошуу зэрэг хорооллыг усаар хангадаг шугамыг батлагдсан зураг төслийн дагуу нэг ухалтаар шинэчлэх ажлын 86 сая төгрөгийг ирэх оны төсөвт тусгуулах хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 800 цахилгаан шатны ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Үүнээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглах боломжгүй 132 цахилгаан шатыг шинэчлэн солих, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай эрчим хүчээр хангах зэрэг төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага бий болоод байна.
Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна
Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжинд ашиглагдсаар ирсэн юм. Дэлхийн дулаарал, уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт ихэсч, хотжилт нэмэгдэж байгаа энэ үед Бумбатын булгийг унаган төрхөөр нь хамгаалж, иргэдийг хэрэглээний болон ундны усаар хангах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалж үлдэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Усны нөөцийг хамгаалснаар ус бүрэлдэн тогтох, цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, байгалийн аясаар нөхөн сэргэх бүхий л боломж хангагдах юм. Мөн орон нутгийн хамгаалалтай газрын хамгаалалтын горимд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна