Нийгэм
Яармагийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбоотойгоор богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмжээ
Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг.
Хүннү их дэлгүүрийн автобусны буудалд өглөө 07:20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм.
Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.
–Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлснөөр автобусны дундаж хурд, зорчилт хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Улаанбаатар хотын нийтийн тээвэр өдөрт дунджаар 520 мянга орчим зорчигч тээвэрлэдэг. Үүний 10 хувь буюу 50 мянга гаруйг Яармагийн зам дахь зорчигчид эзэлдэг байсан. Харин уг замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлснөөр энэ тоо 2800 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн автобусны дундаж хурд 12-14 км/цаг байсан бол 16-18 км/цаг болон нэмэгдэж, өдрийн буюу ачаалал багатай цагаар 20-21 км/цагт хүрч, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж автобус хоорондын ирэх хугацаа 2-8 минут байна.
-Үүнтэй холбоотойгоор автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юу?
-Нийтийн тээврээр зорчих хүний тоо нэмэгдэж буй тул шинэ чиглэл гаргаж, зарим чиглэлд автобусыг нэмсэн. Тухайлбал, Ч:56 “Архивын ерөнхий газар-120 мянгат” чиглэлд таван автобус нэмж, нийт 13 автобус үйлчилгээнд явж байгаа. Мөн шинээр Ч:77 “Нисэх-120 мянгат” чиглэлийн богино эргэлтийг нэмж, 10 автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Цаашид дахин өөр богино эргэлтийн чиглэлүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа.
-Тус зохицуулалтыг хийх хэрэгцээ, шалтгаан нь юу байсан бэ?
-Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөөгүй үед нийтийн тээврийн хурд удаан, автобусны буудал дээрх иргэдийн хүлээгдлийн хугацаа урт байсан. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр хүлээгдлийн хугацаа багасаж, ачаалал, зорчилт хөдөлгөөн ихтэй үеэр автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болж байна.
-Бусад чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
-Зөвхөн Яармагийн зам гэлтгүй бусад зам дахь нийтийн тээвэр, автомашинаар зорчих хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалал ихтэй байдаг. Тиймээс нийслэлийн гол хөндлөн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд шинэ үйлчилгээг гуравдугаар сард хоёр удаа туршиж, энэ сарын 8-нд нэвтрүүлсэн. Тус чиглэлийн автобусны 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобус өглөөний 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гарч байгаа. Ингэснээр нэг автобусанд суух хүний тоо нэмэгдэж, хүн багтахгүй үлдэх тохиолдол нь багасаж буй юм. Уг үйлчилгээг Яармагийн зам дахь чиглэлүүддээ ч мөн нэвтрүүлэхээр судалж байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр53 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр54 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм50 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна