Нийгэм
Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” хэмээсэн бол
Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү “Шугамд хуванцраар доторлогоо хийх юм уу, эсвэл шинээр солих шаардлагатай” гэв.
Хотын дарга шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстойг хэлж байлаа. Мөн хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай машин механизмын худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.
Баянзүрх дүүргийн XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талын шатсан “East” төвийн барилгын газарт тохижилт, ногоон байгууламж байгуулах ажлын талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:
-2022 оны дөрөвдүгээр сард барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталсан. Гурван блок барилгын загварыг тус оны есдүгээр сард хоёр блок барилга болгосон юм. Ингэснээр эдэлбэр газрын 36 хувьд барилга, 64 хувьд ногоон байгууламж, зам, талбай байхаар баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй. Барилгын компанитай холбогдоход “Хөрөнгө оруулалттай холбоотой ажил саатсан, бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ гэсэн” хэмээв.
Хотын дарга хугацаатай үүрэг даалгавар өгч, ногоон байгууламж байгуулахад анхаарах хэрэгтэйг онцоллоо.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.