Нийгэм
“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн есдүгээр сарын 28-нд эхэлнэ
НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. 48 дахь жилдээ болох гэж буй тус үзэсгэлэн яармагийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга:
-Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улсаас долоо, ОХУ-аас 20 гаруй, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Мөн дотоодын томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Онцлох аж ахуйн нэгжээс дурдвал, Беларус Улсын Минск хотын сүүний шилдэг үйлдвэр, ОХУ-ын хүнсний шилдэг үйлдвэр Окинск зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирэх юм. Мөн аравдугаар сарын 2-ны өдөр МҮХАҮТ-д Беларус- Монголын бизнес уулзалтыг зохион байгуулна.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын Эдийн засаг, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Б.Баясгалан:
-Манай байгууллага төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн бизнес инновацыг дэмжих төсөл хөтөлбөр, олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд нийслэлийн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи – 2022”, “Улаанбаатар түншлэл” зэрэг арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг. Мөн өнгөрсөн жилийн “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнгийн үеэр нийт 1134 бизнес уулзалт болсноос 305 нь хөрөнгө оруулалтын гэрээ хийн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Тус үзэсгэлэн яармагийн үеэр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна ижил төрлийн бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс харилцан туршлага судлах, бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаа тэлэх боломжтой. Мөн бидний үйл ажиллагаа, үйлдвэрлэл хөгжлийн ямар шатандаа явж байгаа, олон улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бизнестээ ямар инновацыг шингээж буй талаар сайн туршлага судлах боломж бий хэмээсэн юм.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирж буй 60 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд нь
- Хөдөө аж ахуй: Био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус
- Барилга: Барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
- Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн үйлдвэрлэл, зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа (маалинга, рапс)-ны бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр
- Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
- Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, байгаль нуурын давирхай гэх мэт бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.