Нийгэм
Хөвсгөлийн үйлдвэрлэгчид жимсний чанамал, жүүснийхээ сахрыг бууруулжээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, аймгуудын хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуйн нэгж 3000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Тэдний нэг Хөвсгөл аймаг байгалийн жимс, жимсэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай цай, ханд, бэлдмэл зэрэг байгалийн онцлогоо илтгэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Мөн нутгийн ахуйн онцлогоо дагаад цаа бугын эврэн болон арьсан эдлэл, хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүнүүдээ авчирчээ. Тэд органик бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ танилцуулж байгаагаа ярилаа.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн “Шинэ амттан” компанийн хүнсний технологич Ц.Оюунсайхан “Жимсний үйлдвэрлэлээр дагнаад 20 гаруй жил болж байна. Байгалийн зэрлэг жимс аньс, нэрс, үхрийн нүд, гишүүгэний чанамал, чацаргана, гишүүгэний цэвэр жүүс үйлдвэрлэдэг. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн мөн болохыг нотолж “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээг мэргэжлийн байгууллага олгосон. Хэрэглэгчдийн эрүүл мэндэд тустай байх үүднээс бид бүээгдэхүүнийхээ сахрын агууламжийг тогтоосон стандарт хэмжээнээс багасаж үйлдвэрлэж эхэлсэн. Намар манай ажилтнууд өөрсдөө жимсээ түүнэ, мөн гар дээрээс худалдаж авдаг. Тогтмол шинжилгээнд хамруулж, цэвэр байгалийнхаар нь хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж байна. Жилдээ 150 сая төгрөгийн бүтээгдэхүүн эргэлтэд оруулдаг. Одоо өөрсдөө жимс ургамлаа тарьж ургуулдаг, нөхөн сэргээдэг боох чиглэлд анхаарч, технологиудыг судлаж байна” гэлээ.
Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Л.Эрхэмбаяр “Манай аймгаас 30 гаруй аж ахуйн нэгж, хувиараа аж ахуй эрхлэгчид “Намрын ногоон өдрүүд 2023” өдөрлөгт оролцож байна. Манай аймаг тариалан эрхлэгч 70 гаруй аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо тариалагч 500–аад иргэнтэй. Үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь, төмсөө 70 хувь, хүнсний ногоогоо 40 хувь хангаж байна. Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид органик түүхий эд, бүтээгдэхүүн гаргахыг зорьж, бүхий л шатанд анхаарч ажиллаж байна. Энэ 2023 оныг Хөвсгөл аймаг “Органик Хөвсгөл” жил болгон зарлаж энэ хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж байна” гэлээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.