Нийгэм
Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа
Японы Токио хотын Хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тархи, нугасны мэс засал, мэдрэлийн дурангийн болон функциональ мэс засал, мэс заслын үеийн мэдрэлийн физиологийн шинжилгээгээр мэргэшсэн хүүхдийн мэдрэлийн мэс заслын зочин профессорын баг Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 18-23-нд ажиллалаа.
Эрүүл мэндийн сайдаас 2023 онд тусгайлан үүрэг болгосон арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн тархины саагийн шалтгаант булчин чангарлын үеийн нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах ризотоми мэс заслын эмчилгээг өөрийн эх оронд бүрэн нутагшуулах зорилгоор Япон улсын Токио хотын Хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд ирсэн эмч нарын баг мэс засал эмчилгээний тактик сонгох үүднээс тархины саа, саажилт, хөдөлгөөний эмгэгтэй нийт 50 хүүхдэд хамтарсан багаар нарийвчилсан үзлэг оношилгоо хийн, зөвлөгөө өгч, үүнээс яаралтай мэс засал эмчилгээ шаардлагатай зургаан хүүхдэд булчингийн чангарлыг тавиулж, хөдөлгөөний алдагдлыг засах нурууны мэдрэлийн арын ёзоор таслах ризотоми мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийлээ.
Мэс засал эмчилгээнд орсон хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой сайжирч, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эрчимтэй сэргээн засах эмчилгээний зорилгоор мэс заслын дараах долоо дахь хоногоос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн сэргээн засах эмчилгээнд шилжиж, үргэлжлүүлэн холбогдох эмч нарын хяналтад эмчлүүлэх юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.