Нийгэм
ЭМЯ: Манай улс цөмийн анагаах ухааны чадавхийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган энэ сарын 25-29-нд Австрийн Вена хотноо болж байна.
Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (КИРАМС) Ерөнхийлөгч Жин Кюнг Ли, ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Хуа Лиу нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурахад ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаель Гросси, БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн сайд Ли Жон Хо, Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав нар байлцлаа.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий дахинаа хавдрын оношлогоо, эмчилгээг сайжруулах зорилготой ОУАЭА нь “Итгэл найдварын туяа” санаачилгыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Манай улс хавдрын менежментийг сайжруулах чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх хоёр дахь орноор тодорч, энэ чиглэлээр өнгөрсөн наймдугаар сард ОУАЭА болон БНСУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон.
Дээрх төсөл 2024-2027 онд хэрэгжсэнээр УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчин бэлтгэн манай улсын хавдрын оношлогоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих ач холбогдолтой юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.