Нийгэм
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэлсэн юм.
Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирсэн бөгөөд бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болон урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан эрэмбэлж, төсөлд тусгажээ. Төслийг үр дүнд суурилсан буюу тодорхой байх, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн төлөвлөлтийн үндсэн шаардлагыг баримталж, цогц байдлаар боловсруулсан байна.
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг Хотын хөгжлийн индекстэй уялдуулан хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн үндсэн зургаан бүлэгтэй байхаар боловсруулсан. Энэ хүрээнд нийт 143 үр дүн бүхий 418 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн “Эрүүл мэндийг дэмжих” төв шинээр байгуулан, хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг нэмж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улирлын хэлбэлзлийг бууруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 91 үйлчилгээг шилжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэх, авто замын сүлжээг нэмэгдүүлэх ажлуудыг төлөвлөгөөнд тусгасан байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлж байгаа олон ажил бий. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлуулсан. Үүний цаана нийслэлчүүдийн эрх ашиг бий. Тус хуулиар нийслэл бонд гаргах эрхтэй болсон нь одоо ажил хэрэг болоод явж байна. Мөн өмнө нь жилд зөвшөөрөлгүй 100 хүрэхгүй гарааш буулгадаг байсан бол одоо 7000 гаруй гарааш буулган, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа. Хашаа, хайс буулгах ажил мөн үргэлжилж буй. Энэ хэрээр хотын өнгө үзэмж сайжирч байна. Түүнчлэн Хотын стандартыг баталж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Яармаг, Зайсангийн гүүр зэрэг бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд хийж, эхнээсээ ашиглалтад орж байна.
Улаанбаатар хотоос төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгууллаа. Эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн бие даасан байдлыг УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотын санхүүгийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд, мөн тулгамдсан олон асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барих гэж байна” хэмээлээ. Тэрбээр мөн НИТХ дээр улс төржмөөргүй байна гэдгийг тодотгосон.
Төлөөлөгчдөөс 42 санал гарч, НИТХ дахь ажлын хороо, намын бүлгүүдээс гарсан саналуудыг тусгаж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг батлав.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.