Нийгэм
Б.Бат-Өлзий: Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 86.9 хувьтай байна
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзийтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар баруун аймгуудын авто зам, автотээвэр, нисэх буудлуудад ажилласан. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдал юу байв?
-Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд дэвшүүлсэн бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил зорилтын хэрэгжилтийн явцтай танилцах, энэ онд хийх төлөвлөгөөт ажлын хүрээнд баруун чиглэлийн авто зам дагуу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд миний бие ажлын хэсэг ахлан ажилласан.
Хяналт, шалгалтаар дээр дурдсан аймгуудын авто зам, автотээвэр, иргэний нисэхийн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдсан. Үйл ажиллагааны чиглэлээр нь тодотговол, авто тээврийн чиглэлээр хяналт шалгалтад 29 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад нийт 501 зөрчил, дутагдал илэрсэн.
Тухайлбал, зорчигч тээврийн 3, сургуулийн хүүхэд тээврийн 1, ачаа тээврийн 1, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 3 зөрчил илэрч нийт найман акт үйлдсэн. Зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд түр үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Мөн 27 албан шаардлагаар хугацаатай үүрэг, даалгавар өгч, 7 аж ахуй нэгж, байгууллагад нийт 5.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байгаа.
Авто замын чиглэлээр зам хариуцагч 9 байгууллага хяналт шалгалтад хамрагдлаа. Шалгалтын явцад ажиглагдсан, илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гэвэл хийж буй ажлаа бодьтой тооцож төлөвлөдөггүй, хөтлөгдвөл зохих баримт бичгийн бүрдэл хангалтгүй, өөрөөр хэлбэл мөрдөгдөж явах стандарт, норм, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, алдаг оног байсан. Энэ нь үйл ажиллагаанд төдийгүй ажлын чанар байдалд нь шууд нөлөөлөх эрсдэлтэй. Бид шалгалтаар зөрчил дутагдал илрүүлэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх чиглэлд түлхүү анхаарч ажиллалаа.
-Манай улс 21 аймагтаа АЗЗА буюу авто замын засвар арчлалт хариуцсан компанитай. Иргэдийн зүгээс бид авто замын хураамжаа төлөөд байхад орон нутгийн зам нь эвдрэлтэй хэмээн шүүмжилдэг. Зам хариуцагч компаниудад ямар албан шаардлага өгсөн бэ?
-Авто замын хувьд насжилтаас нь хамааран урсгал болон ээлжит засвар, их засварыг тогтоосон хугацаанд нь хийж, замын бэлэн байдлыг хангуулах ёстой бөгөөд энэ ажлыг өдөр тутамдаа хариуцдаг субьект нь таны асуултдаа дурьдсан АЗЗА буюу авто замын засвар арчлалтын компани юм. Улсын чанартай, насжилтын тогтоосон хугацаанд засвар арчлалт хийгээгүй, өөрөөр хэлбэл ээлжит болон их засвар хийгдэх хугацаа хэтэрсэн авто замуудад төсвийн хөрөнгө оруулалтын хүрэлцээ муу байдаг.
Ингээд их засвар биш урсгал засвар хийгдэж байгаа богино хугацаанд эвдрэх, нэмэгдэж эвдрэл үүсэх зэргээр замын бэлэн байдал болон засварын ажлын хөрөнгө оруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж байна.
Үүний зэрэгцээ зам хариуцагч байгууллагуудын хувьд хариуцсан авто замд нь тухайн жилийн засварын ажлын төсөвт өртөгт туссан тоо хэмжээнээс илүү эвдрэл үүссэн, ээлжит засвар, их засвар хийх хугацаа хэтэрсэн замууд ажлын хөрөнгийг тусгуулах ажлыг тухай бүрд нь шийдвэрлүүлээгүй, санаачилга, идэвх сул явж ирсэн юм уу даа гэж ажигласан.
Мөн нийтлэг дутагдлыг дурдвал, завсар арчлалтад лабораторийн давтамжит шинжилгээ хангалтгүй хийсэн, эвдрэл үүссэн хэсгүүдэд график төлөвлөгөөний дагуу хийгдэх зарим ажлууд хоцрогдолтой, лабораторийн тоног төхөөрөмж, ажиллах хүн хүч, инженер техникийн ажилтан дутагдалтай байна.
Шалгалтын дүнгээ үндэслэн зам хариуцагч, гүйцэтгэгч нарт үүрэг, албан шаардлага өгөхийн зэрэгцээ ээлжит засвар, их засвар хийх шаардлагатай обьект, зам хариуцагч байгууллагуудын лабораторийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах талаар захиалагч байгууллагад санал, дүгнэлт хүргүүлсэн.
-Хэрвээ зөрчлөө хугацаанд нь арилгахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Улсын байцаагчийн акт, албан шаардлагаар тогтоосон хугацаанд гүйцэтгэлийн шалгалт хийдэг бөгөөд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль, шийтгэл ногдуулах, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж агентлаг байсан. Яам бүр салбарын хяналтын газартай болсны давуу тал нь юундаа байна вэ?
-Ер нь манай орны төдийгүй дэлхийн нийт улс, орнуудын хувьд гадаад, дотоод нөхцөл байдал сүүлийн хоёр жил гаруй хугацаанд таатай бус байж өнгөрснийг та бид мэдэж байгаа. Энэ хугацаанд манай улсын хувьд эдийн засгаа сэргээх, тогтворжуулахад чиглэсэн хэд хэдэн бодлогын шинжтэй арга хэмжээ авсны дотор тодорхой хугацаанд төрийн буюу мэргэжлийн хяналт шалгалтын давтамжийг бууруулсан, хяналт шалгалтыг салбарын яаманд нь харьяалуулах шийдвэр зэрэг байсан.
Шийдвэр гараад үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, жигдрүүлэх ажил хийгдэж, үр дүн, үр нөлөөллийг тооцож, судалж байна. Цаг хугацааны явцад үр нөлөө ач холбогдол нь улам бүр тодорхой болно. Товчхондоо хэлбэл салбарын яамдад хяналтын чиг үүрэг ирснээр хяналт шалгалтын давхардал арилж, ялангуяа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд аль болох хүндрэл учруулахгүй болох давуу талтай.
-Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын өнгөрсөн хугацаанд хийх хэрэгжүүлсэн ажил, үр дүнг дурдвал?
-Салбарын хяналтын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний энэ оны эхний хагас жилийн биелэлт салбарын хэмжээндээ харьцангуй өндөр хувьтай үнэлэгдсэн. Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус болон урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн, төлөвлөж тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Ажлын үр дүнгийн талаарх тоон үзүүлэлтээс цухас дурьдвал, энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд энэ онд авто зам, замын байгууламжийн 969 объект, үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Их дунд эрсдэлтэй 181 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс 121 объектод, автотээвэр, усан замын чиглэлээр 22415 объект, үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, их дунд эрсдэлтэй 187 объектод шалгалт хийхээр төлөвлөснөөс 129 объектод, төмөр замын 4 суурь бүтэц, 11 томоохон салбар зам эзэмшигчид төлөвлөгөөт шалгалт хийхээр төлөвлөснөөс 3 суурь бүтэц, 6 салбар зам эзэмшигчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Төлөвлөсөн төлөвлөгөөт хяналт шалгалт 70 гаруй хувийн биелэлттэй байна.
Мөн зам, тээврийн салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааны баримт бичгүүдийг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргын шийдвэрүүдээр батлуулан мөрдөж байна.
–Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу. Хэдэн хувьтай байна вэ?
-Зам, тээврийн салбарын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөнд нийт 276 ажил, арга хэмжээ тусгагдсан. Нийт 86.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг нийслэлийн хэмжээнд харьяа 12 байгууллагын хүрээнд шалгах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Мөн баруун болон говийн чиглэлийн авто зам дагуух аймгуудад хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд өвөлжилтийн бэлэн байдлын түвшинг тогтоож, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг шуурхай хангуулах зорилгоор улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.