Нийгэм
Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Хулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/736 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хаалттай хянан хэлэлцэх явцад,
Шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “… Миний бие давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгчдэгч Ц.Хуланд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй тул хэргийн материалтай бүрэн танилцаж, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. …” гэсэн,
шүүгдэгч Ц.Хулангаас “… Өмгөөлөгчийнхөө гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Миний бие мөн хэргийн материалтай танилцаж, хэргээс нягталж тодруулах зүйл байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. …” гэсэн хүсэлтүүдийг шүүх хуралдаанд тус тус гаргав.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгоор шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.