-Ховд аймаг хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын стратегийн гол тулгуур бүс байх болно-
Э.БАТ-ЭРДЭНЭ
“Э.Болормааг яах гэж Ховдод томилж байгаа юм бол. Юу хийж чадах хүн бэ” гэж олон хүн бодсон. Одоо ч энэ л байр сууриас ажиглаж байж мэднэ. Уг нь хүний чих дэлдийх шинэ зүйл биш байлтай. БНМАУ-ын үед илгээлт өвөртлөсөн залуус эх орны өнцөг булан бүрт л ажиллаж амьдарч байсан. Намын бодлогоор хаана ажил унана тэнд хамгийн шилдэг дарга нарыг илгээнэ. Хаа байсан Баян-Өлгий аймгийн намын даргыг Дорнодод, Сэлэнгэ рүү илгээх нь асуудал байгаагүй. Энэ нь өөрөө хүний нөөцийн бодлого. БНХАУ энэ л бодлогоор хөгжиж буй. Би олон оронд Дэлхийн банкаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд ажилласан. Ногоон уур амьсгалын санд Ази Номхон далайн бүсийг хариуцаж ажиллаж байлаа. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын багт анхны Монгол ажилтан болж хамтын ажиллагааг нь хариуцсан. Зарим хүн намайг залуу хүн, туршлагагүй хэмээж мэдэх л юм. Монгол Улсын хүн амын 70 хувийг залуучууд эзэлж буй. Залуучууд ажил хийж байна, нийгмийн бүх л салбарт миний үеийнхэн зонхилох байр суурийг эзэлсэн. Би тэдний нэгэн адил салбартаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Ажлын туршлагын хувьд хөгжлийн бодлогын чиглэлээр Монголд төдийгүй дэлхийн асуудлыг хэлэлцдэг байгууллагад ажилласан нэгэн тул хэнд ч гологдохгүй сайн мэргэжилтэн гэж боддог шүү” хэмээн өгүүлэх эрхэм бол Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа.
Шинэ цагийн Монгол Улсын анхны эмэгтэй Засаг даргатай уулзаж, ярилцах юмсан гэх хүсэл төрөөд удаж байсныг нуух юун. Тэгээд л алс баруун хязгаарыг зорьсон хэрэг. Түүнийг томилогдоход багагүй шуугисан. Атаархахдаа бачуурч багтарч байсан нь бий л биз. Ерөнхий сайдыг ийм томилгоо хийнэ гэж хэн ч санаагүй. Битүү морь гэдэг шиг л гэнэтхэн нэрийг нь зарласан. Харин нийгэм таатай хүлээж авсан. Өндөр боловсролтой юм , эмэгтэй хүн, залуу хүн үзээд алд гэх байдлаар. “Нээлттэй Ховд” өдөрлөгийн үеэр дөрвөн суманд хамтдаа ажилласан.Тэр хэдийнэ Ховдын хүн болсон байна лээ. Малчдынхаа, хөх өвгөдийнхөө итгэлийг хүлээж, чин сэтгэлээсээ ярилцах хүсэлтэй заримыг нь сугадан захалж ирээд л анхааралтай сонсч буйг нь харж байхад эмэгтэй хүнийн торгон мэдрэмж гэж энэ дээ гэх бодол төрөх. Болормаагаас дөлсөн, тойрч гүйх малчин байгаагүй. Харин ч тойрч бүчээд л. Асуух гэснээ асууж, шийдүүлэх гэснээ шийдүүлж чадсан нь олны хөлөөс зайлж аваад додгир аргагүй тамхиа нэрэх. Мань хүн жилийн өмнө “Намайг Болормаа” гэдэг хэмээн өөрийгөө танилцуулахаас уулзалтаа эхэлдэг байсан бол эдүгээ “Өнгөрсөн жилийн уулзалтын үеэр надад хэлж, ярьж байсан та бүхний захиас даалгаврыг ингэж биелүүллээ. Малчин Тойв гуайн ирүүлсэн газрын өргөдлийг ингэж шийдсэн “ гэх мэтчилэн хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрээ ярьж танилцуулж явна лээ.
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд Хөдөөгийн сэргэлтийн бодлого амьдрал дээр хэрхэн биелэлээ олохын эхлэлийг танаар төлөөлүүлсэн гэж харж буй. Зүүн Азийн хөгжлийн бодлогыг хариуцаж явсан таныг дуудаж авчраад Баруун хязгаар нутгаа хөгжүүл хэмээсэн тул ийн хэлсэн хэрэг. Бас залуу хүний хувьд хэн ч барьж аваагүй өнцгөөс асуудлыг хар гэх төрийн тэргүүний итгэл байж мэднэ?
-Цаст Алтайн баруун хязгаар, цэнхэр Ховдыг зорьж ирсэн “Монголын мэдээ” сониныхондоо маш их баярлалаа. Миний бие аймгийн Засаг даргаар томилогдож ажиллаад жил гаруй болж байна. Хангай, говь хосолсон, байгалийн хосгүй бүхнийг өөртөө багтаасан гайхамшигт өлгий гэж хэлж болох үзэсгэлэнт баянбүрд бол миний өвөг дээдсийн нутаг. Өвөө, эмээ хоёр маань ч эдүгээ дээдсийнхээ голомтыг сахин Манхан суманд аж төрж буй. Аав минь мөн л энэ нутгийнх. Аймгийн арван жилийг төгссөн. ЗХУ-д дээд боловсрол эзэмшиж ирээд Улаанбаатарт суурьшсан ч зүрх сэтгэл нь нутаг усандаа үлдсэн нэгэн. Би ийм л хүний үр сад. Улаанбаатарт төрж өссөн. Харийн нутагт нэлээд хэдэн жил ажиллаж, амьдарсан. Ажил амьдралынхаа гарааг Дэлхийн банк хэмээх өндөр босго бүхий байгууллагаас эхэлж, туршилтаас үндсэн ажилтан, түүнчлэн олон улсын байгууллагуудад мөн Ази Номхон далайн бүсийн төсөл хөтөлбөр хариуцах хүртлээ өсч дэвжсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудад ажиллаж байх үед сэтгэлийн минь мухарт “Энд сурч мэдсэн, хуримтлуулсан туршлагаа эх орондоо хэрэгжүүлэх юмсан” гэх бодол үе үе төрнө. Эх нутгаа гэх сэтгэл монгол хүний цусанд шингэсэн чанар юм хойно доо. Нэг л өглөө миний мөрөөдөл биелж эх орон минь дуудсан. Ямар ч эргэлзээгүйгээр өндөр цалин хангамж, сайхан хамт олноо орхиод л Улаанбаатартаа буусан. Ерөнхий сайдын Ажлын албыг хариуцан ажиллаад Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар миний асуудал хэлэлцэгдэх мөчид Зүүн Азийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж явсан надад шинэ цагийн ховдчуудын хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх хувь тохиолоо гэж бодогдсон. Үүгээр өмнөтгөл үгээ орхиё. Таны онцолсон “Шинэ өнцөг” гэх асуулт маш их таалагдлаа. Учир нь би хамтран ажиллаж буй багийнхандаа “Миний харж байгаа өнцгөөр, миний харж буй нүдээр Ховдыг харахыг хичээгээрэй” хэмээдэг. Миний хувьд өмнө нь зуны амралтаар эмээ, өвөөгөө зорин нутагтаа ирж хэдхэн хоног амраад буцдаг Болормаа байсан шүү дээ. Харин одоо нутаг усаа хөгжүүлэх үүрэг хүлээсэн Засаг даргын хувьд асуудал бүрт ач холбогдол өгч, олон талаас нь харахыг хичээж байна. Өөрөөр хэлбэл миний, бидний гаргасан шийдвэр Ховд түмний хөгжин дэвжихийн суурь болох учиртай. Миний хувьд өнгөрсөн цагийн алдаа оноог шүүхээс илүүтэй ховдчуудын оюуны чадамж, ажилсаг зан чанарт нь ач холбогдол өгч, түүнийг боломж хэмээн харж байгаа. Хичээх аваас маш олон боломжууд цоо шинэ, юу ч бичээгүй бичгийн цаас адил харагдаж байна. Тэр бичгийн цаасан дээр шинэ цагийн ховдчуудын хөгжлийн бодлогыг энгийн атлаа орчин цагт нийцэхүйцээр тодорхойлохыг хүсч байна. Ховдод бусад аймгаас түрүүлж хөгжих давуу тал олон бий. Хуурай газрын хоёр боомттойн дээр манай нисэх буудал олон улсын зэрэглэлтэй. Энэ бүхэн боломж мөн үү гэвэл мөн. Түүнчлэн эрчим хүчний найдвартай эх үүсвэр бага боловч бидэнд бий. Дөргөний УЦС болон Мянгадын нарны цахилгаан станц. Эд нийлээд баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 30 гаруй хувийг хангадаг. Мөн хэн бүхний мэдэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг онцгойлон нэрлэе. Монгол Улсын хувьд өндөр ач холбогдол бүхий маш том стратегийн төсөл. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун таван аймаг дотоодын найдвартай эх үүсвэртэй болно гэсэн үг. Засаг даргаар томилогдсон даруйдаа төслийг эсэргүүцэж байсан иргэдтэй уулзаж, ойлголцож, төслийн ач холбогдолыг ойлгуулах тухайд онцгойлон анхаарч ажилласан. Ховдчууд өнөөдөр Эрдэнэбүрэн УЦСын төслийг дэмжиж байгаа гэж нүүр бардам хэлж чадна. Нүүлгэн шилжүүлэлт хийх ёстой иргэдтэйгээ гэрээгээ хийн нөхөн төлбөрийг нь олгосон. Ховд аймаг Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд стратегийн гол тулгуур бүс нь байх болно. Засаг даргын хувьд онцгойлон гурван зүйл дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Эхнийх нь шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, хоёр дахь нь шударга ёс, гурав дахь нь амьдралын чанар
-Шударга ёс гэж бүхий л шатандаа ярьцгааж байгаа боловч хонгил рүү хүүгэх салхи адил тэгсхийгээд л замхарч буйтай алхам тутамдаа тааралдаж байна. Асуудлыг өөр өнцгөөс харахыг хичээж буй Засаг даргын санал болгож буй шударга ёс ямар асуудлыг хөндөх нь бидэнд сонин байна?
-Миний хувьд Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд энэ асуудлыг гаргаж тавьсан хэрэг. Иргэдтэйгээ уулзаж, мэдээлэл солилцохыг хичээдэг. Ажил хүлээж авснаас хойш 25 гаруй мянган иргэнтэй уулзалт хийсэн байна. Пүрэв гараг бүрт иргэдтэй ганцаарчилж уулздаг. Ганцаарчилсан уулзалтын тоо мянга давсан. Эндээс авч буй мэдрэмжүүд төрийн бүх шатанд шударга ёс алдагдсаныг надад ойлгуулсан. Шударга ёс зөвхөн Ховдод бус Монгол Улсын хувьд асуудал болсон шүү дээ. Амьдралын чанар ч мөн адил. Томъёолоход маш хэцүү “Quality of life index” буюу Амьдралын чанарын индекс олон зүйлсүүдийн нийлбэр болдог. Жишээлбэл эрүүл мэнд, өрхийн орлого, боловсрол, аюулгүй байдал гэх мэтчилэн. Шударга ёс ч үүнтэй адилхан маш олон зүйлийн нийлбэр. Энэ бүхэнтэй Ерөнхий сайд, Засгийн газар тэмцэж буй. Би өөрөө Засгийн газарт Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа шударга ёсыг тогтоохын төлөө Засгийн газрын түвшинд зүтгэж байсан. Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан тэрнээс өмнө ЖДҮ-г ил болгосон. Мөн Эрдэнэтийн 49 хувь гээд олон зүйлийг нэрлэж болно. Гэвч хулгай гэдэг бол том, жижиг гэж ялгарахгүй. Зарчим бол зарчим. Орон нутагт ч, дунд шатны түвшинд шударга бус зүйлстэй эвлэрэлгүй тэмцэх цаг үед ажиллаж байна. Төрийн үйлчилгээгээр жишээ татахад л хүнд суртал, нугалаа үүсгэх байдал гэх мэтчилэн гомдол тасардаггүй. Орон нутагт тендерийн мафи, ураг төрлийн томилгоо гэх мэтчитлэн олон зүйл иргэдийг бухимдуулсаар. Шударга ёсны төлөө тэмцлээ үргэлжлүүлж, “5Ш” ажиллагааг Ховд аймагт ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байна.
-Үр дүн нь хэрхэн гарав?
-Миний хувьд тендерийн асуудлуудыг юун түрүүнд гаргаж тавьсан. Үр дүнд нь шалгахыг нь шалгаж хууль, цагдаагийн байгууллага руу шилжүүлэхийг нь шилжүүлсэн. Эсэргүүцэлтэй ч тулгарсан. Олон жил бугширсан зүйлтэй нүүр тулах амаргүй байна уу хэмээх хүн таардаг. Би энд төрж өсөөгүй нь нэг талаар олз гэлтэй. Тийм биш байсан бол “Манай ангийн хүүхэд”, “Хамт ажиллаж байсан тэрний маань гуйлт” гээд дундаа орох зүйл гарах байсныг үгүйсгэх аргагүй. Зарим нь Ховдыг мэдэхгүй хүн Засаг даргаар ажиллаж байна хэмээн шүүмжлэдэг л юм. Харин шударга ёсыг хүсч байгаа иргэд “дундаа ороогүй” ийм хүн ажил хийж чадна гэж дэмждэг. Зарчмын асуудал зарчмаараа явах ёстой байр сууриас хандахыг хичээдэг. Иймэрхүү зүйл ганцхан манай Ховдод бус хөдөө, орон нутагт гардаг асуудал гэж бодож байна. Бодит ажлын хувьд тендерийн асуудлууд дээр хариуцлага тооцож, тогтолцооны өөрчлөлт оруулсан, аймгийн хэмжээний удирдлагын түвшиний ажлын байруудыг ил тод нээлттэй зарлаж, томилгооны наймааг зогсоосон, газрын наймаатай тэмцэж, зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээг авсны үр дүн эхнээсээ гарч байгаа. Дашрамд өгүүлэхэд, манай нутгийнхан эмэгтэй Засаг даргатай болсноос хойш төрийн алба цэгцэрсэн гэж ярьцгаах болсон байна лээ. Одоо бид хулгайтай хийх тэмцлийн дараагийн алхам бол “хариуцлага” болон “гүйцэтгэл” гэж харж байгаа.
-Бид хамтдаа дөрвөн суманд ажиллалаа. “Нээлттэй Ховд” өдөрлөгийн үеэр олон малчин аймагт газар өмчилж болох уу хэмээн асууж байна. Малчдын хувьд энэ хэр боломжтой зүйл вэ?
-Жилийн өмнө ийм, ийм зүйл дээр анхаарч ажиллана гэж ярьж байсан бол энэ намар иргэдтэйгээ нүүр бардам уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж, бидний хийсэн, санаачилсан олон ажил эхнээсээ үр дүнгээ өгснийг харах сайхан байна. Мэдээж бүх зүйл хүн бүхний санаанд хүрсэн үү гэвэл үгүй. Сайн гэж дүгнэх хэсэг байхад өөлж гоочлох нэгэн байх л юм. Тэр бол хувь хүний байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Гэхдээ бидний хийсэн ажлын үр дүн нийт масст таалагдаж байгаад баяртай байгаа. Дээр дурдсан шударга ёстой холбоотой нэн даруй ажил хэрэг болгож буй асуудлын нэг нь газар. Маш их хэл ам дагуулсан. Монгол хүн бүр хуульд заасны дагуу өрхийн хэрэгцээний буюу бидний ярьж заншсанаар 0.7 га газрыг үнэ төлбөргүйгээр өмчлөх эрхтэй. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт Ховд аймагт хангалттай явж ирээгүй. Иргэдтэй уулзахаар хамгийн их хөнддөг зүйл нь ердөө газар. “Газраа авах юмсан, газраа авч чадахгүй байна. Би өргөдлөө өгөөд арван жил, таван жил, хоёр жил болж байна. Ямар ч хариу өгөхгүй байна” гэх хүн маш олон. Тиймээс аймгийн төв буюу Жаргалант сумынхаа удирдлагуудад хандсан. Тэгтэл өөдөөс “Өө газар байхгүй, аймгийн төв газаргүй” гэх хариултыг өгсөн. Монгол Улс дэлхийд нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр нэгдүгээрт жагсдаг хэрнээ газар байхгүй гэж хэлж болохгүй биз дээ. Тэгээд сум, багийн ИХ-тай хамтран Жаргалант сумын газар төлөвлөлтөд өөрчлөлт оруулсан. Аймгийн дарга газар олголтыг хийдэггүй. Тиймээс бодлогыг нь тодорхойлж өгсөн хэрэг. Түүнийгээ аймгийн ИТХ руу авч ороод батлуулж чадсан. Өмнө нь жилд 200-300 иргэнд газар олголт хийдэг байсан бол 2023 онд Ховд аймагт 15 мянга өрхөд газар олголт хийх боломж бүхий төлөвлөлтийг баталсан. Өнөөдрийн байдлаар Жаргалант сум буюу аймгийн төвд дөрвөн мянга гаруй иргэн шинээр газартай болсон. Энэ бол иргэд хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байгаа хэрэг. Газар бол өмч. Газартай хүн өрхийн үйлдвэрлэл эрхэлж болж байна. Эсвэл байшин бариад газраа барьцаанд тавиад зээл авч болно. Энэ мэтчилэн санхүүгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Орон нутагт газрыг чухалчлах нь зөв. Малчид газар гэхээр хаваржаа, намаржаа төдийхнөөр ойлгодог. Тийм учраас баг, сумын засаг дарга нарынхаа ажлыг гурван шалгуур үзүүлэлтээр тодорхойлж, үнэлж байгаагийн нэг нь газар олголт. Сумын удирдлагууд газрын даамалтайгаа хамтран ажиллаж, иргэдэд газрын асуудлыг ойлгуулах ёстой. Та хаваржаа, намаржааны газраа өмчилж болохоос гадна өрхийн хэрэгцээний газраа тусдаа авч болно шүү гэж. Тодруулж хэлбэл, иргэн таны нэг удаа үнэ төлбөргүйгээр газар авах эрх нээлттэй хэвээрээ шүү гэдэг зүйлийг манай төрийн албан хаагчид яриасай гэх үүднээс уралдаан зарласан. Газартай холбоотой бас нэг асуудлыг хөндөхөд, Буянт голын эрэг дээр ховд брэнд гэж нэрлэж болох лагерь зуны гурван сард гардаг. Голын нөгөө эрэгт хүний гараар бүтсэн гэж үү хэмээн дуу алдмаар сайхан моджуулсан 30 гаруй га талбай бий. Энэ ойн зурвасыг социалист нийгмийн үед ховдчууд өөрсдөө бий болгосон юм. Харамсалтай нь тэр сайхан газрыг хэсэг бүлэг нөхөд мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж, дийлэнх нь зориулт бусаар ашиглаж амралтын газар хүртэл ажлуулж ирсэн Ийм шударга бус байж болохгүй биз дээ. Тиймээс зөвшөөрлийг нь цуцлах, нийтийн эзэмшлийн болгох ёстой гэдэг санаагаа зарласан. Маш их эсэргүүцэлтэй тулсан. Газрын албаныхан руу янз бүрийн мессеж бичиж, дарамт шахалт үзүүлсэн. Судлаад үзсэн чинь ихэнх эзэмшигчид нь аймгийн нөлөө бүхий хүмүүс байсан. Өмнө нь аймгийн дарга байсан хүн амралтын газар ажиллуулж байх жишээний. Амралтын газрын зориулалтаар авсан газар байсан бол асуудалгүй. Гэтэл мод үржүүлэх зориулалт нэрийн дор энэ газруудыг эзэмшихээр олгосон байдаг. Газар эзэмших эрх нь өмчлөл биш учраас төр бүрэн эрх мэдлийнхээ дагуу цуцалсан. Хүмүүс эхнээсээ шүүхдээд эхэлсэн. Дэлхийн том том хотууд манайд тулгараад байгаа энэ мэт асуудлыг дайраад л гарсан байх гэж хааяа боддог. Бас л бодлогоор тухайн үеийн удирдлагууд зориг гарган газар чөлөөлөлт хийж, олон нийтийн эрх ашгийг нэгт тавьснаар дэлхийн хотууд өөр өөрийн гэсэн өнгө төрх бүхий ногоон байгууламжтай болсон байлгүй дээ. Буянт голын хөвөөнөө ч мөн Ховд аймгийн өнгө төрх болсон цэцэрлэгт хүрээлэнтэй болох юмсан гэж мөрөөддөг. Тэр мөрөөдөлдөө заавал хүрнэ гэж итгэж байгаа.
-ИТХ, Засаг даргын үйл ажиллагааг хянадаг. Та ИТХ-даа сэтгэл хангалуун байдаг уу. Аймаг, сумын депутатуудын гүйцэтгэж байсан үүргийг ИТХ-ын төлөөлөгчид гүйцэтгэж чадаж байна уу. Мөнгөтэй, дээр нь эрхэлж буй бизнесээ хамгаалахын тулд нэрээ дэвшүүлдэг нь нууц биш.
-Сайн хамтарч ажиллаж байгаа. Нэгэн сэтгэлээр олон зүйлийг шийдэж байна. Сайхан хамт олон гэж хэлнэ. Харин нуулгүй хэлэхэд, цаашид ИТХын төлөөлөгч бол нийгмийн, хүн амын бодит төлөөлөл байх ёстой гэж боддог, насны хувьд ч тэр, хүйсийн хувьд ч тэр, хөдөлмөр эрхлэлтийн хувьд ч тэр.Бас илүү залуужаасай гэж хүсдэг. Монгол Улс залуучуудын орон учраас залуучуудад тулгамдаж байгаа асуудлыг залуучууд илүү ойлгоно. Орон сууцжуулалт, ипотекийн зээл гээд олон асуудалтай нүүр тулж буй. Өнөөдрийн нийгмийн толгойн өвчин болоод байгаа энэ асуудалд шийдвэр гаргах түвшнийхний дийлэнх нь нас тогтсон, амьдрал ахуй нь цэгцэрсэн хүмүүс байна. Асуудлаа хэдийнэ шийдсэн байдаг тул хандлага нь өөр байдгийг би ажигласан. Ингэж хэлснээр тэднийг буруутгах гэсэнгүй. Яг үүнийг амьдралаараа, бие сэтгэлээрээ туулж яваа залуу төлөөлөгчид илүү ойлгож, асуудлыг шийдэх гарц гаргалгаан дээр хурдтай ажиллах болов уу гэсэн миний санаа юм шүү. Аймгийн ИТХыг УИХ-тай харьцуулахад илүү иргэдтэйгээ ойр байдаг. Манай ИТХ-д салбар бүрийн төлөөлөл бий. Эмч, багш нар дийлэнх. Миний орлогч гэхэд л аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, багш хүн. Орон нутагт мөнгөтэй нь гэхээс илүүтэйгээр түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн ИТХ-д сонгогддог. Тийм ч учраас хамтарч ажиллахад амар байдаг байж мэднэ.
-Танай хүнс, барааны захаар явж сонирхлоо. Хүнс бараа бүтээгдэхүүний үнэ Улаанбаатартай адилхан байх юм. Хоёр ч том боомттой байж яагаад?
-Ховдод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр. Учир нь манай худалдаачид бараг бүх бараагаа Улаанбаатараас татдаг. Тиймээс тээврийн зардал, унагах ашгаа нэмж үнээ зохиодог. Орос, Хятадтай хил залгаа боловч зах зээл нь өчүүхэн. Бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр татчихвал эргэлтийн хөрөнгөгүй болдог учраас зах зээлийнхээ эрэлтэд тулгуурлах нь бий. Чөлөөт эдийн засгийн хууль бүрэн утгаараа үйлчилж байна гээд ойлгочиход гэмгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах явдал. Хот руу биш хөдөө рүү нүүх нүүдлийг төр бодлогоор дэмжих ёстой. Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд авч буй Хөдөөгийн сэргэлтийн бодлогын мөн чанар нь энэ. Хөдөө, орон нутагт төрийн албан хаагчдын цалин нь илүү өндөр байж, ипотекийн босго нь уян байж л хөдөөг зорих залуучуудын тоог нэмнэ. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ. Аймгийн Засаг даргын хувьд мах, гурил, өвс тэжээлийн үнийг тодорхой хэмжээнд барих ёстой гэдэг дээр санал нийлдэг. Өнгөрсөн жил Ховд бусад аймгууд хийж үзээгүй зүйлийг туршиж үзсэн. Үр дүн нь ч гарсан. Бүх аймаг жилийн жилд мах нөөцөлдөг. Манайх гэхэд 30-50 тонн л бэлддэг байсан. Өнгөрсөн жил зудын эрсдэл өндөртэй байсан учраас малчид, махны үйлдвэрийнхэнтэйгээ уулзсан. Тэд малчдын зовлонг ойлгож байна, малаа цөөлөхийг хүссэн малчдын малыг худалдаж авахын тулд бага хүүтэй мөнгө бидэнд хэрэгтэй байна хэмээсэн. Тэгээд банкныхантайгаа ярилцаж байгаад сонирхолтой шинэ санхүүгийн схем гаргасан. Засаг даргын хувьд 1.2 тэрбум төгрөг эх үүсвэр дээр баталгаа гаргах хүсэлтээ орон нутагт ажилладаг банкуудад хүсэлт тавьсан. Хаан банк зөвшөөрсөн. Нөгөө гурван хувийн зээлийг ковидын үед гаргасан л арга байхгүй юу. Эх үүсвэрийг нь банканд өгөөд хүсэлт гаргасан ААН-үүддээ зээл өгсны үр дүнд 150 тонн мах нөөцөлж, махны үнийг 8-10 мянган төгрөгт зургадугаар сар хүртэл барьсан. Өмнө нь хэдэн зуун саяар зардал гаргаж 30-50 тонн нөөцийн мах бэлддэг байсан бол өнгөрсөн өвөл төрөөс ямар ч зардал гаргалгүй, хагас жил мөнгөө баталгаатай байршуулж 150 тонн нөөцийн мах бэлдэж, махны үнийг тогтворжуулсан. Салбар яамны хэлж байгаагаар өмнө нь ийм шинэлэг санхүүгийн механизмаар нөөцийн махны асуудлаа шийдсэн аймаг байхгүй гэж байна лээ. Энэ мэтчилэн эдийн засгийн шинэ схемийг бодож олох л ёстой. Ер нь манай инфляцын суурь нь шатахуун, гурил, мах байдаг. Үндсэн хэрэглээний сагсанд байдаг хэрэгцээ ч гэж ярьдаг. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд, Монголд тодорхой бараанууд дээр үнийн зохицуулалт байх ёстой.
-Аймгийн төв доторхи замын асуудал цахим ертөнцөөр урсч байна. Шууд лайв хийж байгаа хүнтэй ч тааралдлаа. Ногоон автобус шиг юм болоод байна гэх юм?
-Бид иргэдэд ажлаа мэдээлэх, тайлагнах үүрэгтэй. Мэдээллээ бүрэн аваагүй байж дутуу дулимаг зүйлээр иргэдийг төөрөгдүүлж болохгүй шүү дээ. Шалгаж байна. Номингийн уулзвараас нисэх буудал хүртэл таван км замыг засварлах төсвийг зургадугаар сарын давсан орлогынхоо төсвөөр баталсан, 934 сая төгрөг. Тендерээ нээлттэй зарласан. Ховд АЗЗА компани шалгарч, Зам тээврийн хөгжлийн төвийн санал болгосон технологийн дагуу замын хучилтыг хийсэн. Тэгсэн чинь сүүлд орсон борооноор өнөө зам маань нь урсаад явчихлаа. Бодит байдал ердөө энэ. Иргэд бухимдах нь зөв. Шинээр хучсан замыг улсын комисс хүлээж аваагүй байсан. Хугацаа заасан шаардлага хүргүүлсэн. Мөн холбогдох байгууллага, хариуцдаг албан тушаалтанд нь хариуцлага тооцох шаардлагыг бичгээр хүргүүлсэн. Шат шатны хариуцлагагүй байдал ийм зүйлд хүргэсэн. Зарим хүний яриад байгаа шиг тендерээс завшсан зүйл байхгүй. Технологийн алдаа гарсан. Дэлхий дахин хэрэглэж байгаа технологийг Монголд нутагшуулахдаа алдаа гаргасан гэж холбогдох албаныхан нь тайлбарлаж буй. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа хийх ёстой гэдгийг л харууллаа. Бүх албан тушаалд улс төрийн томилгоо хийх нь буруу гэдгийн нотолгоо энэ. Энэ бол нэг хүнд хариуцлага тооцоод шийдэгдэх асуудал бус тогтолцооны өөрчлөлт шаардлагатай асуудал. Тиймээс манай аймаг бүх албан тушаалын шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулж хамгийн сайн боловсон хүчинг шалгаруулж авах дээр анхаарч байгаа.
-Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэлийн ажил 90 гаруй хувьтай явж байгаа. Ховд аймаг сүүлийн хоёр жил дарааллан ган, зуд нүүрлэсэн. Өнгөрсөн зун л ган тайлагдаж, бороо хуртай сайхан байлаа. Хамгийн гол нь малчид маань өвс тэжээлээ дор бүрнээ хангалттай базаах явдал. Өвөлжилтийн бэлтгэл гэхээр хадлан тэжээл гэж хардаг. Халаалт ч үүнд хамаатай, тэрбум гаруй төгрөгөөр сургууль цэцэрлэгүүдийнхээ дулааны шугамыг янзлах гэж байна. Дулаан хангамж, нүүрс гээд анхаарвал зохих асуудлууд бий. Ховд аймаг Хөшөөтийн нүүрсний ордтой. Намайг ажлаа авахад 26 мянган тонн нүүрс иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байсан. Ийм байж болохгүй гэдгийг компанийн удирдлагуудад хэлж, гурван удаа хэлэлцээрийн ширээний ард суусны үр дүнд. Ховдод ажиллаж амьдарч буй өрх бүр Хөшөөтийн уурхайгаас хувь хүртэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Өмнө нь 11 суманд хөнгөлөлттэй нүүрс өвөлдөө олгож байсан бол одоо 17 сум нүүрсээ татна. Тээврийн зардал нь ороод 90 мянгаас хэтрэхгүй байхаар тохиролцсон. Орон сууцад байгаа иргэдэд нэг удаагийн 25 мянган төгрөгийн дулааны татаасыг олгохоор болсон. Энэ бол дээр ярьсан шударга ёсны нэгээхэн хэсэг. Баялагтаа эзэн байя, баялагтаа эзэн Ховд байна, баялагтаа Эзэн Монгол байна гэдэг бол угтаа бүгд ижил тэгш хүртэх ёстой гэх зарчим. Иргэд маань уул уурхайг илүү хариуцлагатай байгаасай, орон нутагтаа өгөөжтэй байгаасай гэж хүсч байна. Би иргэдийнхээ эрх ашгийг төлөөлөөд энэ хэлэлцээрүүдийг хийх үүрэгтэй. Тэгээд тодорхой амжилтууд гарч байна цаашдаа ч гэсэн хийх олон зүйлс бий.
-Ховд шиг баялагтаа эзэн байж хувь, хишгийг нь хүртэж байгаа аймаг, орон нутаг цөөн. Дипломат маягаар хөлд нь суув уу эсвэл залуу хүний зангараг, зориг зүрхээр Мон-Эко компанийг буулгаж авав уу. Бусдад туршлага болог гэх үүднээс сонирхож буй хэрэг?
-Ерөнхий сайдын Ажлын албаны дарга байхад Ерөнхий сайдын Рио Тинто компанитай хийж байсан хэлэлцээрийг маш ойроос харж, багийн гишүүн болж ажиллаж байсан маань туршлага болсон. Шипи гэх юмуу даа. Рио Тинто компанитай Монгол улсын Засгийн газар маш түүхэн том хэлэлцээрийг хийсний дүнд өнгөрсөн жил 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж чадсан. Дубайн гэрээг цуцалсан. Татварын маргааны нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж, коронавирусын үеэр иргэн болгонд 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг болгон хүртээсэн. Үүний хажуугаар гацсан байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Энэ амжилтын нэг хэсэг бол Засгийн газар тэд нартай тэр хэлээр нь ярьдаг тийм олон улсын шилдэг хуулийн баг хөлсөлж ажлуулсан. Ер нь ойлголцоно гэдэг бол яриа хэлэлцээрээс эхэлдэг.Тиймээс миний хувьд гадаад захиралд нь урилга илгээж, Ховдод ирж ажиллаач хэмээсэн. Хэлэлцээр мэдээж Монгол хэлээр явах шаардлагатай ч байгаа нөхцөлдөө тохируулан Англиар асуудлыг нь тайлбарлаж ойлгуулсан. Манай жолооч нар нүүрс авах гээд хэдэн хоног дараалалд зогсдог. Та өөрийгөө оронд нь тавиад үз. Ажилчдынхаа цалинг яагаад цагт нь олгохгүй байгаа асуудлыг туслан гүйцэтгэгч рүү чихэлгүй та бүхэн шийдэх үүрэгтэй. Таны цалинг хоёр сарын дараа өгвөл яаж та уурхайн үйл ажиллагааг дэмжих вэ гэж ярилцах хүртэл. Энэ мэтчилэн ярьж хэлэлцэж, ойлголцолд хүрснээр асуудлыг шийдэж чадсан. Үүнээс илүү хийх ажил олон байгаа.
-Эрдэнэбүрэнгийн УЦСыг хурдавчлуулах тал дээр Засаг дарга ямар санаачилга гарган ажиллаж байна вэ?
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил амжилттай явж байгаа. Та бүхэн газар дээр нь очиж харвал бахархахгүй байхын аргагүй. Хятадын ЗГ-тай байгуулсан гэрээний хүрээнд аравдугаар сард багтаж хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа. И писи буюу олон улсын тендерт шалгарсан компани Пауэр Чайна бол дэлхийн бас томоохон сэргээгдэх эрчим хүчний компани. Тэднийх өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлуудаа хийгээд эхэлчихсэн байгаа. Төсөл 4-5 жил үргэлжилнэ. Энэ хугацаанд мянга гаруй түр ажлын байр бий болно. Өөрөө энэ маань 4-5 жилийн хугацаанд баригдаж дуусна. Орон нутгийн зүгээс төслийг цаг хугацаанд нь явуулахын тулд анхаарал хандуулж ажиллана. Саяхан газар дээр нь ажлыг нь шалгаад ирсэн, хугацааны дагуу амжилттай явж байгааг харахад таатай байлаа. УЦС ашиглалтад ороход барилга байгууламжаас илүүтэй усан сан бүрдүүлэхэд хугацаа их ордог гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Барилга байгууламж бол зөвхөн хөрсөн дээрх объект. Усан сан өөрөө бүрдэх ёстой. Хүний үйл ажиллагаанаас бус байгалиас хамааралтай зүйл. Байгалийн усны урсгал бүрдэх хүртэл нэлээд хэдэн жил шаарддаг гэсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС бол 90 мегаватт буюу одоогоор Монгол Улсын хэмжээнд хамгийн том сэргээгдэх эрчим хүчний төсөл юм. Баруун таван аймгаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэдэг бол дэлхийд үнэлэгдэхүйц амжилт. Үүний дараа Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эгийн голын УЦС гэх мэт улам том шинэ эх үүсвэрүүдийн төслүүд хэрэгжинэ.
-Ховд аймаг хилийн бүс. Хүүхдэд ээлтэй Ховд байхын тулд юу хийж байна вэ?
-Сүүлийн үед зүрх зүсэм гэмээр хэргүүд сонсогддог боллоо. Бид хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Засаг дарга бүхий л салбарын ажил руу ордог. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хууль хүчний байгууллага гээд хамаарахгүй салбар үгүй. Өнөөдөр гэхэд л цэрэг татлага орон даяар явагдаж байна. Өнгөрсөн оны эхээр манай аймагт бас өсвөр насны хүүхэдтэй холбоотой харамсалтай хэрэг гарч, хувь хүнийхээ хувьд том цохилтод орсон. Тэр үед надад камертай байсан бол гэх зүйл бодогдож, өнгөрсөн зургадугаар сард аймгийн ИТХ-д саналаа оруулж, төсвийн тодотголоороо шийдүүлсэн. Ховд аймаг 21 аймгаас түрүүлж анхны ногоон бүс буюу нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа 100 хувь камержуулна гэдэг зорилт тавьсан. Тэрбум гаруй төгрөгийг шийдүүлсэн одоо худалдан авалт дээрээ явж байгаа. Нөгөөтэйгүүр дээр яриад өнгөрсөн амьдралын чанарын асуудал энд яригдах учиртай. Хөгжил бол ерөөсөө байшин барилга биш, эдийн засаг ч биш. Хүний анхан шатны хэрэгцээ бол ерөөсөө аюулгүй байдал. Хүүхдийн аюулгүй байдал юунаас ч илүү үнэ цэнэтэй. Тиймээс нэн даруй хүн рүү чиглэсэн зүйлд хөрөнгө оруулалт хийх ёстой байхгүй юу. Камер бол зөвхөн нэг хэсэг. Бид судалгаа хийж үзэхэд хүчирхийлэл өөрөө ядууралтай холбоотой байдаг. Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна тэнд ядуурал оршиж байдаг. Бид олон талаас нь харах ёстой.
-Таны ярианд Монгол Улс залуучуудын орон гэж хоёр ч удаа дурдагдлаа. Ховдын залуучуудын төлөө юу хийж байна вэ. Бодож санаж яваа зүйлээ хэдийнэ ажил хэрэг болгосон бол нэрлэ л дээ?
-Залуучуудаа орон сууцжуулахыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Нэг өдрийн дотор хийх асуудал биш учир амлалт өгөхөд хэцүү. Одоогийн байдлаар судалгааны түвшинд явж байна. Товчхондоо 2000 айлын орон сууцны төслийг зарлахаар бэлдэж байна. Төр орон сууц барьдаг субъект биш. Тэгэхээр хувийн хэвшлийнхнээ түшиглэнэ. Хоёр дахь том асуудал бол ипотекийн хангалтгүй олголт болон чанартай барилгын гүйцэтгэл. Аль аль дээр нь зөвхөн Засгийн газар гэж харалгүй шинэлэг орон нутгийн шийдэл гаргаж залуучуудаа 3 хувийн хүүтэй нөхцөлөөр 20 жилийн дотор орон сууцжуулах боломж гаргахаар хичээж байна. Энэ жил залуучуудад болон хувийн хэвшлийнхэнд зориулсан “Инвест Ховд” арга хэмжээг зохион байгуулсан. Санаа нь юу вэ гэхлээр эдийн засгийн боломж эрэлхийлж байгаа хүн болгонд Ховд аймаг нээлттэй шүү гэдгийг сурталчилахыг зорьсон. Ямар нэг байдлаар төрийн хүнд суртлыг үзүүлэхгүйгээр та бүхэнд нээлттэй үйлчилнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний үр дүнд 300 гаруй шинэ ААН Ховд аймагт бүртгүүлсэн. Өмнө нь хэзээ ч ийм олон ААН нэг жилд бүртгүүлж байгаагүй. Энэ болгоны цаана ажлын байр байгаа.
-Гэмт хэргийнхээ тоог бууруулж чадсан туршлагаа хуваалцаач гэвэл?
-Үр дүнгээ өгсөн ажлуудаас нэрлэх нь зөв байх. Ажил авсан даруйд анхаарсан зүйл бол архидалт, хуурамч архи, архины нууц худалдаа. Үүнийг байхгүй болгохын тулд сард зургаан өдөр архи зардаггүй байсныг болиулсан. Архидан согтууралттай тэмцэх нь зөв ч арга нь биш байсан. Хорьж цагдахаас илүү соёлтой газраар үйлчлүүлэхийг санал болгосон. Хагас жил болоход өнөө шагийн асуудал болон гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт гарсан. Тэгэхээр төрийн зөв бодлого, зөв шийдвэр төсөв мөнгөгүйгээр үр дүн гаргаж болдог жишээ.
-Ирэх 2024 оныхоо төсөвт ямар асуудлыг голлох вэ?
-Ховд улсын төсвөөс татаас авдаг аймаг. Өмнө нь ч авдаг л байсан. Зарлахад эрт байна л даа. Бид 2024 онд улсын төсвөөс татаас авахгүй байх тооцоололтой ажиллаж байна. Түүхэндээ анх удаа татаас авдаггүй аймгийн нэг болно. Энэ бол бидний хувьд том амжилт. Иргэдээсээ ирэх оны төсөвт юу суулгах талаар санал асуулга явуулж буй. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд манай аймагт ажиллах хугацаандаа маш олон хөрөнгө оруулалтыг Ховд аймагт шийдэж өгөхөөр болсон. Иргэдийн санал дээр тулгуурласан хэрэг. Энэ оны төсвийг гаргахдаа сум болгондоо ажиллаж, иргэдээс саналыг сонсож эрэмбэлсэн. Энэ бол Ерөнхий сайдын ажлын ч арга барил. Тэрбээр 21 аймгийн иргэдтэй уулзаж, санал авсантай ижилхэн. Энэ жил арванхоёрдугаар сарын 5-н гэхэд орон нутаг төсвөө батална. Тэгэхээр энэ хооронд бүх сумдуудаараа яг өөрийн биеэр явж иргэдээс саналаа авна. Тэгэхдээ наана нь мэдээж бичиг цаасны саналуудаа аваад явж байгаа.
-Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан. Эрчүүдтэй мөр зэрэгцэхийн хажуугаар эмэгтэйчүүдийн манлайлалыг бэхжүүлэх нь таны бас нэг хийх ажил. Зэрэгцүүлж авч явахад хэцүү байна уу?
-Төрийн албаны дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Харамсалтай нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо багасчихдаг. Тэгэхээр доод эсвэл дунд шатанд ажилладаг гэсэн үг. Жишээ нь, улс төрийн албан тушаалтны 24 хувийг эзлэх мөртлөө төрийн захиргааны албан тушаалтны 65 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын 77 хувь нь мөн л эмэгтэйчүүд. Үүнийг бид өөрчлөх ёстой. Ховд аймагт ч ялгаагүй. Баруун бүсийн эмэгтэйчүүд манайд чуулсан. Нийгэмд, хүүхэд рүү чиглэсэн асуудал гармагц эмэгтэйчүүд дуугарахгүй байна гэж шүүмжилдэг атлаа яагаад шийдвэр гаргах түвшинд дийлэнх нь болж ажиллаж байгаа эрчүүдэд шаардлага тавьж, хариуцлага нэхэхгүй байгаа юм бэ. Эрчүүд аав биз дээ. Би хувьдаа эмэгтэйчүүд сайн ажиллахгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй. Эмэгтэйчүүд маш олон давааг давж гэмээнэ удирдах албан тушаалд очдог. Гэвч хүчний харьцааг тэнцүүлэх хэцүү. Та сая хэллээ. Эмэгтэйчүүдийн манлайлал гэж. Үүнийг бид ярихаасаа илүү бодитоор хийж эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Жишээлбэл өнөөдөр Монгол Улсын ЗГ-аас томилогдон ажиллаж буй миний хувьд эмэгтэйчүүд Засаг даргаар ажиллаж чаддаг юм байна гэдгийг биеэр харуулахыг хичээж яваа. Ажлаараа харуулах ёстой. Эмэгтэйчүүдийн манлайлалын үр дүн энэ. Эмэгтэй Засаг даргын хувьд нийгэмд, хүүхдэд, хөгшдөд ээлтэй шийдвэрүүдийг гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Үр дүн нь ч эхнээсээ харагдаж буй. Эмэгтэйчүүдийн давуу талыг харуулсан олон статистик судалгаа байдаг. Жишээ нь шийдвэр гаргах түвшинд олон эмэгтэйчүүд байдаг улс орнуудын авлигалтай холбоотой үзүүлэлтүүд бага илүү шударга гэж гарсан байдаг. Яг учир шалтгаан, хамаарал нь юутай холбоотойг баталж чадахгүй ч ямар ч байсан эмэгтэй удирдагч нар их байгаа улс орнууд илүү шударга, хүний хөгжлийн үзүүлэлтүүд илүү өндөр байна. Манай Ховдчууд энэ тал дээр илүү бодит хэлэх зүйлтэй болов уу гэж итгэж байна. Хааяа Ховдчуудаас эмэгтэй дарга юмыг илүү нарийн ухаанаар, илүү шударга шийддэг юм байна гэж сонсоход “анхны” гэх хариуцлагатай цол үүрч байгаа хүний хувьд битүүхэндээ баярладаг. Ирэх жил хоёр дахь, гурав дахь эмэгтэй аймгийн Засаг дарга нартай болно гэдэгт итгэлтэй байна.
-Та бид хоёрын яриа шударга байхаас эхэлсэн шударга байхаар төгсөж байна. Танд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.