Нийгэм
ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2023 оны Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар тодорлоо
Нийслэлийн Боловсролын газар 2013 оноос эхлэн “Боловсролд ээлтэй Засаг дарга” номинацийг шалгаруулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын салбарт олон талт ажлыг санаачлан, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, багш, хүүхэд бүрийг хөгжиж сурахад таатай орчин бүрдүүлэн нийслэлийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан “2023 оны Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тодорлоо.
/2023.10.05/ “Боловсролд ээлтэй Засаг дарга”-ын шагналыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр гардуулан өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, бүтээлч ажлыг товч дурдвал “Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “ЗӨВ ХҮҮХЭД ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг 2017 оноос эхлүүлж, тус хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.
Тодруулбал 2017-2022 онд Хан-Уул дүүрэгт 21 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад орсон бол 2023-2024 онд 8 сургууль, 12 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга Хан-Уул дүүрэгт баригдаж байна. Түүнчлэн Нисэх, Яармаг, Зайсан зэрэг улсын цэцэрлэг хүртээмжгүй байршлууд дээр дүүргийн хөрөнгө оруулалтаар нийт 650 хүүхдийн ортой 3 цэцэрлэг дүүргийн 4,15,16 дугаар хороонд энэ жил ашиглалтад орно.
Мөн нийслэлийн дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд “Эко бүлэг” цэцэрлэг байгуулж, дүүргийн ажилтан албан хаагчдын 200 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хамрагдаж байна. Үүнээс гадна дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудыг уриалж, байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж, 500 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017, 2023 оны “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар хоёр удаа тодорлоо.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.