Нийгэм
Канадын “Лаурэл” сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Эрүүл мэндийн яам Канад улсад төвтэй “Лаурэл” мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Лаурэл” мэс заслын сангийн ерөнхийлөгч Хью М Парсон нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Монголчуудын нүдний эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа тус сантай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад нүдний эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, нүдний өвчлөлийг эрт илрүүлэхэд үр дүнгээ өгөх олон чухал арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцолсон.
Мөн тэрбээр Санамж бичиг байгуулахад Канад улсаас Монгол Улсад суугаа Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани оролцож буй нь энэхүү хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл хэмээн талархаж буйгаа илэрхийлсэн.
Ноён Хью М Парсон хагас жилийн өмнө Эрүүл мэндийн сайдтай уулзахдаа хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байсан бол өчигдөр ЭМЯ болон “Лаурэл” мэс заслын сан хоорондын нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж буй нь Монголын талаас бидний ажлыг ойлгож, дэмжиж байгаагийн илэрхийлэл хэмээн хүлээн авч байна гэдгийг хэлсэн.
Тэрбээр мөн монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах учиртайг хэлээд тус сангаас нүдний эрүүл мэндийн эрт илрүүлгийг эхний ээлжинд Баянхонгор аймагт явуулахаар төлөвлөснөө дуулгалаа.
“Лаурэл” мэс заслын сан манай улсад 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа нийт 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20,500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд катаракт буюу болор цайх өвчний мэс засал эмчилгээг хийсэн байна.
Түүнчлэн тус сан эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг. Нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд цаашлаад нүд судлалын резидентийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, эмч нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон чухал үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Тус сан нүдний резидэнтийн сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулсан нь нүдний чиглэлийн сургалтын чанарт ахиц дэвшил авчирч үндэсний хэмжээний чадварлаг боловсон хүчинтэй болоход бодит утгаараа нөлөөлж байгаа юм.
Энэхүү санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн резидент эмч нарын мэс заслын ур чадварыг сайжруулах, нүдний алимны мэс заслын сургалт болон бусад үйл ажиллагааг тус сангийн мэргэжилтнүүдийн багтай хамтран зохион байгуулахаас гадна Лаурэл мэс заслын сангийн Монгол Улсад эм, оношилгоо, эмчилгээний материал, тоног төхөөрөмж нийлүүлэлттэй холбоотой зарим зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлэх зэрэг олон ажлыг тусгасан байна.
Нийгэм
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэлийн 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг энэ иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.
Нийгэм
Олон улс, улсын чанартай авто замуудын засвар арчлалтын ажил үргэлжилж байна
2024 оны тавдугаар сарын 1-7-ны хооронд олон улс, улсын чанартай бүх чиглэлийн авто замд 2024 оны засвар арчлалтын ажлын тоо хэмжээг тогтоож ажиллалаа.
Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагуудын зам засварын ажил эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.
Нүхэн эвдрэлийг асфальтбетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар нөхөх, авто замын ан цав болон хагарлыг гар заадас нөхөх төхөөрөмжөөр гагнах, авто зам дагуух ногоон байгууламжийн арчлалт, усалгаа, хуучирсан болон ашиглагдах боломжгүй болсон тэмдэг тэмдэглэгээг солих, шинээр тэмдэг суурилуулах, авто замын дагуу зурвас газрын цэвэрлэгээ хийх, сайжруулсан шороон замыг автогрейдерээр хусаж хэлбэржүүлэх ажлыг тогтмол хийж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Нийгэм
Автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо
Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол юм. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй. Бид гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрэнд Чингэлтэй дүүргийн 19 автобусны буудлыг шинээр ашиглалтад орууллаа. Шинэ автобусны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.
“Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн зохицуулагч О.Мөнхнасан “Төслийн хүрээнд бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан, албан хаагч, жолооч нарыг чадавхжуулах, нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр үе шаттай ажил арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна автобусны буудлыг шинээр ашиглалтад оруулах нь төслийн нэгдүгээр зорилт байсан. Өнөөдөр бид 19 шинэ автобусны буудлыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа. Ингэхдээ автобусны эцсийн зогсоолд шинээр 0,8 км асфальтбетон замыг барьж ашиглалтад орууллаа” гэв.
-
Нийгэм17 цаг өмнө
Шороон шуурга шуурна
-
Улс төр19 цаг өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ
-
Улс төр14 цаг өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ
-
Улс төр18 цаг өмнө
Малын сэг зэм устгахад зориулж Сүхбаатар аймагт 300 сая төгрөг, 2 тн шатахуун шийдвэрлэлээ
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа
-
Нийгэм12 цаг өмнө
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадад байгаа иргэд сонгуульд санал өгөх хүсэлтээ цахимаар илгээх боломжтой
-
Нийгэм12 цаг өмнө
Автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо