Нийгэм
Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв

Монгол улсын хоёр дахь, мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт анхны “Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори” нээлтээ хийлээ.
“Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл /SATREPS/-ийн хүрээнд энэхүү лабораторийг байгуулснаар салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшин шинэ шатанд гарч байгаа талаар нээлтийн арга хэмжээнд оролцож буй эрдэмтэн судлаачид хэлж байлаа.
Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Японы эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг /AMED/, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын санхүүжилтээр Япон Улсын Хоккайдогийн их сургуулийн Зоонозын хяналтын олон улсын хүрээлэн, Сүрьеэ судлалын хүрээлэн, Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Мал эмнэлгийн хүрээлэн хамтран дээрх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү, Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.
Монгол улсад сүрьеэ, ям өвчнийг хүн болон малын дундаас эрт илрүүлэх, хүн, малын хооронд халдвар дамжих эрсдлийг үнэлэх, өвчний тархалтыг тогтоох, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалд тулгуурласан зооноз халдварт өвчнийг хянах платформыг бий болгох, урьдчилан сэргийлэх, онош тодорхойлох зорилгоор 5 дахь жилдээ хэрэгжүүлж буй төслийн үр дүн гарч эхэлжээ. Тухайлбал, Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори болон халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох лабораториудыг байгуулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж оношлуураар хангаж байна. Мөн хүн, мал эмнэлгийн салбарын 20 гаруй эрдэмтэн, судлаачид Япон улсын их сургууль, судалгааны хүрээлэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлж байгаа ажээ.
300 сая иений санхүүжилттэй “Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл /SATREPS/-ийн шинжлэх ухаан, мал эмнэлгийн салбарт оруулж буй хувь нэмрийг салбарын мэргэжилтнүүд байдлаар тодорхойллоо. Үүнд:
- Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторид зайлшгүй шаардлагатай мал, амьтны халдварт, зоонозын халдварт өвчний үүсгэгч, онц аюултай бичил биетэнтэй ажиллах, ялган таних, баталгаажуулах, нарийвчлан судлах боломжтой болно.
- Онц аюултай халдварт өвчин, зоонозын халдварыг оношлох болон урьдчилан сэргийлах биобэлдмэлийг гарган авах судалгаа-шинжилгээ хийгдэж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх таатай орчин бүрдэх юм.
- Мал, амьтны халдварт өвчин судлаач-шинжээчдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах био-аюулгүйн баталгаат байдал хангагдана.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр17 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм22 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Эдийн засаг18 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа