Нийгэм
Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо
“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн санаачилгаар холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24” уралдаан энэ тавдугаар сарын 11, 12-нд буюу бямба, ням гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт монгол болон сонгомол төрлөөр болох гэж байна.
Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их морьд уралдана. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдах тов гарчээ.
Энэ талаар Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Наранбат “Анх удаа монголд холын зайн морин тойруулгын уралдаан болох гэж буй учир бид Олон улсын стандарт, жишгийг нэвтрүүлэхэд онцгой анхаарсан. Жишээлбэл анх удаа маш өндөр нарийвчлалтай зураг авдаг Photo finish камер байршуулж байна. Дэлхийд алдартай Кинтаки, Хонконгийн жокей клубт хэрэглэдэг секундийг 3000:1 хуваасантай тэнцэх нарийвчлалтай камераар зураг авна гэсэн үг. Морьдын тохом дээр дугаар байршуулна. Хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг өндөр нарийвчлалтайгаар дэлгэцэд харуулж, үзэгчид мэдээллийг нь шууд хүлээн авна” гэлээ.
“Hipay Cup 24” уралдаанд 12-оос дээш насны унаач хүүхдүүд уралдах бөгөөд хамгаалалтын каск малгай, эмээлтэй байна. Уралдаанд оролцох хүүхдүүдэд Монгол даатгалтай хамтарч 60 сая төгрөг хүртэлх нөхөн олговортой даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Мөн уралдах хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах аж. Уралдааны бай шагнал ч өндөр байх аж.
Зохион байгуулагчдын хувьд сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна. Сонгомол дээд, монгол их морь, монгол соёолон, монгол хязаалан насны байг “Hipay” болон “Монголын Морин Тойруулгын Клуб” хамтран ивээн тэтгэж байгаа бол сонгомол дунд насны байг Монгол Улсын Тод Манлай Уяач Б.Далай, сонгомол шүдлэн насны уралдааныг “EFES CUP” группийн захирал О.Мөнхбат ивээн тэтгэж байгаа юм.
Их морь, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлна. Тодруулбал, зургаан насанд нийтдээ 240 сая төгрөг, 3 приус, 3 Foton ачааны машин бэлэглэх юм байна. Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулна. Зохион байгуулагчид нэг ч төгрөгийн хураамж, шимтгэл авахгүй юм. “Монголын морин тойруулгын клуб” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 240 га газар дуудлага худалдаагаар авч, 4.8 км-ын урттай морин тойруулгыг барьж, анхны уралдаанаа эхлүүлэхээр бэлтгэж ажлаа ийнхүү хангаад байна.
Одоогоор 5000 үзэгчийн суудал бэлтгэсэн бөгөөд байгальд ээлтэй зөөврийн ариун цэврийн байгууламжуудыг суурилуулсан. Мөн 20 орчим хоол, зоогийн газар, кофе шопын худалдаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээтэй байна.
Монголчууд ийнхүү анх удаа морин тойруулгын уралдааныг дэргэдээс нь тухлан үзэх боломжтой боллоо. Мөн тус уралдааны урьтал болгон энэ лхагва гарагт “UB CUP 24” шүдлэн байдас, үрээний уралдааныг тус морин тойруулга дээр зохион байгуулахаар болжээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.