Нийгэм
Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 6 төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна. 5км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна. Гэр бүлийн гүйлтэд 80 гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ.
“Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд болон онцлогийн тухай мэдээллийг танилцуулъя.
1.5 км
Энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд хамтдаа гайхалтай дурсамжийг бий болгох, гэр бүлийн гишүүд, найз нөхөд нэгнээ хүлээж, дэмжиж, бие биедээ туслах зарчмаар бариандаа орж, тухайн өдрийг гайхалтай өнгөрүүлэх боломжийг олгодог.
Хураамж: 5,000 төгрөг
5 км – Эрүүл мэндийн гүйлт
Хэрвээ та анх удаа гүйх гэж байгаа энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүст энэ төрөлд бүртгүүлэхийг зөвлөж байна.
Хураамж: 5,000 төгрөг
10 км
Гүйлтийн спортоос таашаал авдаг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, зөв тактиктай гүйдэг хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт юм. Учир нь: 10км нь маш их тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг онцлогтой.
Хураамж: 30,000 төгрөг
21 км Хагас марафон
Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Та зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргийг шаардана.
Хураамж: 50,000 төгрөг
42 км Марафон
Бэлтгэлийнхээ үеэр дор хаяж 21 км 095м-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс энэ төрөлд гүйхээр сонгодог. Хэрвээ өөрийнхөө хязгаарыг эвдэж энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө гэж үздэг билээ.
Хураамж: 60,000 төгрөг
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.