Нийгэм
СБД иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто замын өргөтгөл хийж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон тухайн жилийн Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилготой “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг 2017 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан “Хөдөлгөөнт оффис” өнгөрөгч мягмар гарагаас эхлэн хороодод ажиллаж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн. Өчигдөр “Хөдөлгөөнт оффис”-ын бүрэлдэхүүн дүүргийн 3, 4, 5 хороодод ажиллалаа. Уулзалтын эхэнд Засаг дарга Х.Болормаа сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр 200 ортой Нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2021 оны 8 сард эхлүүлж байсан бол зургаадугаар сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудын тохижилтын ажил ерөнхийдөө дууссан. Ажиллах хүчний нөөц бүрдүүлэх, тэднийг шинэ тоног төхөөрөмж дээр сургаж, дадлагажуулах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн тус хороодод хийгдсэн онцлог ажил нь зөвшөөрөлгүй тоосгон гарааш буулгаж, газар чөлөөлөлт хийсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын зохиомол түгжрэлийг бууруулах, орц, гарцыг нээж, газар ашиглалтыг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгах ажлын хүрээнд 56 байршилд 1093ш гарааш буулгаад байна. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто зам өргөтгөл бүхий тохижилт, бүтээн байгуулалт ажлууд хийгдэж байгаа тухай ТГУХ-ийн дарга М.Бямбасүрэн танилцуулав. Уулзалтын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албаны дарга, мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулт өгөв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.