Нийгэм
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас 2024 оны нэгдүгээр сард төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байв. Тэгвэл прокуророос /2024.07.17/ энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн менежерээс 37 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутган, 2023 онд хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэрбээр өмнө нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын-Үүд дэх ложистикийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Зүүнбаян төмөр зам” компанийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер С.Б нь иргэн Ж.О-ийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн мэдээллийг өөрчилж, үзлэг оношилгоонд оруулж, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн газрын дарга Д.Б нь ашиг сонирхлын үүднээс эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд БНХАУ-ын компаниудыг шалгаруулах, тендер, төсөлтэй холбоотой мэдээллийг дамжуулсны хариуд БНХАУ-ын “Ш”, “И” компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Хил хамгаалах ерөнхий газрын дугаар ангийн тээврийн хэрэгслийн шалгагч Д.А нь “И” ХХК-ийн тээврийн хэрэгсэл хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн зөрчлийг илрүүлсэн боловч холбогдох баримт бичгийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлээгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн Г.З-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- БНХАУ-ын иргэн В.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөрдөгчид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.