Эдийн засаг
“Тавантолгой төмөр зам” ХХК 2024 оны эхний 9 сарын байдлаар 3 сая.тонн ачаа тээвэрлэжээ
“Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын суурь бүтцээрээ 2024 оны эхний есөн сарын байдлаар өссөн дүнгээр 3 сая.тонн ачаа тээвэрлэлээ.
Энэхүү тээвэрлэлтийн хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.
Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилбал, Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 1.3 сая тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.7 сая тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангаж үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ.
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулсан.
Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн 1/3 коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2.0 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан бөгөөд биржийн арилжаа тогтмол, хэвийн явагдаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 101 биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын “Ганцмод” болон “Мандал” боомт нөхцөлтэй арилжаад байна.
Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс тус тус арилжаалсан байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Эдийн засаг
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд 2025 оны төсвийн төслийг танилцууллаа
Эдийн засаг
Монголбанк, planetGOLD төсөл, Филиппин улсын Засгийн газрын төлөөлөлтэй албан уулзалт хийлээ
“Лондонгийн Зарчим”-ын хүрээнд planetGOLD Монгол-Филиппин “Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн хэрэгжүүлэгчид болох НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ), Филиппин улсын Байгаль орчин, байгалийн баялгийн яам, тус улсын Камаринес Норт мужийн захиргаа, Канад улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ), Филиппин улсын Төв банк, planetGOLD Филиппин төслийн төлөөллийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монголбанканд хүлээн авч, уулзалт хийв.
Тус уулзалтаар талууд Монголын бичил уурхайн салбарын хэтийн төлөв, сорьц тогтоох үйл ажиллагаа, алт арилжаалагчдын үйл ажиллагаан дахь хяналт, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмж зэрэг асуудлын хүрээнд харилцан санал солилцсон юм.
Цаашид бичил уурхайн хариуцлагатай олборлолтыг дэмжих, бичил уурхайн салбараас үүдэлтэй мөнгөн усны хэрэглээг бууруулах, алтны гарал үүслийн ил тод байдлыг хангах нөхцөл боломжийг бий болгоход хамтын ажиллагаагаа чиглүүлэх тал дээр талууд санал нэгдлээ.