Connect with us

Улс төр

“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний дагуу Төсвийн байнгын хороонд хуваарилж байгааг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, тус Байнгын хороо иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулах тухай саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв. Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг гэдгийг гишүүд онцолж байсан бөгөөд П.Сайнзориг гишүүн Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр зарладаг авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайжруулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлагатайг хэлж байв. Эдгээр хуулийг баталсан тохиолдолд дээрхээс гадна авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна хэмээн тайлбарласан. Түүнчлэн иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлага байгааг тэмдэглэж байв. Б.Пүрэвдорж гишүүн нүүрс тээврийн асуудал нь авлигын шалтгаан болж байгааг, Ө.Шижир гишүүн төрийн эрх мэдэл хэт төвлөрснөөс, баялгийн шударга бус хуваарилалт нь авлигын үндэс болдог гэдэг байр суурийг илэрхийлээд Авлигатай тэмцэх газар нь соён гэгээрүүлэх үүргээ илүү ухамсарлаж ажиллаасай хэмээн хүсээд,  сонгуулийн хандив цуглуулах нь улс төрийн орчинд авлигын асуудал үүсгэдэг болохыг хэлж байв. Б.Бейсен гишүүн цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг Авлигатай тэмцэх газраас хянаж, шалгасан эсэхийг тодруулж, З.Дашдаваа даргаас хариулт авав. Мөн тэрбээр тус байгууллагын мөрдлөг, хяналт, шалгалтад ороод гэм буруугүй хэмээн тогтоогдсон этгээдүүдийг цагаатгах ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар тодруулж байсан юм. О.Цогтгэрэл гишүүн авлигын эсрэг тэмцлийг төрийн эрх мэдлийг бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог зохист түвшинд хязгаарлснаар үр дүнтэй байх болно гэлээ. Монгол Улсын хэмжээнд төрд болон төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа хүний тоо нэлээд өндөр болсон нь, улсын төсөв болон төрийн өмчит компаниудын төсвийг нийлүүлснээр зах зээл дэх хоёр төгрөг тутмын нэг нь төрөөс хамааралтай байгаа зэрэг нь авлигын нөхцөлд ихээхэн нөлөөлж байгааг гишүүд хэлж байв.

М.Мандхай гишүүн, улс орон дахь авлигын асуудал нь хүн нэг бүрийн амьдралын чанар, улс орны хөгжлийн үзүүлэлт, нийгмийн харилцан итгэлцэлд нөлөө үзүүлж байдгийг дурдаад Авлигатай тэмцэх газар иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай гэдэг санал хэлж байв. С.Эрдэнболд гишүүн З.Дашдаваа даргаас ирэх зургаан жилийн үйл ажиллагааных нь талаар тодруулахад “Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны хугацааг бүрэн дуусгаж буй анхны дарга би болж байна. Авлигатай тэмцэх байгууллага маань 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхой туршлага хуримтлуулсан, мэргэшсэн хүний нөөцтэй болжээ. Ирэх жилүүдэд хамт олныхоо туршлага, чадвар дээр тулгуурлаж тогтолцоо руугаа нэг анхааръя гэж төлөвлөж байна. Хуулиас давсан журмуудаар эрх мэдлээ хэтрүүлдэг төрийн албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газартай хамтарч тодорхой ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Нэн тэргүүнд журмуудыг цэгцлэх буюу авлигын хөрс, суурь шалтгааныг өөрчлөх тэмцлийг хийнэ гэж бодож байна” гэдэг хариултыг З.Дашдаваа дарга өгсөн. Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга  авлига өгсөн, авсан талуудыг шийтгэдэг байдлыг оновчгүй хэмээн үзэж буйгаа дурдаад, авлига өгсөн хүнд хариуцлага тооцохгүй байх нь энэ төрлийн гэмт хэргийг 50 хувиар бууруулах нөхцөл болно хэмээн байр сууриа илэрхийллээ.

Х.Тэмүүжин гишүүн авлигын суурь шалтгаан нь тогтолцоо гэдгийг дурдаад  тогтолцооны авлигатай тэмцье гэж бодож байгаа тохиолдолд зоригтой өөрчлөлтүүд хийх хэрэгтэй гэлээ. “Авлигаас ангижрах хоёрхон арга бий. Төвлөрсөн эрх мэдлийг задлах, эрх мэдлийн харилцан хяналт” хэмээгээд тодорхой саналуудыг илэрхийлж байсан.

Ийнхүү гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд болон З.Дашдаваа даргаас зарим зүйлийг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу санал хураалтад оролцсон 112 гишүүний 92 нь дэмжин баталлаа.

Иймд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж, танилцуулаад “З.Дашдаваа даргад ажлын амжилт хүсье. Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилж байгаатай холбогдуулан олон санал хэллээ. Гишүүдийн хэлсэн саналыг Та бүхэн ажил хэрэг болгож хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг ул суурьтайгаар хэрэгжүүлэх, үүнийг нь Улсын Их Хурал дэмжиж ажиллах шаардлагатайг гишүүд хэлж байна. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс танай байгууллага бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах нөхцөлтэй холбоотой асуудлуудаа Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаасаа Авлигатай тэмцэх газрын зүгээс хуулиас давсан журмуудтай холбоотой асуудлаар саналаа боловсруулж, хүчингүй болгуулах, авлига үүсгэх нөхцөлийг бий болгож байгаа төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах саналуудаа шуурхай танилцуулж, шийдвэрлүүлэх үүрэг, чиглэл өгч байна. Улсын Их Хурлын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлыг илүү эрчимжүүлж, бодит үр дүн гаргах талаар анхаарч ажиллахыг хүсье. Улсын Их Хурал танай байгууллагын үйл ажиллагаа, ажиллах нөхцөлийг чинь анхаарч, бүрэн дэмжиж ажиллана” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Энхтуяа танилцуулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа /илтгэгч/, Р.Батрагчаа, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцжээ.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … хууль дээдлэх … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … нас …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс … нийгэм, хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Мөн энэхүү дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “… хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах … эрхтэй. …”, мөн зүйлийн 5 дахь заалтад “өндөр наслах … тохиолдолд … тусламж авах эрхтэй;” гэснийг зөрчөөгүй байна гэж үзжээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн гэв.

Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 03 дугаар сарын 24 болон 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн болохыг Э.Бат-Амгалан гишүүн танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт,  А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалтыг хойшлуулахаар Д.Амарбаясгалан дарга хэлээ.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх I үе шатанд “1.Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тус тус заасан байдгийг тэрбээр дурдав.

Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй.” гэсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент шинэ тутам бүрдэж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдсан.

Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурь нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах юм хэмээв.

Иймд Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар захирамжаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулан, 16 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Улмаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улс өргөн мэдүүлжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан болохоо дэлгэрэнгүй танилцуулсан.

Хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох, хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах шалгуурыг хуульчлах бөгөөд үүнд, гагцхүү хуулиар хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгод нийцсэн байх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, ялгаварлан гадуурхаагүй, жендэрийн мэдрэмжтэй байх, тохирсон арга, хэлбэр ашигласан эсэхийг дүгнэж, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг өргөн мэдүүлэхийн өмнөх шатанд буцаах зохицуулалтыг тусгажээ.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд буюу төсөв, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцохоор тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, эсхүл судалгаа, шинжилгээний байгууллага, судлаач зардлын тооцоог хийх нь зүйтэй хэмээн төсөл санаалагчид үзжээ.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тохиолдолд тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхөө үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх шаардлагыг төсөлд тусгасан байна.

Хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалах хүрээнд түүнийг хязгаарласан аливаа зохицуулалтыг засч залруулахаас гадна захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавих шаардлагыг өндөрсгөж, зөвхөн хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргадаг байхаар хязгаарлахаар тусгасан хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулав.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд хийж буй зохицуулалтуудын талаар үргэлжлүүлэн танилцууллаа. Холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

“Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем” (legalinfo.mn) цахим хуудсыг хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх төвлөрсөн цахим систем хэлбэрээр ашиглах, хөгжүүлэхээр тусгасан байна.

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалт бүхий хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг заавал авсан байх зохицуулалтыг мөн төсөлд тусгажээ.

Иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг төсөлд тусгасан, эс тусгасан талаарх тайлбарыг хууль тогтоомжийн төслийн танилцуулгад нэг бүрчлэн оруулдаг байх, уг шаардлага хангагдсан эсэхийг өргөн мэдүүлэхээр ирүүлсэн төслийн бүрдүүлбэрийг хянах хүрээнд нягтлан үздэг байх, шаардлага хангуулахаар буцаадаг байх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд төсөлд дараах зохицуулалтыг тусгасан болохыг Д.Цогтбаатар гишүүн илтгэлийнхээ үеэр танилцуулсан.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомжид хийдэг байхаар, бусад хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Засгийн газраас үүрэг болгосны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр тусгажээ.

Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, хуульд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх шаардлагатай хэмээн үзжээ.

Ажлын хэсэг, ажлын дэд хэсгээс хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шатанд гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа,  хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгүүлсэн болохыг танилцуулсан юм.

Мөн хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын d.parliament.mn цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулж, төслийн зүйл, хэсэг заалт бүрээр саналаа гаргах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэмээлээ. Хуулийн энэхүү төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй гэлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг эхлүүлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим