Эдийн засаг
Онлайн төлбөр тооцоо 2024 оны II улирлын байдлаар 240,677.5 тэрбум төгрөгт хүрчээ
Онлайн төлбөр тооцоо 2024 оны II улирлын байдлаар 240,677.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Онлайн төлбөр тооцоо нь дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг болдог.
Монгол Улс нь 2012 онд хөдөлгөөнт банк болон цахим мөнгөний талаар баримтлах бодлогоо баталсан байдаг.
Хөдөлгөөнт банк гэдэг нь гар утас, компьютер, бусад цахим төхөөрөмж ашиглан банк дээр өөрийн биеэр очихгүйгээр өөрийн данс руу хандаж, төлбөр төлөх, банкны үйлчилгээг авах боломжийг харилцагчдад олгож буй банкны үйлчилгээ юм.
2020 он хөдөлгөөн банкны идэвхтэй хэрэглэгч 1,823,585 байсан бол 2024 оны II улирлын байдлаар 2,590,112 болж өсжээ.
Хөдөлгөөнт банкны гүйлгээ нь 2020 онд 66,917 тэрбум төгрөг байсан бол 2024 оны II улиралд 240,677.5 тэрбум төгрөг болж өссөн байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Эдийн засаг
Монголбанк “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүллээ
Монголбанк нь Монгол Улсын төлбөрийн системийг бүхэлд нь удирдан зохион байгуулж, төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхэд шаардлагатай төлбөрийн системийн дэд бүтэц, техник технологийн бэлэн байдлыг хангаж, улмаар тухайн дэд бүтцэд тулгуурлан иргэдийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд чиглэсэн арилжааны банкууд болон финтек байгууллагуудын хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажиллаж байна.
Тухайлбал, олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Монголбанк Голомт банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран технологийн хувьд дэлхийд тэргүүлэгч Apple компанийн “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. “Apple Pay” үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компанийн ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог.
Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломж нээгдэж байгаа нь манай улсын иргэдэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцыг нээсэн чухал алхам боллоо. Мөн түүнчлэн Монгол Улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болж байна.
Цаашид Монголбанкны зүгээс банк, санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төлбөр тооцооны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх ажлыг улам дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байна.
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 28.3 сая дахь тонн нүүрсээ экспортод гаргалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 28.3 сая дах тонн нүүрсээ экспортод гаргалаа. Компани Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудын хүчин чадалтай уялдуулан экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас өнөөгийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 97%-тай байна.
Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх “11 сарын дотор хамгийн их нүүрс экспортолсон” түүхэн амжилт юм. 2010 оноос хойш 2023 онд хамгийн ихдээ 26.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна.
Эдийн засаг
Монголбанк: 1.6 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 11 дүгээр сард 1,689.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 291,101.68 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.