Нийгэм
Засаг даргаар томилогдсон М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн аймгийн Засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа. Ерөнхий сайдын захирамжийг ЗДТГ-ын дарга Ш.Ганболд шуурхай зөвлөгөөний эхэнд уншиж танилцуулав. Үүний дараа ИТХ-ын дарга Д.Мөнхбат холбогдох албаны хүмүүсийн хамтаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалд тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-д заасныг тус тус үндэслэн Мишигийн Түмэнжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилсон.
Дөрөвдүгээр сарын 18-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, М.Түмэнжаргалыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн.
Засаг дарга М.Түмэнжаргалын хэлсэн үг:
Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ! Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон байгууллагын удирдлагууд аа !
Надад итгэл хүлээлгэн Орхон аймгийн Засаг даргад миний нэрийг дэвшүүлэхэд бодлогын дэмжлэгээр хангасан МАН-ын Удирдах зөвлөл, Орхон аймгийн Монгол Ардын Намын хороо, Тэргүүлэгчид, намайг дэмжсэн аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон ИТХ-ын нийт төлөөлөгчид, Эрдэнэтчүүд та бүхэнд болон Орхон аймгийн Засаг даргаар томилох шийдвэрийг гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ таньд талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Би төр засаг түмэн олныхоо итгэлийг зүтгэлээр хариулах болно.
Манай аймагт болж бүтэж байгаа ажлууд олон ч болохгүй бүтэхгүй байгаа ажлууд цөөнгүй байна. Миний бие төрийн хууль тогтоомжийг дээдлэн, Засаг даргын албан үүргийг хуулийн дагуу чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо эдийн засгийн өсөлтийг хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, Алсын хараа-2050 урт хугацааны бодлого түүнийг хэрэгжүүлэх суурь нөхцөл болсон Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, авлигаас ангид, шат шатандаа хариуцлагатай байх зарчмыг баримтлан аймаг, хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.
Миний бие асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийнхээ саналд тулгуурлан, дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудад ялангуяа 2024 оны хөрөнгө оруулалтын ажилд голлон анхаарч иргэд олон нийт, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагууд, Баян-Өндөр, Жаргалант сумд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.
20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагууд, баялаг бүтээгч уурхайчин хамт олны дэмжлэгээр аймаг орон нутгийнхаа тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэх талаар санаачлага дэвшүүлэн ажиллах болно. Миний бие байгууллагын дарга удирдлагуудтай нэг баг хамт олон болж ажиллахдаа зөвд зөөлөн бурууд хатуу байж, үр дүнг чухалчлан үзэж, олон түмнийхээ төлөө, хариуцсан ажлынхаа төлөө гэсэн зүтгэл бүхнийг дэмжиж, хүнд сурталтай, хөшүүн хойрго зантай, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилтэй, иргэдэд тэгш бус хандлага гаргадаг, олон түмнээ үл ойшоосон албан тушаалтнуудтай хамтран ажиллахгүй гэдгээ өнөөдөр шууд хэлчихье гэж бодож байна.
Мөн төрийн байгууллагуудын албан хаагчдад ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай, асуудлыг шуурхай шийдэж, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх шаардлага тавих болно. Миний өмнө аймгийн Засаг даргын хариуцлагатай албыг хашиж байгаад эрүүл мэндийн асуудлаар өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн Сэмжидийн Батжаргал даргадаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. С. Батжаргал даргыгаа биеэ эмчлүүлээд орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол төрийн залгамж чанарыг эрхэмлэн “Санаа зөв бол – заяа зөв” гэсэн ардын сайхан зүйр үгийг алхам тутамдаа санаж, аливаа асуудалд тэгш хандах зарчим баримтлан ажиллах болно. Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хүн ардын төлөө, хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая. Баярлалаа.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр14 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм19 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм19 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Эдийн засаг15 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа