Энтертайнмент
Д.Ганга: “Comedy Lab” бүхнийг эхнээс нь эхэлж байгаа
Хошин урлагийн нэгэн төрөл болох Stand up comedy-аар өөрсдийн гэсэн үзэгчтэй болсон “UB comedy” клубын залуус дунд маргаан гарч, таван жилийн ойгоороо бутраад байна. Энэ талаар бид “UB comedy” клубын экс гишүүн Д.Гангаас цөөн асуултад хариулт авлаа.
-“UB comedy” клубын залуус яагаад өрх тусгаарлах болов. Энэ талаар тайлбар өгөөч?
-Бидний дунд үл ойлголцол үүссэн. Мэдээж энэ бол залуусын хоорондын асуудал. Хөндлөнгөөс харвал солонгос драм шиг юм боллоо./инээв/ “UB comedy” клубыг үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй ойлголцож чадаагүй. Тийм учраас бидний хэсэг залуус тусдаа гарч клубээ байгуулаад эхний тоглолтоо гуравдугаар сарын 8-нд хийлээ. Харин Б.Идэр-Одын хувьд хоёр клубт хоёуланд нь тоглохоо хэлсэн.
-“Comedy Lab” клубт хэн хэн багтсан бэ?
-Амаржин, Амараа, Хану, Төөгөө, Мөнхжин, Тулга гээд бид долоо “Comedy Lab” клубыг үүсгэн байгууллаа. Эхний тоглолтоо эмэгтэйчүүдийн баярын өдөр зохион байгуулж, фэнүүдтэйгээ дахин уулзсан. Мэдээж энэ тоглолтоос их урам зориг авлаа. Бүхнийг эхнээс нь эхэлж байгаа учраас саад их л байгаа. Гэхдээ маш сайн бэлтгэгдэж байна. Дараагийн тоглолтоо эрчүүдийн баярт зориулан гуравдугаар сарын 16-ны өдөр “Чингис” зочид буудлын “Khaan ball”-д хийхээр болсон.
-Та бүхэн сайн үйлсийн аяны үйл ажиллагаа хийж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл авмаар байна?
-Сайн үйлсийн аяныг манай клубын Хану анх санаачилсан. Бидний зүгээс их, дээд сургуульд тоглолт хийж, олсон ашгаа хэрэгтэй хүнд нь өгсөн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуус, иргэдэд тусалж байгаа. Анагаахын их сургууль, Батлан хамгаалахын их сургууль гээд бидний тоглолт хийсэн газар олон бий. Тухайн сургуулийн холбогдох хүмүүстэй ярилцаад туслах шаардлагатай оюутанд тусламж өгсөн.
-“Comedy Lab” клубээс дараагийн төлөвлөсөн тоглолтын талаар сонирхоё?
-Одоогоор эрчүүдийн баярт зориулсан тоглолтод бэлдээд зав муутайхан явна. “Comedy Lab” клубыг байгуулсан учраас нээлтээ хийх ёстой. Энэ талаар ярилцаж байгаад гуравдугаар сардаа багтаагаад хийх байх.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.