Нийгэм
Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго
Улаанбаатар хотод өнөөдөр явган зорчигч ногоон гэрлээр алхах эрх алга. Түгжрэл сааруулах нэрийн дор хотын захиргаанаас гаргасан журам нь автомашинтай иргэдэд давуу эрх олгосны зэрэгцээ тээврийн цагдаа нь хөдөлгөөн зохицуулах нэрийн дор явган зорчигчийн ногоон гэрлээр гарах эрхийг ч хязгаарлаж байна. Үнэмшихгүй бол тээврийн цагдаагийн автомашины хөдөлгөөнд хийж буй зохицуулалт, жолооч нарын ногоон гэрлээр уулгалан дайрч буй үйлдлийг нэг ажаарай.
Явган зорчигч ногоон гэрэл ассан үед гарцаар алхаж явахад л автомашин дохиогоо ч өгөлгүй давхиад ороод ирнэ. Энэ үед хүүхэд битгий хэл насанд хүрэгчид ч сандарч байгаа юм. Таяг тулсан ахмад настнууд гүйхээрээ нэг болно. Зарим жолооч энэ үйлдлийг хараад маасайтал инээх нь ч бий.
Дээр нь ногоон гэрэл асчихаад байхад замын цагдаа нь явган зорчигчдыг гарцаар гаргадаггүй. Өнөөх л төмөр хүлэгтнүүдэд явах дохио өгч, эрээн модоо савчуулна. Ийм үед осолтой, аваартай ч гэмээр үйлдлүүд анзаарагдана. Хүлээж цөхөрсөн явган зорчигчид ногоон гэрэл асангуут алхах эрхээ эдэлж давшилдаг бол замын цагдаа нь жолооч нарт явах дохиог үргэлжлүүлэн өгсөөр л байдаг. Хэрэв энэ үйлдлээс болж явган зорчигч автомашинд мөргүүлвэл хэн нь буруудаж хариуцлага хүлээх вэ? Ногоон гэрэл ассан үед тээврийн цагдаагийн дохиогоор хөдөлгөөнд оролцсон жолооч хариуцлага хүлээх үү, эсвэл тээврийн цагдаагийн дохиог үл тоосон явган зорчигчийн хохь болох уу. Аль эсвэл ногоон гэрлээр явган зорчигчийг гаргалгүй, тээврийн хэрэгсэлд давуу эрх олгосон цагдаагийн буруу юу.
Ийм нэг ойлгомжгүй дүрмийг цэгцлэхгүй бол явган зорчигч давуу эрх эдэлнэ гэх Замын хөдөлгөөний дүрэм Монголд лав хэрэгжихгүй болсоор удлаа.
Нөгөө талаас тээврийн цагдаа нь явган зорчигчоо хүндэтгэж, ногоон гэрлээр гарах эрхийг нь олгохгүй байхад жолооч нарт энэ эрхийг сануулаад ч нэмэр алга. Дунд хуруу л үзүүлж байна.
Ягаад өнөөдөр гарцаар, ногоон гэрлээр алхаж явсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гардаг вэ гэдгийн хариулт энэ л болов уу.
Дээр нь 2016 оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн зарим уулзвараар автомашин ногоон гэрлээр баруун гар тийш эргэх журмыг цуцлахгүй бол жолооч, тээврийн цагдаа нарт явган зорчигч давуу эрхтэй гэх дүрэм суухгүй нь. Улаанбаатар хотын хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 52 уулзварыг дээрх журмаар зохицуулагдаж байна.
Гэвч уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ багасч, түгжрэл саарсан дүр зураг харагдахгүй байна.
Харин ч стресс болж, уур бухимдлаа бие биедээ гаргаж, зам дээрээ барилцаж авах нь холгүй болох нь энүүхэнд.
Уг нь Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулъя гэвэл ядаж л ногоон гэрлээр явган зорчигч давуу эрх эдэлнэ гэх дүрмээ хэвшүүлээд, тээврийн цагдаа, жолооч хоёр нь тэдэнд хүндэтгэлтэй ханддаг болчихвол наанадаж ойлголцлын зөрүү гарахгүй болно.
Автомашинтай хүн бүр давуу эрх эдлэх юм шиг дүрэм журмыг мөрдүүлдгээс болж, явган зорчигч ногоон гэрлээр гарах эрхгүй болтлоо шахагдах боллоо. Ийм тохиолдолд түгжрэлийг сааруулна гэж байхгүй. Хүн бүр л автомашинаа унаад хөдөлгөөнд оролцохыг илүүд үзнэ.
Жил ирэх тутам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга хол давсан нь түгжрэлийг бууруулах нэрийн дор жолооч нарт давуу эрх олгож хөдөлгөөнд оролцуулдаг нь нэрмээс болсон байхыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн гэрлэн дохио бүрийн улаан, ногоон, шар гэрлийн асах минут харилцан адилгүй байна. Зарим авто зам дахь гэрлэн дохионы ногоон гэрэл асахгүй, зөвхөн улаан гэрэл асдаг юм уу гэмээр удах нь бий.
Ерөөс хөдөлгөөнийг зохицуулж байгаа дүрэм бүхэн нь зөвхөн автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн эрхийг хангахад л чиглээ юу гэмээр байх болжээ.
Ийм зүйлүүдээ ч эргэн нягталж, стандартад нь нийцүүлэхгүй бол мөдхөн гарцаар явган зорчигч гарахгүй гэх дүрэм үйлчилж эхлэхийг байг гэх газаргүй нь.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна