Нийгэм
Далан сая малтай Монголд төв суурин газрынхан махны үнэд дарлуулж байна

Амралтын өдрөөр Хотын дарга С.Амарсайхан “Хүчит шонхор” зах дээр ажиллалаа. Хотын даргын очсон зорилго махны үнэ ханштай танилцах, цаашид буулгах боломжийг бас судлах байсан байх. Даанч дарга ирлээ гээд махны үнэ буурахгүй юм даа. Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал талаас нь илүү анхаарч байх шиг харагдана лээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Засаг даргыг дагалдаж явсан нь бас үүнийг нотолно.
Гэхдээ өнөөдрийн хувьд нийслэлийн оршин суугчдын хоолойд тээглэсэн асуудал махны үнэ болчихоод байна. Монгол хүн энэ тарчиг хавраар махгүйгээр ганц хоноход бэрх. Эмч нар ч хаврын улиралд махаа ахиухан идэж, нойр сайн авахыг зөвлөдөг. Гэтэл энэ жилийн тухайд аль намраас л мах магнаг бож, үнэ өртөг нь жирийн иргэдэд гүйцэгдэхэд бэрх болсон. Намрын адаг сараас эхлэн монголчуудын бэлтгэсэн махыг урд хөршийнхөн үнэ цохиж баруун солгойгүй авсан болохоор нийслэлийн иргэдийн ихэнх нь өвөл хаврын махаа ахиухан бэлдэж амжаагүй.
Махны үнэ нэмэгдсэнээс малчид л хожсон байх. Харин бусад хэрэглэгчдийн хувьд халаасаа сэгсрээд л өнгөрсөн. Намрын тэр өндөр тогтсон үнэ өвөлжин хадгалагдсаар одоо бүр гаарчихаад байна.
Тухайлбал, өчигдөр Бөмбөгөр худалдааны төв дээр хонины ястай мах кг нь 8500 төгрөг, үхрийн цул мах 13000 төг, ястай нь 10500 төгрөгтэй байв. Харин Хүчит шонхор зах дээр бол хонины хуучин мах /зоорины/ гулуузаараа 7500-8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-9500 төгрөгөөр арилжаалагдаж байна.
Захын махны худалдагч нарын ярьж байгаагаар бол махны нийлүүлэлт бага байгаа гэцгээж байна. Намар мах нөөцөлсөн компани хувь хүмүүс л зоорины мах түлхүү нийлүүлж байна гэв. Харин зарим худалдан авагчдын хэлж байгаагаар бол намар хятадууд их хэмжээний мах бэлтгэж гадагш нь гаргасан. Мөн нэг хэсгийг нь хавар үнэ хүргэж зарахаар нөөцөлсөн. Одоо тэр махаа нийлүүлж байгаа байх гэж ярихтай таарлаа.
Мах ховор байгааг далимдуулан Баян-Өлгий аймгаас үхсэн малын мах нийслэлийн хэрэглэгчлэгчдэд нийлүүлэх гэж байгаад хяналтын байгууллагынханд илчлэгдсэн явдал өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ мэт явдал дахиад гарахыг үгүйсгэхгүй.
Одоо өдийд хаврын тарчиг цагаар шинэ мах нэг их нийлүүлэгдэхгүй. Өвлийг давж хаврын салхи шуурганд бөмбөрсөн мал арга хүчээ хэдийнэ алдсан байгаа. Тэгэхээр улсын баяр наадам хүртэл махны үнэ буурахгүй, хангамж нийлүүлэлт ч нэмэгдэх боломж хомс.
Үнийн энэ өсөлтийг бага ч болов сатааруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг нь нөөцийн мах. Нөөцийн махыг ХХААХҮ-ийн яам хариуцаж, бэлтгэх ажлыг зохицуулах учиртай. Урьд жилүүдэд жил бүр 12 мянган тонн махыг нөөцөлдөг байсан жишиг бий. Харин энэ жил 4 мянган тонн буюу өмнөх жилүүдээс 3 дахин бага мах нөцөлсөн гэж байна.
Ингэж багассан нь Улаанбаатарчуудын махны хэрэглээ буурсан, аль эсвэл төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалсангүй. Улсын төсөвт 12 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 4,6 тэрбум төгрөг суусан юм байна. Харамсалтай нь яамны ажил хариуцсан дарга нар энэ үүргээ биелүүлсэнгүй, бодлого зохицуулалтаа хийж чадсангүй.
Өнөөдрөөс эхлэн нөөцийн мах худалдаанд гарна гэж дарга нар бахархалтайяа мэдэгдэж байна. Мөнөөх 4000 тонн мах. Махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг килограмм нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.
Ийм хэмжээний махаар хангамжийг нэмэгдүүлж, үнийг хазаарлана гэдэг угаас худал. Аргацаах төдий үзэгдээд л өнгөрнө.
Дал шахам сая малтай монголчууд ийн валютын ханшаас үл хамаардаг махны үнэд дарлуулж сууна. Төр засаг нь махны экспорт гэж ярьдаг. Харин энэ хооронд төв суурин газрын ялангуяа нийслэлчүүдийн эрх ашиг орхигдсоор ирлээ. Экспортыг дэмжих ч асуудлын эрэмбэ, ач холбогдол гэж бий. Дотоодын хэрэглээг хямд чанартай махаар хангах асуудал л түрүүлж тавигдах учиртай байх.

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Улс төр24 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр2 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент2 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна