Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

“Үндсэн хуульдаа өөрчлөлт хийнэ гэдэг улс төрийн эр зориг шаардах ажил”

Нийтэлсэн

-

УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирэхээр Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг бэлтгэж байна. Тиймээс Үндсэн хуульд орж буй шинэчлэлтийн талаар улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр бэлтгэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн үү. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх цаг үе мөн үү ?

-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн гэх мэт олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Үүнийг дагаад Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчлөх нь зүй ёсны зүйл болж байна. Тухайлбал, гүйцэтгэх засаглалд оролцох Ерөнхийлөгч болон УИХ-ын оролцоо, УИХ-ын гишүүдийн ёс зүй хариуцлагыг өндөржүүлэх,  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын чадамжийг сайжруулах, төрийн тогтолцоонд хяналт-тэнцвэрийн олон механизм үгүйлэгдэж байгааг өөрчлөх, УИХ руу эрх мэдэл хэт хэвийсэн байдгийг засах гэх мэт асуудлыг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байж шийдэхээс өөр аргагүй. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зүй ёсны үндэслэл байгаа тухай улс төр судлаачид, хуульчид зэрэг олон мэргэжилтнүүд, эрдэмтдийн удаа дараагийн судалгаа, дүгнэлтүүд гарч хэдэн парламент дамжин яригдсаар байна.

Мөн улс төрийн зарим хүчний зүгээс ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай асуудлыг удаа дараа сөхөн тавьж байгаа учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудалд нэг мөр хариулт өгөх шаардлагатай. Судлаачийн хувьд энэ удаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал нь засаглалын үндсэн хэлбэрийн хүрээнд буюу парламентын засаглалыг илүү боловсронгуй болгох чиглэлд хийгдвэл зүйтэй болов уу.

Үндсэн хууль бол төр-ард түмний хоорондын гэрээ.  Тиймээс ард түмнээс асуухгүйгээр энэ парламентад өөрчлөх эрх байгаа юу. Учир нь, УИХ дахь АН-ын гишүүд сөрөг хүчингүй болчихсон парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж үзэж байна лээ?

-Монголын ард түмэнд сонгоод л бий болгосон парламент шүү дээ. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Ард түмнээс  сонгогдож  УИХ-д олонхоо бүрдүүлсэн МАН зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийхэд болохгүй гэх газар байхгүй. Гагцхүү Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар аль болох олон нийт болон бусад намууд, эрдэмтэн судлаачдын байр суурь, саналыг авч өргөн хэлэлцүүлэг хийх нь чухал.

Ер нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийнэ гэдэг бол улс төрийн эр зориг шаардах ажил. Нэгэнт хэдэн парламент дамнаад яригдчихсан, эрдэмтэн судлаачдын зүгээс Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх нь зүйтэй гэдэг талаар удаа дараа бодлогын судалгаа, зөвлөмжүүд гарсан тул өнөөгийн УИХ-ын олонх болсон МАН өөрчлөлтийг хийх нь цаашдын ардчиллын төлөвшил, төрийн бодлогын үр өгөөж, засаглалын институтын чадамжид ихээхэн эерэг нөлөө авчирна. Хэдий тийм боловч нөгөө талаас сөрөг хүчний болон болон зарим нэг улс төрийн хүчнүүдээс шүүмжлэл хүлээх эрсдэлтэй. Тийм учраас УИХ дахь олонх нэлээд төвөгтэй нөхцөлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Улс орны ирээдүйг бодолцож Үндсэн хуулиа өөрчлөх үү, эсвэл намд учрах эрсдэлээ тооцож өөрчлөхгүй байх нь уу гэдгийг харж л сууя.

ҮНДСЭН ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ ШААРДАХ АЖИЛ

-Улс төр судлаач хүний хувьд МАН-ын боловсруулсан хуулийн төслийг та бодвол харсан байх. Таны яриад байгаа өөрчлөлт тусгагдсан уу. Тухайлбал, супер Ерөнхий сайдтай болох супер өөрчлөлт хийж чадахаар байа уу,  ер нь хэр чамбай хуулийн төсөл болсон байна вэ?

-Сайн, муу гээд шууд хэлэх боломжгүй. 2000 онд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон нийтийн дунд “Дордохын долоон” заалт гэж нэрлэгдсэн өөрчлөлтүүдийн  зарим нэг заалтыг буцааж 1992 оны Үндсэн хуулийн  анхны  заалт руу нь сэргээж байгаа юм билээ.  УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 50-аас доошгүй ажлын өдөр чуулна гэсэн 2000 оны өөрчлөлттэй холбоотой заалтыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж оруулсан байсан. Мөн 2000 оны өөрчлөлттэй холбоотой заалтыг засаж УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль бусад хуульд заасан, эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулах заалт орох юм байна. 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр хамгийн их шүүмжлэл дагуулдаг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэсэн заалтыг энэ удаагийн төслөөр засах гэж оролдсон нь харагдсан. Тухайлбал, “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын  гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж төсөлд тусгасан нь “давхар дээл”-тэй гишүүдийн тоог бууруулахыг зорьсон байна. Гэхдээ миний хувьд УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байх боломжтой гэж үздэг. Дэлхийн парламентын засаглалтай улсуудын жишиг ч ийм. Сонгуульд ялсан намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг. Парламентад сонгогдсон гишүүдийнхээ дотроос дахин шигшиж  танхимын гишүүдээ бүрдүүлдэг. Энэ утгаараа Засгийн газрын гишүүдийн хувьд хоёр том шалгуур давдаг учраас мэдлэг, чадвараараа бусдаасаа илүү гишүүд нь Засгийн газартаа ордог.

Дэлхийн энэ жишиг манайд яагаад олигтой болохгүй байна гэхээр парламентын гишүүдийн тоо цөөн байгаатай холбоотой. УИХ-ын 76 гишүүний арван хэд нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ-ын гишүүдийн ажил, үүргийн ачаалал хэт нэмэгддэг, чуулганы болон Байнгын хороодын гишүүдийн ирц буурахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл жижиг парламентад “давхар дээл”-ний асуудал илүү тод мэдрэгдээд байгаа юм.

-Тэгэхээр Монголын  нэг танхимтай парламентад 76 гишүүн багаддаг гэсэн үг үү. Парламентын гишүүдийн тоо хэд байх боломжтой юм бэ?

-Монгол Улсын хүн амын тоо, газар зүйн онцлог, хоёр их гүрний дундах жижиг улсын онцлог зэргээс хамааруулан тооцоход Монгол Улсын парламент 120-150 хүртэлх тооны гишүүнтэй байх ёстой. Ингэж байж нэг гишүүнд оногдох эрсдэлийн хэмжээ буурна. Өөрөөр хэлбэл гадна дотны лоббид автах магадлал буурна гэсэн үг. Нөгөө талаас УИХ-ын ард иргэдээ  төлөөлөх чадамж нэмэгдэнэ.

Өнөөгийн хуулиар бол УИХ-ын чуулганд гишүүдийн олонх буюу 39 гишүүн хүрэлцэн ирснээр чуулганы ирц хүрч, үүнээс олонх нь буюу 20 гишүүн санал нэгдвэл аливаа хууль батлагдах нөхцөл үүсдэг. Ийм цөөн гишүүн хууль баталж байгаа нь эрсдэлтэй учраас аль болох парламентын гишүүдийн тоогоо нэмэх шаардлагатай гэж үздэг. Ингэснээр парламентын чадавхи нэмэгдэх болно.

ЖИЖИГ ПАРЛАМЕНТАД “ДАВХАР ДЭЭЛ”-НИЙ АСУУДАЛ ИЛҮҮ ТОД МЭДРЭГДДЭГ

-Дэлхийн улсуудын гүйцэтгэх засаглалын хөгжлийн хандлагын тухай таны шинэ өгүүлэлд хүчтэй Ерөнхий сайдын талаар нэлээд онцолж бичсэн байсан. Хүчтэй ерөнхий сайдын тогтолцоог хэрхэн бий болгодог вэ?

-ХХ зууны хоёр дахь хагасаас эхлэн парламентын засаглалтай бараг бүх улсад хүчтэй Ерөнхий сайдын тогтолцоо төлөвших болов. М.Тетчер, Индра Ганди, Гельмут Коль  нараас эхлэлтэй ХХ зууны хүчтэй ерөнхий сайдуудын жагсаалт ХХI зуунд Ангела Меркель, Тони Блэйр, Тереза Мэй, Нарендра Моди, Жастин Трудо нараар үргэлжилсээр байна. Ийнхүү хүчтэй Ерөнхий сайд нар бий болж байгаа нь юуны өмнө парламентын засаглал, улс төрийн намуудын сайн тогтолцоотой холбоотой. Орчин үеийн намууд нягт зохион байгуулалттай, өндөр сахилга баттай, бодлого боловсруулах чадвар сайтай, төрөөс санхүүждэг болсноор эрх баригч намын зүгээс парламентаар хүссэн хууль, шийдвэрээ гаргуулах боломжтой болсон билээ. Энэ байдал Европын намуудад тод илэрдэг. Сонгуульд ялж парламентад сонгогдсон намын лидер Ерөнхий сайд болж, удаах лидерүүдээ сайд нараар томилдог явдал юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдаасаа эхлээд бусад сайд нар бүгд парламентын гишүүн байна.  Засгийн газрын гишүүд нэгэн зэрэг парламентын гишүүн байдаг, намын бодлого, сахилга батын хатуу зарчмаар нэгэн бүхэллэг болж чаддаг байдал нь эрх баригч намын засгийн газар бүхий л бодлого, шийдвэр, байр сууриа парламентаар дэмжүүлж чадах боломжийг өгдөг юм. Бас нэг зайлшгүй дурьдах ёстой зүйл нь Засгийн газрын төсвийн бүрэн эрх маш хүчтэй байдаг явдал. Парламентын гишүүд төсвийн талаар саналаа өгөх эрхтэй боловч төсвийн хэмжээ, бүтцийг олонхийн Засгийн газар дангаараа тодорхойлдог байна.

Харин манай өнөөдрийн тогтолцоог үзвэл парламент дахь намуудын төлөөлөл, эсвэл тухайн намын фракцийн эрх ашгийн үүднээс сайдын томилгоо явагддаг. Дээр нь Засгийн газрын бүтцийг их олон ашиг сонирхлыг харгалзаж байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд дангаараа сайдаа сонгож багаа бүрдүүлэх эрхгүй байна. Тийм учраас Засгийн газрын бүтэц чадварлаг баг болж чадахгүй байгаа юм. Мөн Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ өөрийн үзэмжээр өөрчлөх, зардлыг нэмэх боломжтой байдаг, тэр ч байтугай улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүдэд хуваарилан олгодог нь дэлхийд байхгүй буруу жишиг юм. Тэгвэл энэ байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ёстой.

-Хүчтэй Ерөнхий сайдтай байхын давуу тал юу вэ?

-Намын дарга гэдэг утгаараа намын бодлогоо зангидахаас гадна Засгийн газрын гишүүдээ томилно. Ийм хүчтэй Ерөнхий сайдын үед парламент дахь дэмжлэг тухайн намын бодлого, намаас хэрэгжүүлэх бүх амлалт хэрэгжих боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хүчтэй Ерөнхий сайд бодлогоо нэг мөр авч явахаас гадна бодлогоо хэрэгжүүлэх эдийн засгийн суурь механизмуудаа биечлэн зохион байгуулдаг. Дээр хэлсэнчлэн Европын ихэнх орны томоохон улс төрийн намын дарга, хүчтэй Ерөнхий сайд нар тухайн улс орныхоо эдийн засгийн хөгжлийн бодлогыг 10-15 жилийн хугацаанд буюу 2-3 сонгууль дамнан хэрэгжүүлж ирсэн байдаг. Хамгийн тод жишээ бол Герман. Германд зүүн, барууны хоёр том бий. Зүүний нам нь нийгмийн хамгааллын бодлогыг өргөжүүлэх, татварын хэмжээг аль болох нэмэх бодлогыг барьдаг бол барууны намын тухайд аль болох төрийн зардлыг багасгах, либерал эдийн засгийн бодлого дэвшүүлж, ээлжлэн засгийн эрхийг 8-12 жилийн хугацаатай барьж ирсэн. Гэтэл манайд 1992 оноос хойш зүүн төвийн нийгмийн хамгааллын бодлого, барууны либераль эдийн засгийн бодлогын аль аль нь тууштай хэдэн жил хэрэгжсэн удаа байхгүй. Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засгийн бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх цаг хугацааны боломжийг засгийн газруудад өгч байсангүй. Шинэ засгийн газар байгуулагдаад л жил хагасын дараа УИХ-ын зүгээс огцруулж ирснээс засгийн газрын дундаж наслалт 1.6 жил болчихоод байна. Тийм учраас Засгийн газрын тогтворт байдлыг хангахын тулд конструктив механизмыг Үндсэн хуулинд суулгах хэрэгтэй. Мөн Засгийн газрыг бүрдүүлэхэд УИХ-ын оролцоог хязгаарлах, Ерөнхий сайд танхимын гишүүдээ дангаар бүрдүүлж, хариуцлага хүлээдэг механизмыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Ингэж байж Монгол улсын хувьд төрийн бодлого боловсруулах чадавхийг сайжруулах, гүйцэтгэх засаглалын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх боломжтой болно.

-Өнгөрсөн хугацаанд ажилласан 14 Засгийн газарт хүчтэй Ерөнхий сайд байв уу?

– Ерөнхий сайд асан  П.Жасрай гуайн Засгийн газар эдийн засгийн шилжилтийн эхэн үеийн бүх реформ эхлүүлсэн. Тухайн үед гаднын бүх татаас, эдийн засгийн дэмжлэг бүрэн зогсчихсон байсан ийм  хүнд үед Ерөнхий сайд асан  П.Жасрай гуай зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг хийсэн гэдгээрээ яах аргагүй түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Засгийн газар гэж хэлж болно. Үүнээс хойших ихэнх Засгийн газрууд  цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн шахалт зэрэг олон шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж чадалгүй хугацаанаасаа өмнө огцорч байлаа.

Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдлын шалтгааныг зарим хүмүүс Үндсэн хуультай холбож үздэг. Зарим нь хувь хүнд нь бурууг нь өгдөг. Таны хувьд аль нв илүү буруутай вэ?

– Дэлхийн улсуудтай харьцуулахад манайд гүйцэтгэх засаглал их тогтворгүй байгаагийн гол шалтгаан бол УИХ-ын зүгээс Засгийн газрыг огцруулах нь хялбар байдаг явдал юм. 1992 оноос хойш нийт 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон Засгийн газар буюу П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан буюу 4 жил ажилласан байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулин дахь засгийн газрыг огцруулах тухай тодорхой заалтуудтай шууд холбоотой. Тухайлбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн  “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн заалтын гишүүдийн тэн хагас нь огцорсноор гэдэг заалт засгийн газрыг “хэврэг” болгоход хүргэж байна. Мөн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь УИХ дахь намууд дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг  зөвшилцөж амжилгүй одоогийн Ерөнхий сайдыг огцруулах боломжийг өгч байгаагаас засгийн газрыг маш амархан огцруулахад хүргэж байгаа юм.

Харин сонгодог парламентын засаглалтай орнуудад Засгийн газрын тэргүүний суудалд дараагийн нэр дэвшигчийг тодруулахгүйгээр Засгийн газрыг огцруулах боломжгүй байдаг. Ерөнхий сайдыг огцруулахын тулд түүний оронд санал болгох нэр дэвшигчийг зөвшилцөн тохирсон байх энэхүү зарчмыг конструктив механизм гэж нэрлэдэг.  Манайд энэ зохицуулалт байхгүй учир  тухайн Засгийн газрыг огцруулсны дараа нь шинэ Ерөнхий сайд хэн байх гэдэг дээр жинхэнэ “бялуу хуваалт” хөшигний цаана явагддаг. Мөн Засгийн газар солигдох бүрт төрийн албаны олон мянган ажлын байр, агентууд өөрчлөгддөг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, яамдыг тодорхой хэмжээгээр хөдлөхгүйгээр заах боломж бий. Ингэж байж улс төрийн савлагаа арилна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын гишүүнээр 30 нас хүрсэн иргэнийг сонгох” талаар тусгасан байна лээ.Зарим ахмад гишүүдийн хувьд парламентын гишүүд сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг, туршлага байхгүй. Тиймээс парламентын гишүүдийн насыг нэмэгдүүлэх нь зөв гэж хэлдэг. УИХ-ын гишүүнээр сонгогдох иргэний насыг  нэмэх нь зөв үү?

-Насны босго нэмэгдүүлэхээр яригдаж байгааг судлаач бид буруу гэж үзэж байна.  Дэлхийн чиг хандлагыг харахад иргэн хүн хууль, эрхзүйн чадамжтай болсон цагаас эхлэн парламентад сонгогдох эрх нь нээгддэг нь түгээмэл байна. Өөрөөр хэлбэл 18 нас хүрсэн иргэд хууль тогтоох байгууллагад сонгогдох боломжтой болдог нь Баруун Европ, Латин Америкийн ихэнх улсын практикаас харагдаж байна. Зарим улсын хувьд орон нутгийн буюу муж, хотын хуралд сонгогдох насыг харьцангуй доогуур, үндэсний парламентад сонгогдох насыг арай өндөр босготойгоор зааж өгсөн байдаг. Жишээлэхэд, Италид 18 нас хүрсэн хүн орон нутгийн хуралд, 25 нас хүрсэн хүн үндэсний парламентад нэр дэвших эрхтэй болдог бол Бразил, Чили улсуудад орон нутгийн хуралд сонгогдох нас 18, парламентад сонгогдох нас 21 байх жишээтэй. 1992 оны “Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж заасан нь санамсаргүй тоо биш ээ. Гэтэл энэ насны босгыг өндөрсгөх бодитой үндэслэл харагдахгүй байна. Манай үндсэн хуулинд УИХ-д сонгогдох насыг 25 гэж заасан хэдий ч өнгөрсөн сонгуулиудын түүхээс харахад ихэнх гишүүд 40 юмуу түүнээс дээш насандаа УИХ-д сонгогдсон байдаг. Харин 30 хүрээгүй байхдаа УИХ-д сонгогдсон улс төрч тун цөөхөн. Чуулганаар хэлэлцүүлэх явцад энэ заалтыг эргэж харах байх гэж найдаж байна.

ХЭРЭВ БИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ СОНГОСОН БОЛ ӨНӨӨДӨР ДУНДАД АЗИЙН ТҮГЖИГДМЭЛ  УЛСУУДЫН ХЭМЖЭЭНД ОЧИХ БАЙСАН

-Үндсэн хуулийн өөрчлөлт засаглалын талаарх багагүй маргаан  үүсгэж байна. Нэг хэсэг нь Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ялангуяа Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоноос хойш ийм мессеж улс төрд хүчтэй цацагдах болсон. Харин нөгөө хэсэг нь Ерөнхийлөгийн засаглалыг эрс эсэргүүцдэг. Таны хувьд яагаад хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал биш хүчтэй Ерөнхий сайдын засаглалыг дэмждэг юм бэ??

-Засаглалын хямралыг тэр чигт нь Үндсэн хууль руу хамаатуулж болохгүй.  1992 оны Үндсэн хуулийг ардчилсан тогтолцооын үндсийг тавьж өгсөн сайн хууль гэж би үздэг. Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн дараах өнөөгийн нөхцөл байдлаас харахад шилжилтийн эмзэг үед ахмад улстөрчид, депутатууд маань ихэд алсыг харж, хоёр их гүрний дундах жижиг Монгол Улсын аюулгүй байдал, хэтийн төлөвийг бодолцож Үндсэн хуулийг боловсруулсан нь илт харагддаг. Хэрэв бид Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өнөөдөр Дундад Азийн түгжигдмэл  улсуудын хэмжээнд очих байсан. Хямралын үед ард түмний дунд хүчтэй удирдагчийг хүсэн хүлээх хандлага байдаг. Ерөнхийлөгчөөр бурхан мэт хүн сонгочихвол улс орон хөгжинө гэсэн хүлээлт өндөр байдаг ч улс орнуудын түүхээс харахад энэ нь эсрэгээр байх нь олонтаа.

1992 оны Үндсэн хуулийг баталсан түүхэн процессыг харахад маш мэдрэмжтэй сонголт хийжээ гэж бодогддог. Гагцхүү тухайн үед парламентын бүтэц ямар байх уу, Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх үү гэдэг талаар туршлага байгаагүй учраас Үндсэн хуулинд энэ талаарх зарим заалтууд учир дутагдалтай байгаа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарим процедурын шинжтэй жижиг заслуудаа хийгээд суурь үзэл баримтлалыг хадгалаад явах нь зүйтэй болов уу.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.

Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.

Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.

Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.

Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2  тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.

Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.

Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.

Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.

Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.

Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.

Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим