Улс төр
Ч.Өнөрбаяр: Шүүхийн шинэтгэлийн амин сүнс нь шүүхийн хараат бус байдал

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Олон парламент дамнасан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаад МАН хийж чадах болов уу гэдэг хүлээлт бий. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт болон бусад асуудлаар МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байснаар нь ч хүмүүс таних болов уу. Тэрбээр 2017 оноос Оксфордын их сургуулийн хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирж, МУИС, Санхүү, эдийн засгийн дээд сургуулиудад багшлахаас гадна хэд хэдэн судалгааны бүтээлүүд дээр ажиллаж байгаа юм.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд. Таныг зөвлөхийн ажлаа өгөөд Оксфордын их сургуульд багшилж байгаа гэж сонссон. Монголдоо ирээд юу хийж байна вэ?
-2017 онд Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар уригдаж, Үндсэн хуулийн чиглэлээр хамгаалсан докторын зэргээ илүү гүнзгийрүүлж, судалгаа хийж байгаад ирсэн. Оксфордын их сургууль өөрөө дэлхийн хэмжээний сургууль хэр нь Монголын хуульч, эрдэмтдийн ном бүтээл байдаггүй юм билээ. Тиймээс АНУ-д суугаа Элчин сайдын яамныхантай хамтраад Монголын хуульч эрдэмтдийн бүтээлүүдийн дээжээс номын санд нь бэлэглэсэн. Мөн Монголын хуульчдын номын каталог үүсгээд ирсэн. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид багшаас эхлээд хуулийн салбарын нэрт эрдэмтдийн бүтээлүүд багтсан. Цаашид энэ номын сан илүү их баяжаад явах байх. Одоо МУИС болон санхүү эдийн засгийн сургуульдаа хичээлээ заагаад явж байна. Ерөнхийдөө багшлах, эрдэм шинжилгээний ажлаа л хийж байна. Өнгөрсөн хугацаанд бас ажлынхаа хажуугаар амжуулсан нэг зүйл бол хэд хэдэн ном гаргасан. “Хуулийн сургуульд сурсан 101 жил”, Үндсэн хуулийн чиглэлээр салбарынхаа эрдэмтэдтэй хамтарч бүтээл гаргасан байгаа. Мөн 2014 онд “Эрх зүйт” сан байгуулж байсан. Энэ сангийн хүрээнд хэд хэдэн ном гаргасан. Дэлхийн том сургуулиудад Монголын бүх залуучууд суралцаж чадахгүй. Гэхдээ эх хэл дээрээ тэнд үздэг, судалдаг бүтээлүүдийг залуучууддаа уншиж, судлах боломж олгох үүднээс энэ санг байгуулж байсан. Сангийн шугамаар хэд хэдэн сургуулиуд, тэр дундаа Оксфордын их сургуулийн бүтээлүүдийг хэвлэн нийтлэх эрх авч, нийтдээ 20 гаруй ном гаргасан байгаа. Удахгүй бас “Популизм” гэх шинэ бүтээл дээр ажиллаж байна, удахгүй уншигчдад хүрэх байх.
“НИЙГМИЙН ДЭМЖЭЭГҮЙ ЗААЛТУУДЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХАСАХ ХЭРЭГТЭЙ”
-Үндсэн хуулийн чиглэлээр доктор хамгаалсан, сая бас гүнзгийрүүлж судлаад ирсэн гэлээ. Яг энэ цаг үед эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж, удахгүй УИХ-аар хэлэлцэх төлөвлөгөөтэй байх шиг байна. Энэ төсөлтэй нь танилцаж үзэв үү?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эрдэмтдийн багт нь хэсэг хугацаанд ажилласан. Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй зүйл биш. Гэхдээ олон салбар, чиглэлд, томоор нь өөрчлөх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй, өмнө нь ч илэрхийлж байсан. Б.Чимид багшийн хэлснээр “Монгол Улсын Үндсэн хуульд алгын чинээ ч энэ улс бүхэлдээ багтдаг юм шүү” гэж хэлсэн байдаг. Бид томоор нь бус тодорхой болохгүй байгаа асуудлууд дээр өөрчлөлт хийх ёстой. Тэр нь юу вэ гэхээр Засгийн газрыг УИХ-тай харилцах харилцааны асуудал байдаг. Монголын Засгийн газар дунджаар 1,5 жилийн настай байдаг нь өөрөө тогтворгүй байдал үүсгэдэг. Энэ өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол цөм нь байх ёстой. Мөн 2000 оны дордохын долоон өөрчлөлт гээд тэр долоон өөрчлөлтийг янз бүрээр ярьдаг. Энэ өөрчлөлтүүд нь УИХ-ын гишүүдийн олонх нь ирснээр буюу 39 гишүүний ирцтэйгээр эхэлж, энэ 39 гишүүний олонх хууль батална гэх өөрчлөлт. Өөрөөр хэлбэл, 39 гишүүний олонх гэхээр 20 орчим гишүүн хууль батлах эрхтэй болж байгаа юм. Гэтэл энэ 20 гишүүний 10 нь ч юм уу давхар дээлтэй сайд нар байхад парламентын хууль тогтоох эрх мэдэл, хууль тогтоох хүчин чадал нь байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Нөгөө талдаа УИХ-ын ажил бол өөр ажил хийх зорилготой хүмүүсийн явуулын ажилладаг газар биш, байнгын хууль тогтоох зорилготой байгууллага. Түүнээс гадна чуулгандаа суудаггүй, залхуу гишүүдийн чуулган хуралдах өдрийн тоог багасгасан гэх мэт парламентын ардчиллыг үгүй хийсэн, сулруулсан өөрчлөлтүүдийг хийсэн. Эдгээрийг засах, өөрчлөх ёстой юм. Мөн өнгөрсөн хугацаанд байсаар ирсэн Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлж чаддаггүй явдал. Ерөнхий сайдыг, сайд нарыг УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж томилдог байдлыг засах ёстой. Ерөнхий сайд танхимын сайд нараа бүрдүүлэх томилгоонд оролцох оролцоо нь маш бага. Энэ нь өөрөөр парламентад суудалтай улс төрийн намуудын фракциуд Ерөнхий сайдад шахалт үзүүлэх боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, таныг Ерөнхий сайдаар томилсон, одоо энэ хүнийг ийм сайд томил гэх зарчмаар шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг танхимаа бүрдүүлэхээр хамтын зарчмаар ажиллаж чадахгүй, Засгийн газрын нэгдсэн бодлогогүй, алдаа гаргавал хариуцлага тооцох боломжийг нээчихсэн. Энэ нь өөрөө Засгийн газар өөрөө төрийн хэмжээний бодлогыг Монгол Улсын хэмжээнд тодорхойлох, түүнийхээ биелэлтийг УИХ-ын өмнө хариуцах зэрэг Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжихгүй, тунхаг болоод үлдэх бололцоог олгоод байгаа юм. Энэ бүгдийг засахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийг бол би дэмжинэ. Одоохондоо үүнээс өөр зүйл рүү ч орох гээд хэрэггүй. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр бас алдаа гарч болно. Тэгэхээр алдаа гарсан ч бага алдъя л гээд байгаа юм. Оньсон тоглоомыг салгах амархан, эвлүүлэхэд арга ухаан шаарддаг. Яг түүнтэй адил бид Үндсэн хуулийг задлаад тавьж болохгүй.
–Нэг нам дангаараа байхдаа Үндсэн хуульд “гар” хүрэх нь буруу, зөв. Олон намын төлөөлөл байх үедээ батлах нь зөв, нэг нам дангаараа эрх барьж байхдаа өөрчлөх нь буруу гэх мэт дүгнэлтүүд байдаг. Гэхдээ өнгөрсөн парламентын үед олон намын төлөөлөлтэй байхдаа хийж чадаагүй. Одоо олонх хийсний дараа бас л дордохын долоо шиг өөрчлөлт хийвэл яах вэ гэсэн болгоомжлолтой ч хүмүүс байна?
-Үндсэн хууль нь нийгмийн зөвшилцлийн баримт. Тэгэхээр бүх улс төрийн хүчин, иргэдийн оролцоог хангасан зөвшилд хүрч байж нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Энэ удаагийн эрх баригчид “Зөвлөлдөх ардчилал” гээд олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэндээ гарс ирсэн саналуудыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаагүй юм байна гэж ойлгосон. Тэнд хэлэлцэгдээгүй, иргэдийн санал өгөөгүй асуудлыг тусгасан бол энэ нь өөрөө ёс суртахууны хувьд 60 тэрбум, ЖДҮ-д холбогдсон УИХ өөрөө нэмэлт, өөрчлөлтийг хийх хэрэгтэй юу. Үндсэн хуулийг тогтоогч нь ард түмэн. Тиймээс парламент иргэдийн оролцоог бүрэн утгаар нь хангах үүрэгтэй. Одоогийн байгаа төсөлд “Зөвлөлдөх ардчилал” санал асуулгад ороогүй заалтуудыг хасах ёстой л гэж харж байгаа. Түүнээс гадна зайлшгүй нэг харах ёстой зүйл бол Монгол Улс парламентын засаглалаар явах ёстой бол сонгуулийн системээ өөрчлөх ёстой. Үндсэн хуулийн Цэц сонгуулийн системийг мухарласан, гарах гарцгүй болгосон. Тиймээс сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд илүү уян хатан зохицуулах нь зөв. Жижиг тойргоор сонгууль явуулах нь жалга, довны үзлээс салгахгүй. Жишээлбэл, 1500-2000 хүн амьдардаг газар спортын ордон, соёлын төв барина гэх. Энэ бүтээн байгуулалт хэзээ ч нөхөгдөхгүй, ашиглагдахгүй. Эдгээр бүтээн байгуулалтыг дагаа эрчим хүч, өндөр хүчдэл гээд маш их зардлуудыг зарцуулах шаардлага гардаг. Энэ их мөнгийг эргэлтэд ордог, төсөвт мөнгө нэмдэг, хөгжилд хэрэгтэй үр ашигтай зүйлд зарцуулах ёстой болохоос манай, миний тэдэн сум, тойрог гэж сэтгээд байх юм Монгол Улс том утгаараа урагшаа алхаж чадахгүй. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн системийн асуудлыг уян хатан тусгахгүй бол ирэх 2020 оны сонгууль жижиг эсвэл том мажоритар системээр л сонгууль болно. Би
судлаач хүний хувьд 2012 оны 28/48 систем бол Монголын парламентын ардчиллын хамгийн байж болох зөв хувилбар гэж боддог.
“АРД ТҮМЭНД ТААЛАГДАХЫН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬ РУУ НУЛИМЖ, ДАВЖ ГАРЧ БОЛОХГҮЙ”
-Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг батлуулж байсан. Тухайн үедээ энэ шинэчлэлийг хийх ёстой, зөв гарц гээд хийж байсан. Харин одоо бол энэ шинэтгэл хамгийн буруу нь л болоод хувирчих шиг. Таны зорьж, хүсч байсан шинэчлэлийг үгүйсгээд байхаар “өөрийн” гэж харахаас илүү хуулийн талаас нь яаж харж байна вэ?
-Энэ Монголын төрд залгамж халаа гэж байх ёстой. Хэний үед, хэн хийсэн гэдгээс илүү зөв бодлого залгамжлаад явах ёстой, харин бодлогын алдаа байвал түүнийг засч, сайжруулах ёстой. Шүүхийн шинэтгэл нь зөвхөн Ч.Өнөрбаяр, хуучин Ерөнхийлөгчийн ажил байгаагүй. Тэр шинэтгэлийг хийхийн тулд 1000 гаруй хуульч, эрдэмтэд, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон хурал хийж байсан. Энэ худлаа түүх юм уу. Үүний үр дүн болж шүүхийн шинэтгэл хийгдсэн. Үүнийг зангидсан Шүүхийн шинэтгэлийн үндэсний хөтөлбөрийг тухайн үед Үндсэн хуулийн эцэг Б.Чимид гуай ҮАБЗ-өөр оруулж батлуулсан. Үүний дагуу шүүхийн шинэтгэлийн багц таван хууль батлагдсан. Ч.Өнөрбаяр хийсэн зүйл биш Монголын урдаа барьдаг хуульч, эрдэмтэд оролцсон хийсэн.
Одоо өөрчлөх гээд байгаа Захиргааны ерөнхий хуулийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж, МАН олонх байхдаа баталсан, одоо юу ярих гээд байгаа юм бол.
Шүүхийн шинэтгэл бол маш том ололт. Бид заримдаа дэлхий нийтээр шалгарсан туулсан туршлагуудыг бас харж байх ёстой гэж боддог. Шуудхан хэлэхэд өөрсдөө дахиж сонгогдохын тулд улс төрийн оноо авахын тулд Монголоо хорлож болохгүй. Үндсэн хууль руу халдаж болохгүй. Даргын хүүхэд дарга болохгүй, сайдын хүүхэд сайд болохгүй бүгд Монгол Улсын иргэн. Иргэн хүн л зөв амьдардаг, иргэний эрхийг хамгаалж чаддаг хууль шүүхийн үндэс, тогтолцоог бүрдүүлэх нь бидний зорилго байх ёстой. Түүнээс өөрөө улс төрийн оноо цуглуулахын тулд жоомоо алах гээд гэрээ шатаадаг шиг утгагүй зүйл хийж болохгүй юм. Улс төр хийж болно, ойлгож байна. Ард түмэнд таалагдах гэж акц хийж болно, улстөрч л юм чинь. Гэхдээ тэглээ гээд Үндсэн хууль руу нулимж, давж гарч болохгүй. Үндсэн хуулийн хүрээнд улс төрөө хийх нь ардчиллын зарчим.
-МАН олонх байсан үедээ баталсан хуулиа ч үгүйсгэж, одоо өөрчлөх гээд байна.Ялангуяа энэ хууль батлагдахад Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж сайд одоо ч шүүхийн шинэтгэл бол хуулийн салбарыг завхруулсан л гэж яриад байгаа шүү дээ?
-Ямар ч юманд сорилт бэрхшээл гэж байдаг. Хуулийн заалтууд сайн батлагдсан ч амьдралд хэрэгжүүлэхэд алдаа гардаг. Хэрэгжүүлж байгаа хүнээс болох гэх мэт олон шалтгаан байж болно. Тэгэхээр үүнийг засч, залруулаад явдаг жамтай. Монголын хуулийн салбарын маш том алхам байсан, цаашаа үргэлжлэх ёстой. Мэдээж хүний л оюун ухаанаас гарсан учраас алдаа оноогүй зүйл гэж байхгүй учраас дараагийн үе нь засч, залруулаад явдаг зүйл л гэж харж байгаа. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн шийдвэрүүд ил тод болж маргаан өрнүүлэх, шүүмжилдэг, шүүх хуралдааны танхимууд камертай байх, нөлөөллийн мэдүүлэг бөглүүлдэг болсон, шинэтгэлийн амин сүнс нь шүүхийн хараат бус байдлыг хангах зэрэг маш олон бодит үр дүн бий. Үнэхээр үр шимийг нь хүртсэн хүмүүс хэлэх ёстой болохоос нэг, хоёр хүний тэнгэр харж байгаа хийсэн зүйл биш, олон хүний оролцоотой бүтсэн ажил. Тэгэхээр нэг удаагийн зүйл дээр нэг хэсэг хүний алдаатай зүйлээс болж тэр том шинэтгэлийг унагаж болохгүй. Үнэхээр буруутай хүн байвал хуулийн хариуцлага тооцоод явах ёстой болохоос бүхэлд нь харлуулдаг, унагадаг байж болохгүй юм. Шүүхийн тогтолцоо өөрөө Монголын ардчиллын баталгаа гэдэгт би итгэдэг. Заримдаа бидний санах ой маш богино болсон юм уу даа гэж бодож байна. Шүүх бол ардчиллын дархлаа.
“МАН ОЛОНХ БАЙХДАА БАТАЛСАН ХУУЛИА ӨНӨӨДӨР ҮГҮЙСГЭЖ БАЙНА”
-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан нэг хууль бол Захиргааны ерөнхий хууль. Гэвч энэ хууль бас л болохгүй байна, Засгийн газрыг шүүхийн хяналтад авах гээд байна ганц заалттай хууль оруулж ирээд л хэлэлцэж байна, яг энэ цаг үед. Тухайн үед батлахдаа ямар үндэслэл, шаардлага дээр тулгуурлаж баталсан юм бэ?
-Монгол Улс 2005 онд Захиргааны хэргийн шүүхтэй болсон бөгөөд гол ройлсон хүн нь Б.Чимид багш. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийн гол хэрэглэдэг, гартаа барьдаг хуулийг батлаагүй байсан. Жишээлбэл, Эрүүгийн шүүх Эрүүгийн хууль, Иргэний шүүх Иргэний хууль барьж шийдвэрээ гаргадаг. Түүн шиг Захиргааны хэргийн шүүх гартаа барьдаг хуульгүй явсаар ирсэн. Гааль, татвар, даатгал гээд 200 гаруй хуулиар зохицуулагддаг байсан. Энэ бүгдийг нэг стандартад оруулж, 2008 оноос хойш парламент, Засгийн газар дамжиж явсаар батлахгүй байсаар ирсэн. Тиймээс 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч өргөн барьж батлуулсан. Энэ бол том ололт. Үүнийг би ч биш Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, захиргааны хуулийн чиглэлийн доктор Ц.Сарантуяа “Монгол Улс Захиргааны ерөнхий хуулийг баталсан нь өөрөө эрх зүйт төртэй, хуулийн засаглалтай болоход том алхам хийлээ” гэж дүгнэж байсан. Хууль зүйн яам, эрдэмтэн, судлаач, хуульчид оролцож энэ хуулийг боловсруулсан байдаг. Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч хуулийн засаглалд хэрэгтэй хууль байна гэж өргөн бариад батлуулж байсан. Бидний хийсэн гол зүйл бол шүүхийг дагнуулсан. Өмнө нь иргэний шүүгч гэр бүл салалт, хүүхэд үрчлэх, аж ахуйн маргаан зэргийг шийддэг шүүгч газар, лиценз, ашигт малтмалтай холбоотой зөвшөөрөл зэрэг захиргааны хэрэгтэй холбоотой хэргийг шүүнэ гэхээр чанаргүй шийдвэр гаргах, цалгарддаг асуудал байсан. Энгийн нэг жишээ хэлэхэд, жирийн иргэний эрхийг өдөр тутам хэн зөрчдөг вэ. УИХ-ын гишүүн биш Засгийн газрын бүтэц. Өдөр тутам газрын алба, татварын байцаагч, цагдаа гээд дандаа Засгийн газрын хүмүүс. Тэгэхээр
Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хуулийн хяналтанд, хуулийн дор байна уу гэдгийн баталгаа нь Захиргааны ерөнхий хууль. Түүнээс гадна Засгийн газрын Захиргааны ерөнхий хуулийн хяналтаас гаргалаа гэхэд шүүхийн хяналтаас гарч, дураараа дургих юм шиг яриад байгааг нь би ойлгохгүй байгаа юм.
Тийм зүйл байхгүй. Захиргааны хэргийн шүүх байхгүй байсан ч иргэний шүүх хянана. Хуулийн засаглалтай улсад шүүхийн хяналтын гадна Засгийн газар байна гэж байдаггүй тогтсон зүйл. Тэгэхээр Үндсэн хуульд заасан дагнасан шүүхийг бий болгосон. Захиргааны ерөнхий хуулиас буцна гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улстөрчид бол ирдэг, буцдаг. Сайн хууль хийсэн байхад тогтолцоо болоод л үлддэг. Гэхдээ л хүнээс хамаарахгүй тогтолцоо. Монголчууд өөрсдөө хууль, цаазыг дээдлэх уламжлалтай ард түмэн. “Зуд нэг жилийнх, журам 1000 жилийн” гэх хэлц ч бий. Өмнөх Ерөнхийлөгчийн хуулиараа дамжуулж, өв үлдээе гэж Шилэн дансны тухай, Улс төрийн намын тухай, Нийтийн сонсголын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг батлуулсан. Баялгийн сан гэхэд бид өмнө нь Сингапур, Казакстан, Норвеги зэрэг улсын Баялгийн санг судалж, үнэхээр монгол улс уул уурхайн салбар хөгжихөд орж ирэх орлогыг Ирээдүйн өв санд оруулах, хөрөнгө оруулалт, ирээдүйд тодорхой хувь нь үлдэх боломжтой хуулийг баталсан. Айлаас ирэхээр авдраа ух гэдэг, байгаа хуулиудаа судлах ёстой. Будаач, будаач гэхээр сахлаа будав гэгчээр өмнөх хүнийхээ хийсэн зүйлийг харлуулах аа болих хэрэгтэй. Энэ бол хэн нэгний хууль биш Монгол Улсын хууль. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа нэг хүнд биш Монголын төрд зүтгэсэн гэж өөрийгөө боддог.
“НИЙТИЙН СОНСГОЛЫН ХУУЛИЙГ БАТЛААГҮЙ БОЛ ӨНӨӨДӨР ТОМИЛГООГОО СОНСГОЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН”
-Өмнөх өө үгүйсгээд байгаа ч тухайн үед баталсан Нийтийн сонсголын тухай хуулийг одоогийн энэ улстөрчид барьж “гүйгээд” байна л даа. Ялангуяа томилгоон дээр ашиглаад байгаа нь хуулийн үндсэн зорилгыг гажуудуулаад байх шиг?
-Нийтийн сонсголын тухай хууль анх өргөн барьсан хувилбар нь өөр байсан. Ард түмнээс сонгогдсон гишүүд шар хэвлэлийн мэдээлэлтэй бус бодит мэдээлэлтэй байх ёстой гэдэг үүднээс одоо энэ маргаантай байгаа 60 тэрбум, ЖДҮ гээд маш олон асуудлуудаар холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн экспертүүд, шинжээч, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, дараа нь дүгнэлт гаргадаг байхаар мөрдөн шалгах сонсгол гэх заалттай байсан. Гэвч тухайн үед эрх барьж байсан МАН-ын гишүүд УИХ-ыг шүүх байгууллага болгох гэлээ гээд л тэр заалтыг хасч байсан. Гэтэл өнөөдөр УИХ хууль, шүүхийн байгууллагаас ч илүү нөхцөл байдалтай байна шүү дээ. Энэ заалтыг авсан нь Нийтийн сонсголын тухай хуулийн амин сүнсийг авсан л гэж би боддог. Энэ заалт байсан бол энэ олон эргэлзээтэй асуудлыг зөв арга хэрэгслээр нэг талдаа гаргаж болох байсан гэж хардаг. Нөгөө талдаа ямар ч гэсэн энэ хуулийг амьд байлгаж, томилгооны асуудлаар яриа өрнүүлж байна гэдэг нь Монголын ардчилалд хэрэгтэй хууль байсан байгаа юм. Өөрсдөдөө зориулж хийсэн хууль гэж байгаа бол нэг зүйл асууя, энэ хууль тэгээд тухайн үед өргөн барьсан бидэнд, надад ашигтай хууль байсан байна уу. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад сонсгол хийж байна шүү дээ. Тэгэхээр хэн байх нь гол биш зөв юм бол энэ мэт болдог. Жишээлбэл, Шилэн дансны хууль бол маш сайн хууль болсон гэж боддог. Шилэн Цогоо гэхэд өөрийнх нь нам засаг барихад, өөрөө дэд сайд болохоороо шилэн дансаа хөтлөхөө больж болохгүй шүү дээ. Шилэн дансны хуулийн онцлог нь иргэн бүрт хяналтаа тавих эрхийг нь олгож, төр нь төсвийн зарцуулалтаа ил тавьж, шаардлагатай тохиолдолд аудитын байгууллага шалгаж, гомдол гаргасан иргэнд хариу өгөх ийм л хууль. Эргээд харж байхад Шилэн данс, Улс төрийн намын тухай, Нийтийн сонсголын хууль гэх мэт хуулиудыг илүү сайжруулаад явмаар л байгаа юм. Нөгөө талдаа батлуулж чадаагүй маш олон сайн хууль бий. Би бол тухайн үед хийсэн ажлуудаа аль болох зөв зүйл рүү л явсан гэж боддог. Ер нь бол төрийн ажил төрийн ажил хэн нэгний амаар ярьснаар бус цаасаар явдаг. Хуулиар бодлого шийдвэр гаргадаг. Түүнээс нэг дарга хууль ямар хамаатай юм гээд асуудал шийддэггүй биз дээ.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн буруу, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж буруутай гээд л Ц.Нямдорж гишүүн их л ярьж байна. Та бас энэ хүнийхуулийн зөвлөх байсан. Шүүхийн шинэтгэл, хуулийн салбарын завхрал, одоо эрх баригчдын тэмцээд байгаа бүхний буруутан нь л өмнөх төр барьж байсан нам, хүмүүс л болоод байна л даа?
-Хүний сайныг ханилж, морины сайныг унаж мэднэ гэж зүйр үг бий. Хүнтэй хамтарч ажиллаж, бүтээж, нөхөрлөж байж л хүний ямар хүн бэ гэдгийг мэддэг. Түүнтэй адил би Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой таван жил ажилласан. Энэ хүн ямар ч гэсэн Монголоо гэсэн сэтгэлтэй, зарчимтай, улс орныхоо төлөө олон зүйлийг хийсэн л гэж боддог. Гадаад бодлого, хууль, шүүхийн салбар, түүх өв соёл гэх мэт олон зүйл хийсэн. Хүмүүс одоо мартсан л байх, “Ардын үг” хийсэн ажлынхаа тайланг тавьж байсан. Хийсэн зүйлээ ярьсан. Энэ хүний үед ядаж бодлогын маргаан өрнөдөг байсан. Цаазын ялыг халах тухай, шүүхийн шинэтгэлийг явуулах нь, авлига, албан тушаалын хэрэгт хориг тавих нь зөв, буруугийн тухай бодлогын маргаан өрнөдөг байлаа. Энэ бол эрүүл зүйл. Тэр утгаараа энэ хүнээс авах, сурах зүйл бий. Тэр хүн бол Монголын ардчиллын бүтээгдэхүүн. Бид хоёрыг янз бүрээр холбох гэдэг, гэтэл хоёр өөр аймаг, төгссөн сургууль, мэргэжил ч өөр. Гэхдээ биднийг нэгтгэж, хамтарч баг болж ажилласан зүйл бол үнэт зүйл, зарчим нэг байсан гэж боддог. Түүнээс гадна улстөрчид улс төрийн оноог цуглуулахын тулд дайсантай байх хэрэгтэй юм шиг байгаа юм.
-Та хуульч бас багш хүн. Гэхдээ та улс төрд оролцдоггүй, сонирхдоггүй хүн биш. Өнөөдрийн Монголын улс төрийн энэ олон үйл явцуудад дүгнэлт хийж байгаа байх. Популизм, попуудын улс төр өрнөж байна гэх хүмүүс ч бас байх?
-Монгол хүн шинэ зүйлийг хүлээж авахдаа маш сайн. Популизм, дарангуйлал гээд шуураад туйлд нь хүртэл явна гэж бодохгүй байна. Гэхдээ нөгөө талдаа ардчиллаа дэмжиж өгөхгүй байх вий гэсэн зүйлийг бодож байна. Магадгүй жилийн дараа ингэж попилизм биш байж, ажил хэрэг ярь гээд сууж байхыг үгүйсгэхгүй.Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын дархлаа, ялангуяа парламентын ардчиллыг илүү сайжруулаад явах ёстой. Гэхдээ энэ бодит сорилтыг бид давж гарах ёстой. Ямар нэг зүйл хязгаартай байдаг. Ядаж л Үндсэн хуулийнхаа хүрээнд байх. Хуулийн арга хэрэгслээр Үндсэн хуульд нийцсэн зарчмаар улс төрөө хийх ёстой. Түүнээс хууль ямар хамаатай гэдэг үгийг төрийн хүн хэлж байгааг ойлгохгүй байгаа юм. Сонгогдохдоо Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөчхөөд гарсныхаа дараа нулимдаг байж болохгүй.Энэ бүхнийг хараад заримдаа Монголын ардчилалд тулгарах ёстой л сорилт юм байлгүй л гэж бодож байна. Ардчилсан тогтолцоонд өөрийн гэсэн өнгө аястай, сорилт бэрхшээл одоо ч цаашид ч тулгарна.
Ардчилал бойжихын тулд хуулийн дээгүүр гишгэх, мөнгөтэй хүмүүс самрах, буруу тийш нь турхирах гээд зөндөө л зүйлийг туулна. Ардчилал бол алдаагаа засч, улам сайжруулах боломжтой систем гэж би хардаг.
Нэг удирдагч, дарангуйлал гарч ирэхэд асуудал шийдэхэд амархан. Гэхдээ өнгөн дээрээ асуудлыг шийддэг бодит байдал дээр шийдэлгүй үлддэг. Энэ маш том уналт руу оруулдаг бөгөөд уналтын үр шимийг тэр удирдагч биш ард түмэн үүрдэг жамтай. Тэр утгаараа ардчилалд одоо ч итгэл үнэмшилтэй байдаг. Жишээлбэл, Герман улс Гитлер гэх дарангуйлагчийг бий болгож, үр дүнд нь юу болж хувирав. Ийм л төлөөс ирдэг. Ер нь зөв зүйлийн төлөө хүмүүс юу ч хийхгүй байхад муу муухай ялан дийлдэг гэж үг бий. Хэвлэл мэдээлэл, судлаачид, эрдэмтэд өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн талаар дуу хоолойгоо илэрхийлж байх л ёстой. Тэгэхгүй бол нэг мэдэхэд ардчилал нэг зүйлд идэгдээд дарангуйлал гэх зүйлээр зүсээ хувиргасан байхыг үгүйсгэх аргагүй.
-Олон улсын, дотоодын гээд олон судлаачид дэлхий нийтийгпопулизм “нөмөрсөн”, Монгол ч тойроогүй гэх. Өрнөж буй үйл явдлууд ч илүү тодотгож байгаа байх. Та ярилцлагын эхэнд “Популизм” гэдэг ном гаргаж байгааг цухас дурдсан. Та номоороо юу илэрхийлэхийг хүсэв?
-Ардчиллыг дагаж явдаг сүүдэр нь популизм. Ямар цаг үед хүчтэй, сул илрэх үү гэдэг л асуудал. Одоо бол ганц Монгол биш дэлхий дахинд популизмын давалгааны үе болж байна. Европ, Турк, Венесуэл гэх мэт. Ер нь популизм эргээд ардчиллын хөнөөлт дайсан болдог тухай өгүүлэх гээд байгаа юм. Популизм өөрөө ардчилалд хэрэгтэй эсэх гэдэг талаас нь. Популизм өөрөө ардчиллын эмгэг. Өвчнийхөө оношийг зөв тодорхойлох ёстой шиг бид даван туулах ёстой л асуудал.
Зөв онош тавихгүй бол популизм өөрөө ардчиллыг “оршуулчих” аюултай тийм зүйл.
Миний хувийн байр суурь гэхээс илүүтэй олон улсын судалгаа, дэлхийд ямар үйл явц өрнөж байна, тэндээс бид авах сургамжуудыг хөндөж тавихыг л хүссэн.
-Ярилцсанд баярлалаа.

Улс төр
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байна. Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм.
Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулахад оршдог. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байна. Шинээр томилогдсон салбарын сайдуудад амжилт хүсэхийн ялдамд анхааруулах зүйлсийг товч танилцуулья.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙДАД
Гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, яамд хоорондын ажлын уялдаа холбоог нягт зохицуулж, урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах шат дараатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудыг шийдэхийн хажуугаар нүүрсэн дээр тогтож байгаа өнөөгийн бүтцийг халж, илүү төрөлжсөн, олон тулгуурт эдийн засагтай болох ажилд ач холбогдол өгч, илүү хурдавчлуулах шаардлага байгааг өнөөдрийн нөхцөл байдал бидэнд сануулж байна.
Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг үр дүнд чиглэсэн, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, болохгүй байгаа зүйлсийг цаг алдалгүй сайжруулж, өөрчлөх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь үүссэн байгаа энэ орчинд хамгийн чухал болоод байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг төвлөрүүлж, нэг дээвэр дор, хоорондын уялдаа холбоог хангасан нэгдсэн бодлого явуулах боломжийг судалж үзэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГАД
Төрийн албаны дунд, урт хугацааны хөгжлийн зураглалыг бүрэн тодорхойлж, процессын дахин инженерчлэл хийж, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Тэр дундаа, төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг цэгцлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.
Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох талууд, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй.
Ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар салбар дундын уялдааг хангах, хүний нөөцийн бодлогоо зангидах, ойрын ирээдүйд үүсэх ажиллах хүчний хомсдол, технологиос хамааралтай ажлын байрны шилжилт зэрэгт хүний нөөцөө бодлогоор бэлтгэхэд анхаарах ёстой.
Төрөөс үзүүлэх үйлчилгээг төр, хувийн хэвшил болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хувьчлах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-САНГИЙН САЙДАД
Үүссэн байгаа нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харсан, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх шийдэл гаргасан төсвийн тодотгол оруулж ирэх шаардлагатай.
Төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх, шаардлагагүй, тэвчиж болох зардлыг танахаас гадна юуны түрүүнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгө, мөнгийг цаг алдалгүй хурдан, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй.
Эрүүл мэнд, боловсролын салбарыг хөндөхгүйгээр, дунд, урт хугацаанд улс орны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр төрийн албыг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох явцад эдийн засгийн идэвхжил, эрэлтийг анхаарч, эдийн засгийн өсөлтийг агшаахгүй байх тийм тэнцвэрийг олсон шийдвэр гаргах ёстой.
Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ хэрэгжүүлэхийг ард иргэд хүсэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа хүндрэл, гарч байгаа асуудлуудыг хандлагаа өөрчилж, жижиг, том гэж ялгалгүй шийдвэрлэх нь эргээд эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН – ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДАД
Хууль ба журмын зохист харьцааг хангах, хуулиас давсан журмуудыг цэгцлэх хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент энэ өдрүүдэд хэлэлцэж байна.
Хууль батлагдсаны дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд өрнөх учиртай. Мөн хуулийн хэрэгжилтийг хангаж, одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд дахь журам батлахтай холбоотой заалтуудыг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан анхаарч ажиллах ёстой.
Манай улс 1998 онд Улсын Их Хурлаас тогтоол гарган “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр” баталж эрх зүйн шинэтгэлийг 7 чиглэлээр системтэй, цогц, иж бүрэн байдлаар хийж байсан удаатай. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан. Одоо эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь шатыг эхлүүлэх шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрх зүйн шинэтгэл-II хөтөлбөр”-ийг батлуулж хэрэгжүүлэхээр заасан боловч жил тойрч байхад энэ хөтөлбөр Улсын Их Хуралд орж ирээгүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам үүн дээр даруй анхаарч, намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Ингэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, хувийн салбарын бизнес, үйлдвэрлэл, худалдаа, арилжаа, шударга өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн цогц бөгөөд системтэй, логик уялдаатай шинэтгэлийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг тийм эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж шуурхай оруулж ирэх хэрэгтэй.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДАД
Уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өндөр байлгахад нэн чухал ач холбогдолтой Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийн уялдаа холбоог сайжруулах зэрэг нэн тэргүүнд анхаарах асуудлууд бий.
Ялангуяа энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, хуулийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Нөгөө талаараа байгалийн баялаг бол шавхагддаг баялаг. Иймд тогтвортой, хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, хайгуул, олборлолтод ногоон технологи нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллаарай.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДАД
Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын бага хурал буюу COP-17 хурлыг зохион байгуулах ач холбогдол, түүнээс Монгол Улсын байгаль хамгаалалд гадаад улсуудаас оруулах хөрөнгө оруулалтыг өндөр хэмжээнд хүргэн ажиллахад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг өнөөдрийг хүртэл оновчтой боловсруулсан, цаг үедээ нийцсэн хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байгааг анхаарч ажиллаарай.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БОЛОВСРОЛЫН САЙДАД
Боловсролын гол хөдөлгөгч хүчин бол багш. Гэвч манайд багш мэргэжлээр төгсөгчдийн зөвхөн 33 хувь нь багшилж, тэдний 60 орчим хувь эхний 5-8 жилдээ ажлаа орхиж байна. Учир нь залуу багш нарын цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй, орон сууц, эрүүл мэнд, гэр бүлийн дэмжлэг хомс байна.Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, сургалтын хөтөлбөр нь 2012–2014 онд боловсруулсан тул өнөөдрийн технологи, цаг үетэй нийцэхгүй байна. Ирэх хичээлийн жилээс шинэчилсэн, ирээдүйн ур чадварт чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой.
Гуравдугаарт, хот хөдөөгийн, эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй боловсролын тэгш бус байдал улам гаарсаар байна. Алслагдсан орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 7 жилийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын хүртээмжийг тэгшитгэх, цахим сургалтын дэд бүтцийг сайжруулах, “Үдийн цай” хөтөлбөрт дунд, ахлах ангийн бүх сурагчдыг хамруулах, багшийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ гурван чиглэлээр шуурхай ажиллах нь Монголын боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байна.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДАД
Монгол Улсад 2024 оны байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд жилдээ 2.3 их наяд төгрөг зарцуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилтот бүлгийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшинд суурилах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг баримтлах шаардлагатай.
Бид халамжаас хөдөлмөрт гэж олон жил ярьж байгаа. Монгол Улсын ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 62 хүн л хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авах ёстой.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний хүний орлогын албан татварын тухай хуулиудыг өөрчилж хөдөлмөрийн зах зээлийг либералчилж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн болгоныг дэмжих бодлого баримтлах ёстой.
Мөн хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар хураамж маш хүнд дарамт болж байна. Татвар төлөөгүй, нийгмийн даатгалын өглөгтэй гэсэн шалтгаанаар аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг явдал их гарч байна. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, орлого олж төлбөр хураамжаа төлөх, ашиг олох боломжийг олгодог болгох хэрэгтэй.
Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан жилдээ хэдэн зуун тэрбум, цаашдаа их наяд төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр авах тооцоолол бий. Иймд энэ сангийн тогтолцоог сайжруулж, улс төрөөс хараат бус болгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дарамт болж байгаа шимтгэлийг цэгцлэх асуудалд анхаарах хэрэгтэй.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДАД
Төмөр замын бүтээн байгуулалтыг хугацаандаа ашиглалтад ороход онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төв төмөр замыг шинэчлэх, тээврийн уялдаа холбоог сайжруулж, логистикийн төвүүдийг хөгжүүлэх, төрийн өмчит төмөр замын компаниудын бүтцийн давхцалыг арилгаж менежментийг сайжруулах, мөн тээврийн аюулгүй байдал, стандарт, хяналтын тогтолцоог шинэчлэх нь бидний өмнө тулгамдаж буй чухал зорилтууд тул эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын сайдын манлайлал, олон улсын хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо нэн шаардлагатай.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДАД
Сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч, үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд тодорхой ахиц гаргаж ажиллаж чадсан. Цаашид энэ салбарыг өөрөө өөрийгөө тэтгэдэг, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг салбар болгон хөгжүүлэх шинэ сайд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд чадавхаа бэхжүүлэхэд илүү анхаарах, үндэсний өв уламжлал, соёл, өв тээгчдийг бодлогоор дэмжих, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн талаарх залуус, хүүхдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшлийг тогтооход анхаарах хэрэгтэй.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДАД
Хот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.
Мөн Улсын Их Хурал дээр Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах зорилгоор хот дахин төлөвлөлттэй холбоотой ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, анхаарч, дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН – ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД
Сүүлийн жилүүдэд “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” зэрэг бодлогын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр хөдөө аж ахуйн бүтцийн шинэчлэлд бодит ахиц гарч, орон нутгийн эдийн засгийн идэвх сэргэж, хүнсний хангамжийн тогтвортой байдал сайжрах нөхцөл бүрдэж буйг онцлон тэмдэглэх хэлэх нь зүйтэй.
Эдгээр хөтөлбөр нь хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэндийн баталгааг хангах үндэс суурь болж байгаа бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг тогтвортой байлгах, үр дүнд суурилсан дэмжлэгийн тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлага урган гарч байна. Энэ хүрээнд салбарын бодлого, хэрэгжилтийг улам бүр боловсронгуй болгох, нэгдмэл чиг хандлагатай уялдуулахад холбогдох байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал ач холбогдолтой юм.
2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь 8.8 хувь байгааг ойрын жилүүдэд 20 хувьд хүргэхийг зорьж, хөдөө аж ахуйн сэргэлт бий болгох ёстой шүү.
Мөн Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсгээс Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, Хөдөө аж ахуйн тухай шинэчилсэн болон анхдагч хуулиудын төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн амьжиргаа сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал бодитой хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Мөн хүн амын хүнсний хэрэглээний эрүүл, тогтвортой байдалд суурь өөрчлөлт гарч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн урт хугацааны үндэс тавигдаж, хотоос хөдөө рүү чиглэсэн хүн ам, эдийн засгийн урсгал бодитой бий болно.
Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, батлуулахад Хүнс, хөдөө аж ахуйн салбараас идэвхтэй оролцож, зохих дэмжлэгийг үзүүлж, нягт ажиллах нь зүйтэй. Улмаар хуулийг хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах, энэ чиглэлд иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД
Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хиймэл оюунд бэлэн байдлын үнэлгээ хийж, 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатандаа, ахиц дэвшил алгуур байгааг онцолсон байна. Иймд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн бодлого, стратегиа батлуулах ажлаа эрчимжүүлж, гол сорилт болох хөдөө орон нутгийн дэд бүтцийн асуудал, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой алхам хийх хэрэгтэй.
Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг нэвтрүүлэх, дэмжих мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тогтолцоог яаралтай бүрдүүлж, бодит ажил хэрэг болгохгүй бол улс орнуудын хөгжлийн ялгаатай байдал ихсэх, дижитал эдийн засгийн хөгжлөөс хоцрох эрсдэл бийг анхааралдаа авах нь зүйтэй.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД
Цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, найдвартай ажиллагаанд бэлдэж, нэн тэргүүнд 3 дугаар цахилгаан станцын гэмтлийн асуудлыг нарийн тодорхойлж, өвлийн улирлаас өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа яаралтай танилцуулах ёстой.
Улсын Их Хурал дээр Эрчим хүч, дулааны хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус хуулийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцүүлэх, салбарын хуулиудыг жишиг байдлаар батлуулахад идэвхтэй хамтран ажиллах нь салбарын сайдаас ихээхэн шалтгаална. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг дорвитой сайжруулж, эрчим хүчний либерал бодлого барих, эрчим хүчний дутагдлаа арилгах хэрэгтэй.
Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү дэлгэрүүлэх, баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тал дээр ач холбогдол өгөх, байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүсэж байна.
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дээр 3 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж санал дүгнэлтүүдээ гаргаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүд хийсэн байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Тухайлбал, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй тохиолдлын 30-40 хувь нь хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй, амбулаториор тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой тохиолдлууд гэж дүгнэсэн байна. Энэ мэт нөхцөл байдал нь эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг хянах, зардлын үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.
Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо хэмжээнд тулгуурласан, тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.
Монгол Улс эрүүл мэндийн даатгалын хураамжийн хувь хэмжээгээр хамгийн бага улсуудын нэг хэвээр байгаа нөхцөлд санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг хүн амын өргөн хүрээний тусламж үйлчилгээнд яаж оновчтой хуваарилах вэ гэдэг асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна. Үүний тулд бодлогын шинэ санаачилга, ийдэл гарган ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хот хөдөөгийн ялгааг арилгах, тусламж үйлчилгээний зардлын давхардлыг шийдвэрлэх, хэрэгтэй хүнд нь цаг алдалгүй хүргэдэг байх тийм санхүүжилтийн загвар хийх эрх зүйн орчин бүрдүүлэх санаачилгыг Улсын Их Хурал дэмжиж ажиллана.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025.06.18
Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ням-Осорын Учрал;
2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан;
3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд;
4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сандагийн Бямбацогт;
5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг;
6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан;
7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Лхагвын Мөнхбаатар;
8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням;
9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут;
10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Батын Батбаатар;
11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр;
12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир;
13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан;
14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам;
15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгалан;
16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр;
17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Энхбаярын Батшугар;
18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн;
19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг тус тус томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэллээ.
Тэрбээр “Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Иймд эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, улс орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Засгийн газрын гишүүд Та бүгдээсээ эрхэмлэн хүсье.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, үнэнч, шударга, хариуцлагатай, манлайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд монгол хүний хөгжлийг бодлогынхоо төвд нь тавьж, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Мөн Засгийн газрын тэргүүний хувиар кабинетын зарчмыг чанд мөрдөж, Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж, асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдмэл байр суурьтай ажиллах ёстойг хариуцлагатайгаар сануулъя.
Улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж, аль нэг намын эрх ашгийг төлөөлөх бус Засгийн газрын нэг танхимын гишүүн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, сэргэн мандсан хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе” гэлээ.
Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо