Нийгэм
С.Зориг агсны оролцож байсан “Уулзах цаг” нэвтрүүлгийн хэсгээс

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг асан С.Зориг 1962 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлжээ. Тэрээр амьд байсан бол өнөөдөр 57 нас хүрэх байсан юм.
Түүх сөхөж, талийгаачийн 1990 онд “Уулзах цаг” нэвтрүүлэгт оролцож байсан ярилцлагын хэсгээс хүргэж байна:
-Тантай уулзаж, танилцах, ярилцах хүмүүсийн тоо их өссөн байж таарна. Цагт харам болчихсон энэ үед чухам юунаас цагаа ихээр харамлаж байна вэ?
-Их ярих дуртай хүмүүстэй уулзахад. Тэр хүний үзэл бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг. Гэхдээ түүнийгээ товчхон, голыг нь илэрхийлж чадахгүй, нуршаад хоёр цаг яриад суухад тэндээс нь авах юм 10-20 минутын л яриа байдаг. Тийм үед их цаг алддаг.
-Өөр?
-Өөр, замд их цаг алдаж байна. Явсаар байтал, нэг тийшээ юм хөөцөлдөж яваад, нөгөө тийшээ яваад, замдаа 30-40 минут, өдөрт аваад үзэхэд 2-3 цаг зөвхөн замд алдчихдаг. Нөгөө талаас техник, холбоо их муу хөгжсөн. Энэ бүх зүйлээс болоод асар их хэмжээний цаг алддаг.
-Машинтай болъё гэж бодож байна уу?
-Машинтай байх ёстой гэж бодоод л машинтай болчихдог юм биш. Амьдралын хэв маяг, хурдац нь тийм юманд сургадаг. Гэхдээ ямар машин барих вэ гэж бодох хэрэгтэй л дээ.
Албаных ч байж болно, хувийнх ч байж болно. Түүний тулд манайд хүнд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй, хүнд өмчийг нь өгөх хэрэгтэй. Тэр хүн ажлаа бүтээхэд машин хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэрийг авахын тулд яах хэрэгтэй юм? Наад зах нь 40 мянган төгрөг, үгүй бол сүүлийн үеийн машин чинь 50 мянган төгрөг. Москвич гарсан гэж байгаа. 50 мянган төгрөг одоогийн нөхцөлд хүн олж чадах уу? Үгүй шүү дээ. Одоо миний сарын цалин гэхэд аспирантурынх 650 төгрөг гэж байгаа. Жилд би найман мянган төгрөг авч байна гэж бодъё. Хэдэн жил цуглуулах вэ? Таван жил юу ч идэхгүй, хувцаслахгүй, байранд амьдрахгүй, агаарт жингүйдэж байгаад 40 мянган төгрөг цуглуулаад, тэгээд энэ хангамжийн баазад машин байвал очер захиад, арын хаалгаар яваад бүтвэл би машинтай болно.
-Та өдөрт хэдэн цаг ажилладаг бэ?
-Тэрийг ялгахад хэцүү л дээ.
Аль нь ажил юм, аль нь амралт юм. Ерөөсөө ялгаа байхгүй. Амралт нь ажил, ажил нь амралт. Ер нь тийм юм байна лээ. Хүний хийж байгаа ажил өөрийнх нь санаанд нийцэж байвал түүний зааг алга болдог. Харин хүн дургүй, тэр хүний сэтгэхүй, биеийг нь боолчилсон ажил хийж байгаа бол яг тодорхой найман цаг хийдэг.
Найман цаг бол ажил нь, дараа нь илүү цагаар ажиллавал тэр нь бас ажил, бусад үе нь яг амралт. Харин ажил, амралт нь нийцсэн, нэг хэв маяг болчихсон хүн тийм зааг ялгаагүй болдог. Тэр хүн ядарна гэвэл зөвхөн бие махбод талаасаа л ядарна. Тэгэхээр биеийнх нь нөөц шавхагдаад ядарч болно, бусад зүйлээс бол ядрахгүй.
Таны хувьд тэгэхээр хамгийн дуртай, өөрийнхөө сэтгэлд нийцсэн ажлаа хийж байгаа гэж хэлж болох нь, тийм үү?
-Үгүй ээ, хамгийн дуртай гэх нь ч юу юм. Би бол улс төр судлаач. Тийм учраас тэр бол мэргэжлийн ажлынхаа нэгийг нь л хийж байна гэсэн үг.
Нэг ийм түүх байдаг юм л даа. Америкт нэг фирм байдаг юм байна, пүүс. Тэр нь Зөвлөлтийн дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга нь очоод шалгасан байгаа юм, тэр хүний оюуны чадавхыг нь тестээр шалгаад үзсэн чинь их өндөр гарч байж.
За, энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна. Тэгээд л 4-5 үйлдвэрээр орсон чинь ажилд авдаггүй. Тэгээд нөгөө хэд нь сандраад, юу болсон юм бол гээд тестийг нь хараад шалтгааныг нь аваад үзсэн чинь нэг л асуултад буруу хариулсан байж. “Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?” гэж. Түүний нэгдэл 5,000 хүнтэй байсан. “Би 5,000 хүн удирддаг” гэж хариулснаас нь хойш авахаа больчихдог.
Яагаад гэвэл Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол утгагүй зүйл. 5,000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл Зөвлөлт үнэхээр удирддаг байсан. Тийм учраас 5,000 хүн удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог.
Америкчууд яагаад ойлгоогүй вэ гэхээр тэнд бол нэг том үйлдвэрийн дарга дөрвөн хүнийг л удирддаг, дөрвөн орлогч. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Тэгэхэд хүнд амар. Нэг хүн дөрвөн хүнийг л сайн удирдаж чадна. Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хараахан бас бүтэхгүй байна. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй учраас дөрөв биш, арван хэд ч юм уу, 20- 30 болчих гээд байна л даа.
-Хувь хүний өөр өөрийгөө олох, өөрийгөө удирдах чадвар тэр тохиолдолд их нэмэгдэх ёстой юм байна шүү дээ, тийм ээ?
-Өөрийгөө зохион байгуулах чадвараас гадна тэр хүний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Тэгээд ер нь зохион байгуулалт байх ёстой. Түүнийг нь хангасан санхүүгийн материалын нөхцөлүүд нь байх хэрэгтэй. Нөгөө талаас нь тэр хүний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Сүүлийн үед сонгодог хөгжим, агуу их хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, сонгодог дууны урлагт нэлээд сонирхолтой болж. Дуурийг би өмнө нь нэг их ойлгодоггүй байсан.
Гэхдээ сүүлийн үед сонсоод байгаа. Тэр бол агуу урлаг гэдэг нь тодорхой. Сонгодог бүжиг үзэх их дуртай. Ер нь бүх сонгодог зүйлсийг хүн төрөлхтний авьяас, аливаа нэг үеийнх нь туйлын дээд хэмжээг харуулсан үе гэж болж байна. Түүнтэй харьцсан өөр урлаг байдаг бол түүнд тэмүүлдэг. Хүн төрөлхтний хамгийн сайн сайхантай харьцсан хүн чинь хэзээ ч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол яг тохирсон нөхцөлд хүн сонслоо гэхэд хэзээ ч тэр урлагийг муу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бол бичиг үсэгтэй адилхан, тэрийг ойлгодог аргыг нь мэдэх хэрэгтэй.
Жишээ нь, хүүхдэд ном өглөө гэхэд бичиг үсэг мэддэггүй юм чинь үзээд зургийг нь харна, үсгийг нь ойлгохгүй шүү дээ. Ямар агуу юм байгааг нь мэдэхгүй. Харин бичиг үсэг зааж өгөөд, уншаад сурчихвал саяны тэр сонгодог хамгийн сайн бичсэн бүтээлүүдийг нь өгөхөд тэр хүүхэд ерөөсөө салахгүй уншина шүү дээ. Багадаа бид яадаг байлаа даа.
-Тэгэхээр та өөрийгөө ойлгох тэр аргыг зохих хэмжээгээр олчихсон гэж бодож байна уу?
-Тэрийг 100 хувь хэзээ ч олж чадахгүй л дээ. Гэхдээ энэ мэт олох, танин мэдэх үйл явц үргэлжилж байгаа, тэр нь улам тэлж байна. Тийм юм мэддэг хүмүүстэй уулзаад, тэдгээр хүмүүс надад үүнийг ойлгох аргуудыг зааж өгч байна, ийм маягаар хандвал гэж. Тэгэхээр тэнд юуг яаж илэрхийлж байгаа бүх дотоод зүй тогтлууд нь гарч ирж байна. Яг л бичиг үсэг тайлахтай адил.
-Ухаан, аввяас хоёрын хооронд ялгаа гэж байх уу?
-Ухаан бол өөрөө авьяас л даа.
-Сэтгэл их хөдлөх үед яруу найрагч хүн бол үзгээ шүүрч аваад, шүлгээ бичдэг. Танд шүлэг ч юм уу, сайхан юм бичих юмсан гэж бодогддог уу?
-Залуудаа янз бүрийн юм хийж байсан байх. Одоо бол цаг зай алга л даа. Тэгээд энэ улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй. Шүлэг бичдэг хүн бол асар их сэтгэлийн хөдлөлийн өндөр түвшинд, дээр нь гарч ирээд оргилж байх үед юмаа бичдэг. Бид бол сэтгэлээ барих ёстой хүмүүс юм. Сэтгэлээ бариад, оюундаа сэтгэлээ захируулах ёстой.
-Гэхдээ хүн юм чинь сэтгэл хөдлөл нь түүгээрээ баярлаж, хөөрч байгаагаа илэрхийлэгдэж болно. Үргэлж сэтгэлээ барьж байх хэцүү юу?
-Хэцүү гэх нь ч, амархан гэх нь ч юу юм бэ. Тэгэх ёстой, өөр аргагүй юм.
-Өнөөдөр, одоо энэ их хэцүү ажил шүү гээд халширмаар тийм ажил байдаг уу?
-Халшрах ажил ч юу байх вэ, улс орны байдал маань л их хэцүү байна даа.
Одоо энэ шилжилтийг давах бол хамгийн хэцүү үе нь. Тэрийг яаж давах вэ гэдэг хамгийн хүнд асуудал болж байна. Гэхдээ Засгийн газар зохих байр суурь, ажлын хөтөлбөр гаргаад явах байх.
Би Засгийн газрын гадна байгаа учраас гаднаас нь ажиглаад юу болж байна, зөв алхам хийж байна уу, буруу алхам хийж байна уу, яах ёстой байсан юм – тэр талаар алдаа хийвэл зөвлөж өгөх ч юм уу, ер нь болох чиглэлээрээ түүнд нь тус дөхөм болохыг оролдоно.
Гэхдээ хүн болгон яг өөрийн байрандаа байгаа учраас тэр байрных нь эрх хэмжээ нь түүндээ зохицсон байна. Түүнээс илүү хийж чадахгүй. Гүйцэтгэх байгууллагын ажлыг би шүүрээд хийж чадахгүй шүү дээ.
Миний хийх ажил бол жишээ нь Ардчилсан холбоондоо зохион байгуулалтын ажил хийх ч юм уу. Үгүй бол парламент, үгүй бол гадаад харилцаа, НҮБ-ын зарчмуудыг парламентын гишүүдээр дамжуулж хэрэгжүүлэх, ийм зорилтыг шийдвэрлэх.
Энэ чиглэлээр гол юмаа хийж чадна шүү дээ. Нөгөө талаас Засгийн газрыг хараад зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу, бага хурал ч юм уу, түүнд зарим үед нь нөлөө үзүүлэх бололцоо байвал нөлөө үзүүлэх замаар ингэж л оролцоно.
-Улс төр судлаач болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?
-За ёстой бүү мэд ээ, физикч болох байсан байх.
Та өнөөдөр ээжтэйгээ, дүүтэйгээ гурвуулаа амьдарч байна, тийм үү?
-Бас ахынх, хоёр тийшээ явдаг л даа. Ахын хүүхдүүд нь гэр бүлээрээ. Би өөрийн байргүй учраас хоёр тийшээ нүүж явдаг, нүүдэлчин аймаг болчихсон. /Инээв/
-Тэгвэл энэ гэр бүлийн амьдралд таны үүрэг гэвэл юу байх вэ?
-Миний юу? Өглөө гардаг, орой ирдэг л үүрэгтэй байна.
-Ирж хонодог уу?
-Тийм ээ, ирж хонодог. Гэхдээ бас хааяа юм ярьж өгдөг, санал бодлоо хуваалцдаг.
Хүний сэтгэлийн хамгийн сайхан мэдрэмж, сайхан хэсэг нь юу вэ? Сэтгэлийн хөдлөлүүд нь гэх юм уу даа…
Хүнд итгэх явдал хамгийн чухал. Анх харангуутаа л “Өө энэ чинь одоо яасан нүдэнд хүйтэн нөхөр вэ” гээд л зарим хүмүүс тэгдэг шүү дээ.
Анхнаасаа тэр сэтгэгдэл нь өөр болчихдог. Үгүй бол ингээд л манай хүмүүс гэж ёстой авах юм байхгүй, ерөөсөө хүмүүжилгүй, бүдүүлэг, соёлгүй ч гэдэг юм уу, энэ ингэсэн, тэгсэн гэдэг. Ер нь хүнд итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа, монголчууд цөөхөн. Тийм учраас байгаа 2 сая хүн дотроо бие биедээ итгэж байж бие биенээ татаж байж хөгжинө шүү дээ. Итгэл ерөөсөө байхгүй.

Нийгэм
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.
Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.
УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам, дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Нийгэм
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Нийгэм24 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ