Нийгэм
Б.Махбалд холбогдох хэргийг шууд шүүхэд шилжүүлсний учир юу вэ?
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан ч гурав дахь удаагаа хойшилсон билээ. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 09.30 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-гөөс 10-нд шилжих шөнө гарч, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед мэдээлж байв.
Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэхүү зүйлд “Хүний амь насыг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗҮГЭЭС ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ГЭВБ.Махбалд холбогдох шүүх хурал гурван ч удаа хойшлогдож, хэрэг улам бүр сунжирсаар байна. Дээрх хэргийг шалгах хугацаанд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг энэ хэргээс болж цаг бусаар өөд болсон бөгөөд хохирогч талын хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр тогтоогдсон юм. Харин өмгөөлөгчдийн зүгээс Б.Махбалд оноох ял, хэргийн зүйл ангийг нэмэгдүүлэхийг хүсч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа аж.
Энэ талаар хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх “Энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөлтэйгээр зүйлчилж байсан. Гэсэн ч прокурор маш яаралтай 10.1 болгож хөнгөрүүлээд, шууд шүүх рүү шилжүүлсэн. Хөнгөрүүлэх байдалтай нь бидний зүгээс танилцаад, санал гомдлоо гаргасан боловч огт авч хэлэлцээгүй. Бидний хүсэлтийг нэг ч удаа авалгүйгээр маш хурдан шүүхэд шилжүүлчихсэн. Хуулийн дагуу бол хэрэг шалгаж дууссаны дараа мөрдөгч хохирогч талаас “Та бүхэн ямар санал гомдолтой байна”, мөн прокурор нь хэргийг хянаж байгаа учраас гомдол байна уу гэх зэргээр асуух байсан хэдий ч шууд алгасаад шилжүүлчихэж байгаа юм.
Прокурортой уулзаад хүсэлт гаргах гэсэн боловч “Уучлаарай, бид шүүх рүү шилжүүлсэн. Хүсэлтээ шүүхэд гарга” гэсэн. Бидний зүгээс энэхүү хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөөч гэх байсан. Учир нь нэмэлт мөрдөн байцаалт хэд хэдэн үндэслэлээр явагдах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.