Нийгэм
“Дарханы замыг хэсэгчилж хаана, одоогоор газар чөлөөлөх болон түр замын ажил хийгдэж байна”
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр 2018 онд Засгийн газраас гарсан байдаг.
Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэрлэсэн юм.
Дарханы замыг бүтнээр нь хаахгүй
Дарханы зам барих ажлын явцын талаар Зам тээвэр, хөгжлийн яамны зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
Мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа.
Энэ Баасан гарагт ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж зам дагуух трасст орсон барилга байгууламжийг чөлөөлөх асуудлаар сумын удирдлагуудтай уулзалт хийнэ.
Үндсэн замын ажил түр зам гаргаж дууссны дараа эхэлнэ. Дарханы замыг бүтнээр нь хаахгүй. Хэсэгчилж хааж замын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 2-5 километрээр хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн байгаа. Өөрөөр хэлбэл, 2 километр үндсэн замыг хаасан үед түр замаар зорчоод эргээд үндсэн зам руугаа орж явна” гэсэн мэдээлэл өглөө.
Тус замын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар шийдвэрлэсэн. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж.
2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төсөлд зориулагдах юм.
64 объектыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай
Түүнчлэн газар чөлөөлөх ажилд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө мөнгө шийдэж өгч байсан юм.
Энэ талаар “Газар чөлөөлөлтийн ажилд 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталж өглөө. Үүний дагуу бид 64 объектыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа ба үүнд орж буй холбооны, цахилгааны шугам гэх мэт шугамуудыг зөөх ажил эхлэхээр болж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэх юм. Ингэснээр Дарханы замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байна” хэмээн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна.
Харин наадам, цагаан сарын баярын үеэр өдөрт 12,300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй авто зам юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.