Нийгэм
420 гаруй мянган иргэн “АЮУЛГҮЙН ТАЛБАЙ”-гаа мэдэж авлаа
Монголын гурван сая иргэний тал хувь нь амьдардаг нийслэл хотод 29 жилийн дараа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт хийлээ.
Сүүлийн 10 жилд 260 мянган удаа газар хөдөлж, жил ирэх тусам газар хөдлөлтийн идэвхжил огцом нэмэгдэж байгаагаас дадлага сургуулилт хийх зайлшгүй шаардлага буйг харж болно. Гурван өдөр үргэлжилсэн дадлага сургуулилтын эхний өдөр нийслэл, дүүргийн удирдах бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиогоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бол өчигдөр нийслэлийн 1.5 сая иргэний ухамсар, хандлага, мэдлэг мэдээллийг сорьсон багахан хэмжээний “дайн” боллоо.
Иргэдийг аливаа гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах бэлтгэлтэй байлгахын тулд ажил, сургууль эхлэх цагийг хойшлуулж, замын хөдөлгөөнийг бүрэн хааж ОБЕГ болон НЗДТГ-аас цөөнгүй зохион байгуулалтыг хийсэн юм. Иргэд 08:00 цагт зарлан мэдээллийн 60 дуут цамхгаар дамжуулсан дуут дохиогоор орон байрнаасаа гарч, өөрт хамгийн ойр байрлах аюулгүйн талбайд очив. Онцгой байдлын байгууллагаас аюулгүйн талбайн байршил бусад зааварчилгааг урьдчилан өрх бүрт тараасан нь сайшаалтай.
Иргэдийн хувьд нүүн шилжих дадлага сургуулилтад идэвхтэй хамрагдлаа. Хэдийгээр гэрээс гарахдаа чухал бичиг баримтаа авах, хэд хоногийн хүнсээ бэлтгэх зарим нэг мэдээлэл дутмаг байсан ч дуут дохиогоор орон байраа яаралтай орхиж гарах, аюулгүйн талбайд очиж бүртгүүлэхээ мэдэж авсан нь хамгийн том дэвшил байлаа. Иргэдийн дийлэнх нь газар хөдөлбөл даацын ханаа налаад доошоо суух, хаалгаа онгойлгох, намдахаар нь баруун гар талаа бариад тайван явах. Аюулгүйн талбай дээр очоод дэргэдэх хүндээ туслах, анхны тусламж үзүүлэх зэргээр заавал аврагчдыг хүлээхгүйгээр аюулгүй байдлаа хангах аргад суралцаж, мэдэж авсан. Ер нь төрд гомдоллож, аврагчдыг хүлээгээд суух биш иргэд дор бүрнээ хариуцлагатай байх л хамгийн чухал гэдгийг ойлголоо гэцгээж байв.Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр нүүн шилжих дадлага сургуульд 3,200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцсон гэх урьдчилсан тоон мэдээлэл гарчээ. Өөрөөр хэлбэл, 420 мянган иргэн сургуулилтаас олж авсан мэдлэг мэдээллээ гэр бүл, найз нөхөд, хамт олондоо түгээнэ. Хамгийн чухал нь хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөн сүлжээгээр мэдээлснээр Монголын гурван сая иргэн гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй болсон гэж ойлгож болно.
Иж бүрэн дадлага сургуулилалтын бас нэг онцлог нь иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зургаан дүүрэгт зохион байгуулсан явдал юм. Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, майхан, 100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байрыг тохижуулсан байв. Үүнд 3,000 гаруй иргэнийг хамруулж газар хөдлөлийн бодит аюулыг биеэр мэдрүүлсэн гэж хэлж болно.Олон жилийн дараа зохион байгуулсан гамшгийн сургуулилалтыг шүүмжлэх хүмүүс мэр сэр байсан ч иргэдэд өгсөн өгөөж, мэдлэг чадвартай харьцуулбал хумсын толио ч хүрэхгүй хар цэг байсныг онцлох ёстой. Угаас хорвоогийн бүх зүйл таалагддаггүй багны цаанаас шүүмжилдэг хэсэг бүлэг байсаар ирсэн. Цаашид ч байх биз. Тиймээс хэдэн өдөр, сараар нойр хоолгүй бэлтгэж, хэдэн мянган иргэнийг удирдаж үр дүнтэй ажилласан онцгой байдлынхан болон гамшгийн сургуулилтад гар бие оролцсон бүх хүнд алга ташсан нь илүү олон байсныг хэлэх нь зүйтэй. Харин иргэд энэ удаа олж авсан мэдлэг мэдээллээ улам бататгаж, ойр тойрныхондоо түгээх нь хамгаас чухал юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.