Нийгэм
Хүчирхийлэлд өртсөн 13 охиныг Үжин “эмчилжээ”

Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхдүүд өнөөдөр уйлж байна. Тэд эцэг эхийн хайрыг үгүйлж байна. Тэднийг сонсдог, урамшуулдаг, дэмждэг, тэдэнтэй ярилцдаг эцэг эхийг үгүйлж байна. Мөн тэдний дуу хоолойг сонсохыг ч хүсч байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулан хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцсан юм. Энэ үеэр хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төвд сэтгэл санааны нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй хоёр охин сэтгүүлчидтэй нээлттэй ярилцсан юм.
Тэд 15-17 настай бөгөөд хэдхэн сарын өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн ажээ.
Хүнд хэцүү санагдсан үедээ хэрхэн цаашид амьдрахаа мэдэхгүй, ямар хүсэл мөрөөдөлтэй гэдгээ ч умартан үхэхээс өөр бодол төрдөггүй байсан бидний амьдралыг “Үжин” төвийн багш нар гэгээлэг, зорилго, тэмүүлэлтэй болгож өгсөн. Энэ төвийн багш нар биднийг сонсдог, урамшуулдаг, дэмждэг, бидэнтэй ярилцдаг. Өнөөдөр хүүхдүүд эцэг эхийн хайр халамж дутаж байна, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, тэднийг сонсдоггүй энэ байдлаас болоод хүүхдүүд гэмт хэргийн золиос болж байна. Бид том болоод сэтгэл засалч болон цагдаа болж хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх болно хэмээн дуу хоолойгоо зоригтой илэрхийлсэн билээ.
Зоригтой гэж хэлж буйн учир нь энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон хүүхдүүд сэтгэл санааны хувьд маш хүнд амьдралыг даван туулж буй. Учир нь, Монгол Улсад өнөөдөр үйлчилж буй хууль, дүрмээр энэ төрлийн кейстэй хэргийн буруутай этгээдэд хариуцлага тооцоод ерөнхийдөө хаадаг. Харин хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ тэр тусмаа сэтгэл санааны нөхөн сэргээх үйлчилгээ дутмаг байгааг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй нийт хүчирхийллийн 70 гаруй хувийг бэлгийн хүчирхийлэл эзэлж байна. Бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хойд эцэг, нагац ах гэх мэт ураг төрлийн, хамаарал бүхий хүн болох хөрш айлынхан үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Нийгмийг цочроосон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд бие махбодыг нөхөн сэргээх үйлчилгээнээс гадна сэтгэл санааны нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай хэрэгцээтэй байгааг үндэслэн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Үжин” төвийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл санааны нөхөн сэргээх эмчилгээ хийдэг дагнасан байгууллага болгон 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн туршиж байна. Өнөөдрийн байдлаар тус төв нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн 13 хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийж, тэдний амиа хорлох эрсдэлээс нь аварч, ирээдүйг нь гэрэл гэгээтэй болгож байна.
“Үжин” төвийн зохицуулагч С.Буянхишиг: ” Манай төв бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийдэг болж, энэ чиглэлд дагнасан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 13 хүүхэд үйлчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 7-17 насны долоон хүүхэд урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байна. Зургаа нь эмчилгээ ерөнхийдөө дууссан гэж үзээд холбогдох байгууллага, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Сэтгэл заслын эмчилгээ маш урт хугацаа шаардагддаг. Дээрээс нь энэ төрлийн гэмт үйлдлийг ураг төрлийн холбоотой хүмүүс үйлдэж байгаа тул хохирогч хүүхдүүдийг гэр бүлийн орчноос нь тусгаарлан байгууллага дээрээ амьдруулан эмчилгээ хийдэг. Бид энэ бол албан байгууллага гэхээсээ илүүтэй гэр бүлийн дулаан уур амьсгалыг хүүхдүүд мэдрээсэй гэж хүссэндээ гэр бүлийн орчныг бүрдүүлэхийг хичээсэн” гэв.
Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв нь зургаан хүүхдийн хүчин чадалтай ч гэсэн хэрэгцээ шаардлага нь гараад тусламж ирсэн бүх хүүхдүүдэд үйлчилдэг гэдгийг хэлж байсан юм. Тус төвд гурван нийгмийн ажилтан, нэг зохицуулагч, СЭМҮТ-ийн сэтгэл засалч нэг эмч, сэтгэлзүйч, шаардлагатай тохиолдолд хоёр өмгөөлөгч, нэг прокурор ажиллаж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар: “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бие махбодын хувьд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байсан бол сэтгэл заслын эмчилгээ, сэтгэлзүйг нь засан сайжруулах, нөхөн сэргээх ажил өнөөдрийг хүртэл огт хийгдэж байгаагүй. Хүүхдүүдэд сэтгэл санааг нь нөхөн сэргээх хэрэгцээ шаардлагыг нь үндэслэн бид нээлттэй тендер зарлаж, улмаар “Үжин” төвийг сонгон шалгаруулан энэ чиглэлд дагнасан хамгаалах байрыг бий болгосон. Одоогоор бид туршилтын журмаар ажиллуулж байна. Энэ хугацаанд бидэнд юу ажиглагдсан вэ гэхлээр энэ төвд ирээд 90 хоног сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж оношлогдож байсан, амиа хорлох тухай үргэлж бодож, оролдлого хийдэг байсан хүүхдүүд эмчилгээний 74 дэх хоног дээрээ амьдралыг гэгээлгээр харж, зорилго, тэмүүлэлтэй болж эхэлсэн. Тус төвд эмчлүүлж байсан охиныг эмчилгээний явцад шинжихэд тэр охин “Би яг өөртэйгөө адил хүүхдүүдэд туслах асрамж, халамжийн төв байгуулна, дээрээс нь би нүүр будагч болно. Учир нь манай эгч дүү нар хөөрхөн харагдаасай гэж хүсч байна. Мөн би сэтгэлзүйч болно. Бүх хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгмөөр байна. Мөн би сэтгүүлч болмоор байна. Ийм зүйл байж болохгүй гэдгийг энэ үйлдлийг хийх гэж байгаа хүмүүст ойлгуулмаар байна” гэж ярьсан нь энэ төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн мянга, мянган хүүхдэд хэрэгцээтэй байгаа гэдгийг харуулж байна.
Иймээс энэ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлэх, хохирогч болсон хүүхэд бүрт хүрч үйлчлэхийг зорьж байна. Хоёрдугаарт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг өмгөөлөх өмгөөлөгч нарын мэдлэг чадвар сул байна. Иймээс энэ хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан мэргэжлийн 12 өмгөөлөгчийг сонгон шалгаруулж авсан. Энэ төрлийн хэрэгт энэ 12 өмгөөлөгч ажиллана. Өөрөөр хэлбэл, нэг хэрэгт хоёр өөр шүүх ялгамжтай хандаад байгаад цэг тавина. Нөхөн сэргээхтэй холбоотой зардлыг буруутай этгээдээс нөхөн гаргуулж авдаг байх стандартыг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 21 аймагтаа 3-4 өмгөөлөгчийг сонгон шалгаруулж аваад, дээрх 12 өмгөөлөгчөөрөө дамжуулан орон нутгийн өмгөөлөгч нарын сургахаар төлөвлөж байна” гэв.
Дөрвөн настай, 10 настай гээд насанд хүрээгүй охид бие, сэтгэлийн эдгэшгүй шарх авч үлдэх, хамгийн ихээр хайрлуулах, энхийрүүлэх ойр дотны, ураг садныхаа “тэнэгүүдэд” дур хүслийг нь хангах “хэрэгсэл” болж хувирав. Үүнд хэн буруутай вэ. 1992 оноос хойш гэр бүлийн асуудал төр захиргааны байгууллага гэж огт байхгүй явсан, хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдүүдтэйгээ ажиллана уу гэхээс түүнийг өсгөн хүмүүжүүлж буй гэр бүлтэй нь ажилладаггүй байсан нь олон судалгаагаар харуулдаг. Өнөөдөр хэнд ч гэр бүл хэрхэн төлөвлөх, эцэг эхийн хариуцлага гэж юу вэ, нөхөн үржихүй, бэлгийн амьдралтай холбоотой боловсролыг хэн ч олгож байгаагүйн гайгаар хүүхдүүд гэмт хэргийн золиос, тэр дундаа хүчирхийллийн золиос болж байна гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна.

Нийгэм
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.
Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.
УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам, дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Нийгэм
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр15 цаг өмнө
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай