Нийгэм
Н.Цэрэнханд: Хорооны хэсгийн ахлагч гэдэг бол хороо, иргэн хоорондын гүүр болох үүрэгтэй
Энэ удаагийн ярилцлагийн буландаа ХУД-ийн 15-р хорооны хэсгийн ахлагч Н.Цэрэнханд-тай уулзаж түүний ажлын нэг өдөртэй танилцлаа.
– ХУД-ийн 15-р хорооны 16-р хэсэг хэдэн хүн амтай, ажлын ачаалал хэр байдаг вэ?
– Хан-Уул дүүргийн 15-р хороо нь 25,000 хүн амтай, нийслэлийн 152 хороноос хамгийн их хүн амтай хороо юм. Миний хувьд Хан-Уул дүүргийн 15-р хорооны 16-р хэсгийн 350 өрх, 1,500 хүн амыг хариуцаж ажилладаг. Хүн амын тоо жил ирэх тусам нэмэгдэж түүний хэрээр ажлын ачаалал ихсэж байна. Гэхдээ хорооны хэсгийн ахлагч гэдэг бол хороо, иргэн хоорондын гүүр болох үүрэгтэй учир иргэн бүрт хүрч ажиллахыг хичээдэг.
– Хэсгийн ахлагчаар ажиллахын хүндрэл, бэрхшээлтэй тал нь юу байдаг вэ?
– Хэсгийн ахлагч хүн иргэн бүрт, өрх бүрт хүрч ажиллах нь чухал. Мэдээж хүндрэл бэрхшээлтэй үе байдаг. Орон сууцны айлууд тэр бүр гэртээ оруулах нь ховор, хаалганы завсараар л ихэвчлэн харьцдаг. Бас өдөр ажлын цагаар хүнгүй байдаг болохоор өглөө, оройн цагаар айлуудаар явж мэдээллээ хүргэх шаардлага гарна. Оройн цагаар зориод очиход амгалан тайван байдал алдагдууллаа гэж уурлаж бухимдах иргэд бас байдаг. 16-р хэсгийн орон сууцнууд ихэвчлэн лифьтгүй байрууд байдаг болохоор шатаар байнга дээш, доош өгсөж уруудах нь бага зэрэг хүндрэлтэй санагддаг даа.
– Өнөөдөр таны хувьд ямар ажлыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?
– Орон нутгийн хөгжлийн сангийн саналыг Smart UB аппликейшн ашиглан авах ажил Хан-Уул дүүргийн 4, 6, 9, 15-р хороонд 4 сарын 8-наас эхлээд 5-р сарын 8-ны хооронд явагдаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр би 16-р хэсэгтээ үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуй нэгж, дэлгүүр, эмийн сан зэрэг газруудаар орж ОНХС-гийн санал асуулгын зурагт хуудас наах, биечлэн зарим иргэнээс саналыг авах ажлыг төлөвлөсөн байгаа.
– ХУД-ийн 15-р хороонд ОНХС-ын саналыг SmartUB aппликейшнг ашиглан авах ажил явагдаж байгаа гэлээ. Таны хариуцаж хэсгийн хувьд санал асуулгад оролцож буй иргэдийн оролцоо хэр байна вэ?
– Миний хувьд хариуцаж буй 16-р хэсгийн өрх бүрт ОНХС-ын санал асуулгын талаарх мэдээллийг ерөнхийдөө бүрэн хүргэсэн байгаа. Хааяа нэг ахмаддуудаа эргэнгээ саналуудаа авч байна. Ойрын үед нийслэлийн дүүрэг, хороод дээр Цэрэг татлага, ОБЕГ-ийн гамшгийн сургуулилт давхцаад санал асуулгын ирц муу байгаа . Уг нь санал авдаг аргыг шинэчлэн, ухаалаг утас ашиглан саналаа өгдөг болсон нь маш их цаг хэмнэсэн үр дүнтэй ажил болж чадсан. Гэвч санал асуулгад оролцох иргэдийн оролцоо, идэвх, санаачлага бага зэрэг тааруу байна даа гэж харж байна. Тийм болохоор иргэдээ идвэхжүүлэх ажлыг сайн хийнэ гэж бодож байна.
– ОНХС-ын хөрөнгөөр өнгөрсөн онд 16-р хэсэгт ямар ажлыг хийж гүйцэтгэсэн вэ? Энэ жилийн хувьд санал асуулгад оролцож буй иргэд ихэвчлэн ямар саналуудыг өгч байна вэ?
– Өнгөрсөн онд ОНХС-ийн хөрөнгөөр гэрэлтүүлгийн ажлыг хийсэн. Иргэдээс ихэвчлэн зам засвар, камержуулалтын ажил дээр саналаа өгч байна. Мөн энэ хавьд арьс ширний үйлдвэрүүд үйл ажиллагаа их явуулдаг. Үйлдвэрээс гарах эвгүй үнэрийг багасгах, үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шийдвэрлэж өгөх саналыг иргэд их ирүүлж байна. Миний хувьд ч гэсэн 16-р хэсгийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдүүлж чадвал хэсгийн ахлагчаар ажиллаж буй ажлын минь үр дүн гарах болно. Тийм ч учраас хэсгийнхээ иргэн бүрийг санал асуулгадаа бүрэн хамруулахыг хичээж ажиллах байна.
Эх сурвалж: Цэгц медиа
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.