Нийгэм
“Singapore school of Mongolia” сургуулийн хоолны газарт хийсэн шинжилгээний хариу гарчээ
Энэ сарын эхээр SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарч, 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж ЭМЯ-наас мэдээлж байсан. Энэ дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singapore school of Mongolia” /SSM/ сургууль болон хоолны газарт дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.
Тус сургуулийн хоолны газрыг УНЭТО трейд ХХК нь түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байна.
УНЭТО трейд ХХК-ийн хоолны газраас лабораторийн шинжилгээнд 8 нэрийн хоол, 13 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, 9 орчны эд зүйлсийн арчдас, өрөөний агаар, төвлөрсөн шугамын унд, ахуйн ус, будаа агшаасан ус, шүүсэн ус тус бүр нэгийг авч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлжээ.
Хоолны газарт 182 хүн хоол идсэнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 84 хүн байсан. Үүнээс ХӨСҮТ-д 48 хүн хэвтэж эмчлүүлсэн, гэрээр өрхийн эмчийн хяналтанд 38 хүн эмчилгээ хийлгүүлсэн байна.
Лабораторийн шинжилгээний хариу:
Боловсруулсан 7 нэрийн хоол, 2 нэрийн хүнсний бүтээгдэхүүн, арчдасны 1 буюу 11.1 хувь, шүүсэн усны дээжинд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нянгийн бохирдол их гарсан байна.
Нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас шигел /Shigella Flexner 1a/ илэрсэн нийт хүний тоо 44 байна. Үүнээс сурагч 34, багш 8, гал тогооны 2 ажилтан байжээ.
Төвлөрсөн шугамын унд ахуйн ус нь хими, нян судлалын шинжилгээгээр холбогдох стандартын шаардлага хангасан байна.
Тахианы мах нийлүүлэгч 4 аж ахуйн нэгж /Импортлогч болон ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч/-ээс тахианы махыг дээжинд авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт нь Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартын ерөнхий шаардлагыг хангаж байна.
ДҮГНЭЛТ
Тархвар зүйн тандалт судалгаа, өвчтөнд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, эпидемийн муруй, нууц үеийн хугацаа, эмнэл зүйн лабораторийн нян судлалын шинжилгээний дүнг үндэслэн Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш, сурагчдын дунд гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нянгаар (Shigella spp) үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарчээ.
УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн бүтэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдлийг нэмэгдүүлсэн байна.
УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажилчид /тогооч, бэлтгэгч нар/ гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.