Нийгэм
Хүн яагаад хүүхэд хүчирхийлдэг вэ?
Сүүлийн үед нийгмийг бухимдуулах хүүхдийн хүчирхийлэл, хүчингийн хэргүүд ар араасаа цуварсаар байна. Эхний ээлжинд, үйлдэж байгаа гэмт этгээдүүд яагаад ийм аймшигт үйлдэл хийгээд байна вэ, яаж ийм хүмүүсийг ирээдүйд бий болгохгүй байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй мэт. Тэд ямар амьдрал, бага насыг туулсан болохоор ийм болж байна вэ? 72 цагийн турш хоёр хүүхдээ тамалсан гэх хойд эцгийн тухай нийтлэлд багадаа өөрөө яг тэгж тамлуулж байсан тухайгаа ярьсан талаар дурджээ. Одоо бидний сэтгэл зүрхийг зүсэж буй хоёр хүүхдийн байдалд тэр өөрөө ч гэсэн байж үзсэн гэсэн үг. Харин тусламж дэмжлэг авах боломжгүй явсаар өнөөдөр өөрөө хүчирхийлэгч болсон уу? Хүчирхийлэгчийн талаар сэтгэл зүйч А. Хонгорзулаас товч хэдэн асуулт асуулаа.
-Хүчирхийлэл дунд байсан, өссөн хүмүүс яагаад жигших биш ирээдүйд өөрөө хүчирхийлэгч болж өсөх, аль эсвэл энэ үйлдлийг даган дуурайдаг вэ?
– Хүчирхийлэлд өртсөн хүн бүр хүчирхийлэгч болдоггүй. Гэхдээ судалгаанаас харахад дийлэнх нь хүчирхийлэгч эсвэл харилцааны ямар нэгэн асуудалтай болох өндөр магадлалтай. Гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл нь тухайн хүний өөртөө итгэх итгэл рүү дайрч байдаг. Хүүхэд ямар нэг байдлаар өөрийгөө илэрхийллээ гэхэд эцэг эх нь шоолж, шоглож эсвэл загнаж тухайн хүүхдийн илэрхийлэмжийг үгүйсгэдэг. Энэ нь тухайн хүүхдийн хүн болон төлөвшихөд сөргөөр нөлөөлж байгаа юм. Зүрх сэтгэл, оюун ухаандаа цочрол авсан хүүхэд том болоод өөрөө хүчирхийлэлт үйлдэл гаргах магадлалтай.
Хүчирхийлэл эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүсдэг бөгөөд хүүхдийг өөрөөсөө сул дорой, жижиг, хүн биш гэж дорд үздэг. Тухайн хүчирхийлэгч хаа гудамжинд явж буй танихгүй хүн рүү дайрахгүй, эсвэл найз руугаа зандрахгүй, зөвхөн гэртээ ирж өөрийн хүүхэд рүүгээ дайрдаг . Тиймээс энэ бол ухамсарт үйлдэл. Хүчирхийлэлд байсан хүмүүс эрүүл аюулгүй харилцаа гэж юу байдгийг мэдэхгүй өссөн байж болно.
Хүчирхийлэлд амьдарсан хүн бусадтай хэрхэн яаж эрүүлээр харилцахыг мэдэхгүй, өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй, их төвөгтэй. Санал нийлэхгүй байгаа зүйлээ илэрхийлэхдээ хүчээр илэрхийлэх гээд байдаг. Өөрийн сэтгэл зүйн таагүй байдлын хариуцлагыг бусдад нялзаадаг. Өөрийн мэдрэмж, бодолдоо хариуцлага хүлээнэ гэдгийг суралцаагүй байдаг. Бусад хүмүүсээс, эд зүйлсээс бурууг хайдаг. Хамгийн өөрт ойрхон, гарын дор, амархан үгэнд орох хүн бол гэрт байгаа хүүхэд.
Тухайн хүчирхийлэгчийн өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа сул дорой байдал, нийгмийн харилцаанд орохоос айх айдас зэрэг нь янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж байдаг.
-Бага насандаа хүчирхийлэл үзсэн хүүхдийн ямар нь зүгээр амьдраад ямар нь хүчирхийлэгч болоод байгаа талаар мэдээлэл байдаг уу?
– Хүүхэд насны хүчирхийлэл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл бүгд л сэтгэцийн гэмтэл учруулдаг. Гэхдээ энэхүү гэмтэл цочрол нь тухайн хүний амьдралд, нийгмийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаална.
Зарим хүмүүс энгийн эрүүл харилцаатай, найз нөхөдтэй байж л байдаг. Илүү хүчирхэг болсон байх ч тал бий. Энэ нь тухайн хүний даван туулах үйл явцтай холбоотой. Нөгөө талаас зарим нь эрүүл харилцааг огт мэдэхгүй, өөрт төрж буй сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таньж илэрхийлж сураагүй байдаг. Тийм учраас аливаа асуудлыг түргэн шийдэх арга бол уур уцаар гэж боддог.
-Багадаа хүчирхийлэл үзсэн, хүчирхийлэлтэй орчинд амьдарсан, сэтгэлзүйн, сэтгэцийн хямрал, гэмтэлд ороод тусламж дэмжлэг авч чадаагүй том болсон хүмүүс засрах боломжтой юу?
– Мэдээж бүрэн засарч цав цагаан цаас шиг болохгүй. Харин өнгөрсөн үйл явдлыг хүлээн зөвшөөрч одоо ба ирээдүйд түүний зан үйл амьдралд нь хэрхэн яаж сөргөөр нөлөөлж байгааг ойлгож ухамсарлавал тухайн бага насны үйл явдлыг дурсамж болгох боломжтой. Ингэхийн тулд удаан хугацааны тууштай сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдсанаар өөрийгөө ойлгох, таних, илэрхийлэх, өөрийгөө хайрлах аргад суралцаж улмаар нийгэмд хэрхэн эрүүлээр харилцаанд орохыг суралцах боломжтой.
Асуудлыг шийдэх, стрессийг эрүүлээр даван туулах аргад суралцах хэрэгтэй. Өөрийн дотоод хүнтэйгээ нүүр тулан айдсаа даван туулах хамгийн чухал. Өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшилээ тогтоож таны өнөөгийн үйлдэл тань энэ үнэт зүйлд хэр нийцэж байна вэ гэдгээ бас тунгаах хэрэгтэй.
-Ямар нэг хүчирхийлэлд автсан хүмүүс ямар байдалтай амьдардаг вэ?
– Хүчирхийллийн үед сэтгэл хөдлөл давамгайлж ухамсартайгаар аливаа үйлдлийг бодож тунгаах, шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдог. Өөрийн бие, сэтгэл зүй, оюун ухааныг мэдрэхгүй байх, мэдэрхүйд өөрчлөлт орно. Хүчирхийллийн үед оюун ухаан “хаагдаж”, улмаар бусад ямар нэг стресстэй үед энэ “хаалттай” байдал нь даван туулах арга болно.
Бид шүдээ угаахдаа автоматаар угаадаг шүү дээ, аль гараараа сойзоо барьж шүдээ хэрхэн угааж байгаагаа бид анзаардаггүй, мэдэрдэггүй. Мөн, нохой дайрахад бид автоматаар гүйх, хашгирах гэх зэрэг үйлдэл гаргадаг. Яг үүнтэй адил сэтгэл зүйн гэмтэл цочролд орсон хүний мэдрэхүй хаагдмал болно. Өөрөөр хэлбэл, өөрийн мэдрэмж, мэдэрхүйгээсээ тусгаарлагдана гэсэн үг юм. Бодит амьдралд бодитоор хандах чадвараа алдана. Тухайн хохирогчийн сэтгэл зүйн байдал одоо цаг дээр байж чадахгүй, зөвхөн өнгөрсөн хүчирхийлэлт орчин, үйл явдал дээр “гацсан” байдаг.
-Хохирогч хүмүүст ямар өөрчлөлт гардаг вэ?
– Сэтгэл зүйн хувьд: гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг, сэтгэл гутрал, айх, сандрах, цочих, нойргүйдэл, хар дарж зүүдлэх, түгших, байнгын “хэт хөөрлийн” байдалд байх , гэнэт хэт сэтгэлээр унах.
Зан үйлийн өөрчлөлт: эрүүл аюулгүй харилцааг хэрхэн бий болгохоо мэдэхгүй, бусадтай хэрхэн эрүүл харилцахаа мэддэггүй, гэр эсвэл сургуулиас дайжих, сурлагад өөрчлөлт гарах, эрэгтэй хүнээс айх, зайлсхийх, ямар нэг сөрөг зан үйлд донтох, орондоо шээх (бага насны хүүхэд). Хийх дуртай байсан үйлдлээ хийж чадахгүй байх, санаатайгаар болон санамсаргүйгээр нийгмийн харилцаанаас зайлсхийх гэх зэрэг багтана.
Оюун санааны хувьд: хүчирхийлэлт өнгөрсөн үйлдлүүд гэнэт бодогдох - тухайн үйл явдал болж буй мэт хүчтэй бодол, мэдрэмж, мэдрэхүйг мэдрэнэ. Өнгө дуу хоолой, чимээ, үнэр гэх мэт бүгд яг л тухайн орчинд орсон мэт бодол байнга эргэлдэнэ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр47 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр48 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм45 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна