Нийгэм
Шат ахисан “Бүс ба Зам” илүү ашигтай
УГ САНААЧИЛГЫН ҮР ДҮН, ҮЙЛ ЯВЦЫГ ДАХИН ХЭЛЭЛЦЭХ ЦАГ ИРЖЭЭ
Бээжин “Бүс ба Зам”-д 700 тэрбум ам.доллар “цутгаад” байна. БНХАУ-ын удирдлагууд өрнө, дорныг хэлхэхээр ийн хамаг хүчээ дайчилж буй ч хээл хахууль, хүний эрхийн зөрчил, хөгжиж буй орнуудын өрийн дарамт зэрэг сүүдэр энэ төслийн хоолойг боомилж, ирээдүйд нь эргэлзээ төрүүлэх болсон юм.
Үүнтэй зэрэгцээд Зүүн өмнөд Азийн орнуудад сонгуулийн мөчлөг эхэлж, бүс нутгуудын худалдаа, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх учиртай энэ төсөл улстөрчдийн хэрүүлийн алим болчихоод байна. Одоогоор тус санаачилгад нэгдсэн долоон орон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой шүүмжлэл дагуулж, зарим нь төслөө цуцлах хүртэл арга хэмжээ авч эхэллээ. Евразийг эдийн засгийн бүслүүрээр холбох энэ санаачилгыг тойрсон саар мэдээллүүд хөврөхтэй зэрэгцээд чихэнд чимэгтэй сайн мэдээллүүд ч зогсолтгүй урсаж байна.
2018 оны байдлаар БНХАУ болон уг санаачилгын гишүүн орнууд хоорондын нийт худалдаа зургаан их наяд ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өслөө. Уг санаачилгыг сонирхсон болон нэгдсэн орны тоо жилээс жилд өссөөр буй өөдрөг үзүүлэлт ч бий. Мөн дэд бүтэц, үйлдвэржилтийн шинэ бүтээн байгуулалтууд ар араасаа ашиглалтад орж, улс орнуудын хөгжилд эергээр нөлөөлж эхэлсэн. БНХАУ-ын банкууд энэ санаачилгын хүрээнд 440 тэрбум ам.долларын зээл олгоод байна гэж тус улсын төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ.
• БНХАУ-ын банкууд энэ санаачилгын хүрээнд 440 тэрбум ам.долларын зээл олгоод байна гэж тус улсын төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ.
• Хятад юанийн ханшаа ирэх жилүүдэд тогтвортой барихаа амласан нь урд хөршөөс их хэмжээний юанийн зээл авлаа гэхэд ханшийн дарамтад өртөх магадлалыг бууруулав.
• Шат ахисан, шинэчлэгдэн сайжирсан энэ санаачилгад Монгол Улс идэвхтэй хамрагдаж чадвал бидэнд хоцрогдол бус хожил болох бус уу.
БНХАУ-ын санаачилсан энэ төслийн тухай эерэг, сөрөг мэдээллүүд ийн дэлхийгээр ид хөвөрч буй энэ үед “Бүс ба Зам”-ын дээд хэмжээний чуулган БНХАУ-ын Бээжин хотод болсон юм. Гараанаас гараад хэдийн зургаан жил болчихоод буй Евразыг дамнасан худалдааны замыг дахин байгуулах төслийн үр дүн, үйл явцыг дахин хэлэлцэх цаг ирчихээд байгаа. Тиймээс дээд хэмжээний чуулган ч шинэ санал санаачилга, өөр уур амьсгал дор болж өнгөрлөө. Нэр хүнд нь сүүлийн үед сэвтэх болсон “Бүс ба Зам”-д итгэх итгэлийг сэргээхэд БНХАУ-ын удирдлагууд анхаарч буй нь чуулганаар ил болов.
2018 оны байдлаар БНХАУ болон уг санаачилгын гишүүн орнууд хоорондын нийт худалдаа зургаан их наяд ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өслөө.
Энэ хүрээнд зургаан жилийн турш замнасан замаа эргэн харж, “Бүс ба Зам” төслийн үйл явцыг дахин тодотгож, эрс шинэчлэн хэрэгжүүлэхээ уг санаачилгын “автор”, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин мэдэгдлээ. Ингээд зогсохгүй төслийн санхүүгийн урсгал, зарцуулалтыг шилэн болгож, авлигаас ангид байлгахад онцгой анхаарна. Бас байгальд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг зүтгүүлэхээ мэдэгдсэн нь “Бүс ба Зам”-ын хүрээнд урьд өмнө нь сонсож байгаагүй шинэ өнцөг, танил биш санаачилга байлаа.
Үүнээс гадна энэ төслийг хөгжиж буй орнуудыг өрийн занганд оруулах БНХАУ-ын арга заль гэж зарим улс шүүмжилдэг. Гэтэл дээд хэмжээний чуулганаар хятад улс юанийн ханшаа ирэх жилүүдэд тогтвортой барихаа амласан нь урд хөршөөс их хэмжээний юанийн зээл авлаа гэхэд ханшийн дарамтад өртөх магадлалыг бууруулав. Мөн урд хөршийн санаачилгыг төдий л тоодоггүй байсан Австри, Швейцар, Сингапур, Япон, Франц, Канад, Испани, Нидерланд, Бельги, Итали, Австрали зэрэг хүчирхэг орнууд нэгдэж эхэлсэн нь бусад оронд итгэл дагуулж байна. Барууны орнууд ийн эргэн харж эхэлсэн нь “Бүс ба Зам” дахь хятадын ганцаарчилсан тоглолтыг хязгаарлаж, учирч болох эрсдэлийг багасгана гэж шинжээчид таамаглаж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэлхий дахинд 2013 онд гэнэт танилцуулсан энэ санаачилгад эргэлзэх, өрийн дарамт, хятадын атганд орох вий хэмээн цөөнгүй орон өнгөрсөн жилүүдэд болгоомжилж байсан нь үнэн. Гэхдээ олон жил үргэлжилсэн эргэлзээ одоо эхнээсээ тайлагдаж байна.
БНХАУ өнгөрсөн жилүүдэд тив дамнасан эдийн засгийн энэ интеграцчилалдаа аль болох олон орныг хамруулж анхаарч, хүрээгээ тэлэхээр зорьж байв. Тиймээс урин дуудсан, урам зориг өгсөн мэдэгдлүүдийг ар араасаа хийж байсан бол одоо илүү ажил хэрэгч хандахаар ханцуй шамлаж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, “Бүс ба Зам” санаачилга хөгжлийн шат ахиж, илүү ил тод, илүү эрх тэгш, илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй болж өөрчлөгдөхөөр байна. Ингэснээр ирэх жилүүдэд илүү чамбай “Бүс ба Зам” санаачилга Евразид хэрэгжинэ гэсэн үг.
“Бүс ба Зам”-ыг эдийн засгийн зургаан коридор зангидаж буйн нэг нь Монголыг дайрч байгааг бид мэднэ. Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбох энэ коридорын хүрээнд бүтцээ сайжруулж, авто болон төмөр замын төслүүдээ урагшлуулахаа зорьж байгаа. Гэхдээ бид өнөөг хүртэл энэ санаачилга даган мэндэлсэн санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татаж чадаж, мөнгөний урсгалаас хүртэж чадаагүй л яваа. Гэтэл биднийг тойроод “Бүс ба Зам”-аар овоглосон бүтээн байгуулалтууд сүндэрлэж, Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахаар бүтээн байгуулалт өрнүүлээгүй өдий хүрсэн.
Монгол Улс бүс нутгийн энэ хөгжил дэвшлээс хоцорч, говийн ганц айл шигээ торойгоод үлдсээр буйдаа битүүхэн гуниглах болсон нь үнэн. Гэтэл гутарч, толгойгоо гудайлгах цаг хараахан болоогүй аж. Учир нь “Бүс ба Зам” өмнөх алдаа дутагдлаа засаж сайжруулан, цоо шинэ өнгө төрх, дэг журамтайгаар эргэн ирэх гэж байна. Хэрэв шат ахисан, шинэчлэгдэн сайжирсан энэ санаачилгад Монгол Улс идэвхтэй хамрагдаж чадвал бидэнд хоцрогдол бус хожил болох бус уу.
Ирэх жилүүдэд илүү чамбай “Бүс ба Зам” санаачилга Евразид хэрэгжинэ
150 гаруй улс, олон улсын байгууллагыг нэгтгэсэн “Бүс ба Зам” санаачилга бол дэлхийн хэмжээний төсөл. Энэ санаачилгын зах зухаас нь зүүгдэж, жаахан хэрчмээс хүртэхэд л тэр нь бидэнд чамлахааргүй орлого болно.
Эдийн засгийн коридорын хүрээнд бид авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийн гол төслүүдээ урагшлуулахаар зүтгэж буй. Гэтэл энэ аварга санаачилгад дижитал торгоны зам, эрчим хүчний шугам сүлжээ гээд зөөлөн, хатуу бүх төрлийн хэлхээ холбоо багтсаар буй.
Тухайлбал, дижитал торгоны замын хэлхээ холбоотой хэлхэгдсэнээр монголчууд дэлхийн инновац, технологийн урсгалтай нэг замд орж чадна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцохдоо эрчим хүчний хамтын ажиллагааг онцолж, “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг хөндсөн нь ийм учиртай. Эрчим хүчний шугам сүлжээнд Монгол Улс холбогдлоо гэхэд энэ нь бидэнд өргөн боломж дагуулна.
Бид “Бүс ба Зам”-ыг авто болон төмөр замын хэдэн төслөөр төсөөлж, түүнийгээ зүтгүүлсээр ирсэн. Хил хязгааргүй боломжийг дагуулсан Евразийн интеграцчилал бидэнд зөвхөн дэд бүтэц гэлтгүй хамтын ажиллагааны шинэ төсөл боломжуудыг ч санал болгож буйг анхаарах цаг нэгэнт болжээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр46 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр47 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм43 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна